Хуулийнхан пакистаны иргэдийг террористуудтай андуурч хорьжээ
2013/09/10
“Олон улсын хэмжээнд хүний амь насыг санаатай хөнөөсөн, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан” гэх Пакистан улсын гурван иргэнийг манай цагдаагийн байгууллага баривчилсан талаар нэг хэсэг дуулиан болж байв.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын эхээр ЦЕГ-аас тус мэдээллийг хийж байлаа. Гэвч Пакистан улсын онц аюултай гэмт хэрэгтнүүд Монгол Улсад орж ирсэн гэдэг мэдээлэл ташаа байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Пакистан улсын иргэн Рамзан Хафиз Мухаммад, Хаяат Хизар, Мухаммад Рамзан гэх гурван иргэн Монгол Улсад арваад жил амьдарсан хүмүүс байжээ. Өөрөөр хэлбэл, хуулийнхны мэдэгдэж байсанчлан онц хүнд гэмт хэрэгтнүүд биш байсан гэнэ.
Тэдгээр иргэнийг цагдаагийн байгууллагынхан баривчилж Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрынханы хамтарсан ажлын хэсгийнхэн хэргийг шалгаж байсан юм. Гэвч Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж байсанчлан онц хүнд гэмт хэрэгтнүүд бус зөвхөн Монголд оршин суух визний хугацаа дууссан байсныг тогтоосон байна. Энэ талаар хуулийн байгууллага үнэн бодит мэдээлэл өгөхөөс ихээхэн татгалзаж буй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Пакистаны онц ноцтой хэрэг үйлдсэн гурван иргэнийг цагдаагийнхан баривчиллаа гэж байгаа ч өөр иргэдийг андуурч саатуулсан байж болзошгүй. Монголд олон жил амьдарсан энгийн иргэд байсан” гэх мэдээллийг өгч байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Пакистаны гурван иргэнийг цагдаагийн байгууллага баривчлан, шалгаад нутаг буцаасан. Олон улсад эрэн сурвалжилж байсан гурван иргэний хоёр нь мөн болох нь тогтоогдсон. Гэхдээ хүний амь хөнөөсөн, онц ноцтой гэмт хэрэгтнүүд гэдэг нь тогтоогдоогүй. Монголд визний хугацаа нь дууссан учраас гаргасан” хэмээх мэдээллийг өглөө. Гадны иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаад нутаг буцаасан аж. ТЕГ-аас энэ талаар лавлахыг хүссэн боловч мэдээлэл өгөх хүн байсангүй.
Манай хуулийн байгууллага иргэдийг андуурч баривчилсан уу, аль эсвэл Пакистаны Интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй байв уу гэдэг нь тодорхой бус байна. Ямартай ч онц аюултай гэмт хэрэгтнүүд манай улсад орж ирсэн гэдэг нь ташаа мэдээлэл байжээ. Хамгийн гол нь тэдгээр иргэдийг анх буруутан хэмээн бүтэн тав, зургаан сар “хар гэрт”-д хорьж бие, эрүүл мэндээр нь хохироочихоод юу ч болоогүй юм шиг байдаг нь хуулийнхны сайн ажилласных уу.
Т.Амар-Түвшин
Зочин · 2013/09/11
EE HUURHII MANAI OO7-NUUD TEGJ L TAARNA.
zochin · 2013/09/11
er ni bol sonor seremjee aldaj bolohguishd . mongol ulsiin ayulgui baidal deegvvr tawigdah ni c***al !!! hezee neg odor haana delberelt bolj olon hvn ami vregdhiig hen es medhev tiim uchraas haruul hamgaalaltaa changa bsan ni deer