​Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүж, амьдралаа залгуулдаг маш олон хүн байдаг. Тэдний хувьд хүүхдүүдээ цэцэрлэгт өгнө гэдэг ёстой бүтэшгүй зүйл. Түүнээс гадна Улаан чулуутын хүүхдүүдийг хурдан морь унуулах, хүнд ажил хийлгэх зэргээр хөдөлмөрийг нь мөлждөг гэж байгаа.

Тэгвэл тэдний энэ зовлонг бага боловч нимгэлэхүйц нэг үйл явдал болсон нь Улаан чулуутын хогийн цэг дээрх хүүхдийн цэцэрлэг юм.

Нарангийн энгэрийн хогийн цэгийн хажууханд “Нарны хүүх­дүүд” хэмээх цэцэрлэг саяхан бай­гуулагджээ. Энд мөнөөх хог түүдэг хүмүүсийн хүүхдүүдийг хүлээн авдаг юм гэнэ. Ямартай ч уг цэцэрлэгийн талаар сурвалжлахаар бид Улаан чулуутын хогийн цэгийг зорилоо.

Нарангийн энгэрийн хогийн цэгтэй залгаа орших гэр хорооллын дунд “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байдаг аж. Өглөө 08:00 цагийн үед зорьсон газраа очлоо. Өндөр сараалжан төмөр хашаатай уг цэцэрлэг гаднаа ямар ч хаяггүй байв. Үүдэнд нь зогсох манаачид учир байдлаа хэлэхэд ихэд уриалган хүлээн авч, биднийг дотогш оруулсан юм. Хашаан дотор гэртэй төстэй хэлбэр бүхий хоёр модон байшин байв. Харин ойр орчимд нь савлуур, гулгуур гэх мэтийн өнгө, өнгийн тоглоомнууд байлаа. Зөөлөн хөрстэй ногоон зүлгэн дээр нь цэцэрлэгийн насны 10 гаруй хүүхэд тоглох аж. Суулгацыг нь хийгээд удаагүй байгаа бололтой гэмээр дөрвөн улиас харагдана.

Уг нь тус цэцэрлэг өглөө 08:30-д нээгддэг гэнэ. Харин эцэг, эхчүүд хүүхдүүдээ эртлэн авчирж өгөх нь элбэг байдаг аж. Гэхдээ биднийг тэнд очсоноос хойш төд удалгүй 30-аад хүүхдийг гэрийнхэн нь хүргэж очсон юм. Тэнд ирсэн эцэг, эхчүүдийн дунд янз бүрийн хүмүүс олон байлаа. Ноорхойдуу хувцастай, 20 орчим насны нэгэн эр жаахан охины хөтлөн оруулж ирчихээд үг солих завдалгүй гараад явчихав. Бас хижээл насны нэгэн эмэгтэй хүүгээ цэцэрлэгт нь оруулж ирлээ. Бусдыгаа бодвол илүү цэвэрхэн хувцасласан түүнийг хог түүдэг гэж хэлэхэд хэцүүхэн байсан юм. Энэ мэтчилэн эцэг, эхчүүд ээлж дараалан ирсээр 8:30 гэхэд 30-аад хүүхэд цуглачихсан байв. Тэднийг хоёр эмэгтэй багш хүлээн авлаа. Тэгээд бүгдэд нь эсгий углааш, эрэгтэй хүүхдүүдэд нь саарал, охидод нь цэнхэр өн­гийн дээл өмсгөсөн нь хэн ч хог түүж амьдардаг хүний хүүхэд гэж харахааргүй болгочихлоо. Хувцасаа сольсныхоо дараа хүүхдүүд өг­лөөний унд болох нэг ширхэг үзэгтэй еэвэн идэж, нэг аяга сүүтэй цайгаа уулаа. Өглөөнийхөө цайг ууж байхад нь Билгүүнээ хүүгээс  Аав ээж нь юу хийдэг вэ. Чамайг хэн хүргэж ирсэн,цэцэрлэгт  явах ямар байна” хэмээн асуухад “Аав хүргэж ирчээд Улаан чулуут руу явсан. Энд тоглоомтой бас өл­сөхгүй гоё байна” гэж байлаа. Өчигдөр хүүхдүүдийн хувьд онц­гой өдөр байлаа. Учир нь тэдэнд пүрэв гараг бүр хотоос хөгжмийн багш ирж дуу заадаг гэнэ. Хүүхдүүд дуугаа сурчихаад хэсэг зуур тоглочихоод өдрийн хоолоо иднэ. Дараа нь  гадаа  тоглочихоод унтдаг гэнэ. Сэрсныхээ дараа тоглож байхад  нь эцэг эхчүүдийн түрүүч нь ирж авч эхэлдэг гэнэ.

