Ерөнхий сайдаа, Төв цэвэрлэх байгууламжийг бүү мартаарай
2016/04/21
Урин цагтай зэрэгцэн Улаанбаатар хот өмхий үнэрт дарлуулж эхэлдэг. Уг нь Ерөнхий сайд 2016 оны хавар хамгийн эхний бүтээн байгуулалт төв цэвэрлэх байгууламж байх болно гэж мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар ажил гүйцэтгэх гэрээ ч байгуулагдаагүй байна.
1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон. Энэ нь нийслэлчүүдийн толгойны өвчин болоод байгаа. Харин асуудлын гол шийдэл Шинэ цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл өнгөрсөн оны 11 сард гарсан. Цаасан дээрх ажил цэгцэрсэн учир хавартай зэрэгцэн бүтээн байгуулалт эхлүүлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст даалгасан ч ажил болсонгүй. Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх нь ч тодорхойгүй байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын яриаг эргэн сануулья. “Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш, хот дангаараа энэ асуудлыг давахад хүндрэлтэй. Засгийн газар оролцож, дэмжиж хамтарч ажиллах ёстой. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийж байгаа /2015 оны 11-р сард/ бөгөөд 2016 оны нэгдүгээр сард бүрэн дуусахаар бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй” гэж хэлж байв.
Эхний ээлжинд хотыг өмхий үнэрт автуулаад байгаа лаг буюу задгай асгаж хатаадаг ялгадас цэвэрлэх ажлыг АСЕМ-аас өмнө амжуулахаар тооцоод байгаа. Энэ ажилд улсын төсвөөс нийтдээ 8.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэлийн захирагчийн ажлын алба шууд гэрээ байгуулах замаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулна. Өөрөөр хэлбэл 8.1 тэрбум төгрөгийн ажил тендер зарлахгүйгээр гүйцэтгэгч байгууллагыг сонгох ёстой. Гэвч тодорхой шалтгаангүйгээр ажил эхлээ ч үгүй байна. Хотын ерөнхий менежер асуудал шийдэгдээгүй учир мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Харин иргэд хүлээсээр...
Товчхондоо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт өмхий үнэр дунд явагдах магадлал үүсээд байна. Учир нь АСЕМ-ын уулзалт болоход үндсэндээ 3 сарын хугацаа үлдлээ. 3 сарын хугацаанд ажлыг хэрхэн амжуулах талаар мэдээллийг албаныхан нууцалж байна гэхэд болно.
Төв цэвэрлэх байгууламжид өдөртөө 1000 метр куб лаг буюу ялгадасыг задгай талбайд асгадаг. Энэ нь 16 вагон ялгадас хотын захад задгай асгагддаг гэсэн үг. Задгай асгаж хатаадагаас үүдэн хот даяараа өмхий үнэрт авддаг. Судалгаагаар 14 км радиуст өмхий тараадаг болохыг баталжээ. Ялгадас задгай талбайд 3-4 жил өмхий үнэр ханхалуулдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 3 жилд хуримтлагдсан 1 сая гаруй тонн лаг ялгадасыг АСЕМ-аас өмнө үнэргүй болгох ёстой болсон. Хэрэв амжихгүй бол АСЕМ-ын хүндэт зочидын анхны сэтгэгдэл өмхий үнэр болно. 7-р сард төв цэвэрлэхээс ялгардаг өмхий үнэр эд үнэртдэг үе. Мөн Чингис хаан нисэх онгоцны буудал төв цэвэрлэхийн салхин доор байрлаж байгаа. 8.1 тэрбум төгрөгөөр нэг удаа цэвэрлээд авлаа гэхэд төв цэвэрлэхийн байгууламжаа шинэчлээгүй тохиолдолд үнэргүй Улаанбаатар ихдээ л ганцхан жил болно. Тиймээс цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаравчлуулах хэрэгтэй.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болоход 312.5 сая долларын хөрөнгө шаардлагатай гэж тооцсон. Энэ нь Монгол мөнгөөр 600 гаруй тэрбум төгрөг болно. Шинэ байгууламж Олон улсад ашигладаг битүү орчинд лагийг боловсруулна. Лаг боловсруулах явцад шатамхай хий гаргаж дулаан цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэсэн цахилгаан дулаанаар төв цэвэрлэх байгууламж өөрийн хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Өдөртөө 250 куб метр бохир ус цэвэрлэх чадамжтай болно. Энэ нь цаашдаа 2040 он хүртэл ямар ч асуудалгүй байх юм. Улсын эдийн засаг хүнд байгаа үед 600 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах боломжгүй. Ерөнхий сайдын хэлсэнчлэн олон жил шаардсан бичиг цаасны ажилгүйгээр хэзээ ажил эхлэх вэ. Өнөөдөр эхлүүллээ гэхэд бүтээн байгуулалтын ажил 2-3 жилийн хугацаа зарцуулна. Тэгэхээр дахин 8.1 тэрбум төгрөг зарцуулах шаардлага үүснэ.