Нийт 40 хүүхдийн багтаамжтай “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг  “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллагын санаачлагаар зур­гаадугаар сарын 1-нд байгуулж, ашиглалтад оруулжээ. Тэгээд энэ зунаас эхлэн хүүхдүүдийг хүлээн авч эхэлсэн байна Хэдийгээр  эдгээр айлын амьдрал  хүнд ч  хүүхдүүдэд нь ирээдүйдээ  итгэл үнэмшилтэй болгохыг энэхүү цэ-цэрлэгийнхэн  зорьж байна.    

                     

Энэхүү цэцэрлэгийн үүсгэн байгуулагч болох Жүли Бэлүүтэй уулзаж ярилцсан юм. 

 

-Таныг хэн гэдэг вэ? Өөрийгөө танилцуулахаач?

-Намайг Жүли гэдэг. Би Ка­над хүн. Би анх хоёр жилийн өм­нө Монголд ирсэн. Манай гэр бүлийн хүн Оюутолгойд ажилладаг юм. Одоогоор “Вэлүү” гэдэг сан үүс­гэн байгуулж хүмүүнлэгийн чиг­лэлээр үйл ажиллагаагаа  явуулж байна.

-Танд анх  энэ цэцэрлэгийг  байгуулах санаа яаж төрөв?

-Би анх Улаанбаатарт ирээд үзээд хэсэг хугацааны дараа хогийн цэгийг нь үзэхээр шийдсэн.Тэгээд энд ирэхэд маш олон хүүхэд хог түүж  байсан. Ялангуяа нэг эмэгтэй хоёр настай хүүгээ үүрээд хог түүж байгааг хараад үнэхээр сэтгэл өвдсөн. Тэгээд энэ газрын орчимд цэцэрлэг барихаар шийдэж жил гаруй хөөцөлдөж, “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллагатай хамтран ажилласны дүнд энэ цэцэрлэгийг барьж босгосон юм.

-Энэхүү цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн хэдэн хувь нь хог түүж амьдардаг иргэдийн хүүхэд байгаа вэ. Ар гэрээс нь ямар нэг туслаж, төлбөр авдаг уу?

- Бид нар өнгөрсөн зургаадугаар сард энэ орчмын айлуудаар орж цэцэрлэгийн насны хүүхдийн судалгааг авч цэцэрлэгтээ бүртгэсэн.Одоо эдгээр хүүхдийн 70-аад хувь нь яг хогийн цэгт ажилладаг гэр бүлийн хүүхдүүд байгаа юм. Бид ар гэрээс нь ямар нэг төлбөр шаарддаггүй. Тэдэнд төлөх боломж ч байдаггүй.

-Одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагаанд ямар бэрхшээл байна вэ?

-Бид одоо жаахан даарч байна.Халаалтаа 380 вольтоор ажилладаг  шалны халаалтаар шийдсэн. Харин энд 220 вольтийн хүчдэлтэй байгаа нь гол бэрхшээл байна. Бичиг баримтаа бүрдүүлж  өгсөн. Удахгүй хангалттай цахилгаантай болно гэж найдаж байгаа. Мөн мэргэжлийн багшийн хүрэлцээ тааруу байна.Нэг багш, нэг туслах багштай байгаа. Улам өргөжүүлмээр байгаа ч багшийн асуудал хүнд байна.Мал худалдаж авч цэцэрлэгийнхээ хүнсэнд хэрэглэх бодолтой байгаа.Мэдээж цэвэр ус, “00”-ын асуудал хүнд л байна.

-Багш ажилчдынх нь  цалин хэр вэ?

-Хоёр багш. хоёр ажилчин,нэг манаачдаа тус бүрд нь 600 мянган төгрөгний цалин өгдөг.                                                                                                                                      

-Танай байгууллагад ямар нэг шашны нөлөөлөл байгаа юу?                                              

-Ийм асуулт маш олон хүн асуудаг. Би өөрөө шашин шүтдэггүй. Ямар нэг шашинтай холбоогүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Би амьдралдаа  сэтгэл хангалуун байдаг болохоор чадлынхаа хэрээр бусдад тус хүргэж байгаа юм. Тэрнээс өөр ямар ч ашиг хонжоо сонирхол байхгүй. Харилцааны хөгжил ТББ-ын тэргүүн Т.Баасандоржтой санаа нийлж хамтран ажиллаж, байгууллага найз нөхдөөсөө тус­ламж  авч өөрсдийнхөө болом­жийн хэрээр тохиромжтой тоглоом, тохитой орчин бүрдүүлэн ажиллаж байна даа.

Ийнхүү “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн багачууд баг­шийгаа дагаж дуулсаар биднийг үдсэн юм.  Хэдийгээр тэд янз бүрийн орчинд өсч байгаа ч багаас нь боловсрол хүмүүжилд нь  анхаарвал ирээдүй нь гэрэлтэж байна.                             

 

Д.Төмөр-Очир