​“New York Times” сонинд Мянганбаярын Баттүшиг хэмээх монгол хүүгийн тухай “Улаанбаатарын суут ухаантан хүү” гэх гарчигтай нийтлэл гарсан байна. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Монголд очихоос минь хэдхэн өдрийн өмнө Мян­ганбаярын Баттүшиг надад и-мэйл бичсэн байсан юм. Тэрбээр энэ захиандаа “XBee”-ийн утасгүй жижиг антеннаас нэг хосыг аваад ирж болох уу” гэх даруухан хүсэлтээ бичсэн байв. Электрон хэрэгслүүд Монголд ховор байдаг. Түүнээс гадна онлайнаар захиалахад олон хоногийн дараа очдог аж. Харин хүүгийн хувьд өмнө нь хуучин төхөөрөмжнүүдийг ашигладаг байжээ.

Ингээд би гартаа антенн барьсаар Улаанбаатар хот дахь дундаж давхаргынхан амьдардаг Хан-Уул дүүрэгт байдаг Баттүшигийн бай­ранд ирсэн юм. Тухайн үед хүү намайг барилгын доод хэсэгт байрлах гараж руу дагуулан орж, миний авчирсан антенныг юунд ашиглах гэж байгаагаа харууллаа. Улаанбаатарт хүүхдүүд байрныхаа ойролцоох автозам дээр тоглох нь элбэг байдаг. Гэхдээ энэ нь маш аюултай. Тиймээс М.Баттүшиг ч бас 10 настай охин дүү болон найзуудад нь санаа зовж, машинд дайруулчих вий хэмээн болгоомжилжээ. Ингээд М.Баттүшиг гаражид нь байгаа хүлээн авагч бүхий цагаан хайрцагны урд хэсэгт нь дарав. Энэ үед хүлээн авагчны дохио төмөр утсаар дамжин барилгын ойролцоох автозам дээр байгаа дуут дохиололд хүрч, улаан гэрэл анивчуулан асааж орхилоо. М.Баттүшигийн энэхүү гаражны дуут дохиоллын ачаар машин ирэхээс өмнө дүү нь найзуудтайгаа хамт автозамаас холдож амжих аж.

М.Баттүшиг автомашины жижиг загварыг ашиглан өөрийнхөө төхөөрөмжийг яаж ажилладгийг надад ийнхүү үзүүлэв. Гэхдээ тэр бүтээлдээ сэтгэл дундуур байлаа. Тэгээд “Ийм урт төмөр утас хэрэглэх нь хэрэглэгчдэд маань тийм ч тохиромжтой биш” гээд бараг л харамссан янзтайгаар элгээ тэвэрч зогсов. Төмөр утасны асуудлыг нь шийдчих юм бол дуут дохиоллоо илүү боловсронгуй болгоно гэж тэрбээр боджээ. Тийм ч учраас надад антенн захьсан юм байж.

Хүүхдэрхүү дугариг хацартай М.Баттүшиг жирийн нэг өсвөр насны хүү биш юм. Тэр “Харри Поттер”-ыг уншиж байсангүй. (Би энэ номноос юу олж сурах юм бэ). Бас тэр хөгжим сонсох дургүй. (Найз нь түүнийг чихэвчтэй байхыг харвал нүдэндээ ч итгэхгүй. Тэгээд ч М.Баттүшиг ердөө SAT-ийн шалгалтандаа бэлдэж байж). Хөвгүүнийг зөвхөн бүтээлүүд нь л баярлуулна. “Ца­хилгаан инженерчлэлд ямар ч хил хязгаар байдаггүй. Надад бол яг л тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг” хэмээн тэрбээр ярьсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Баттүшиг “YouTube.com” сайтад өөрийн Гаражийн дохиолол нэртэй бүтээлээ албан ёсоор танилцуулж, бичлэг оруулсан билээ. Харин түүний бүтээл Массачусеттсийн Технологийн  институтын (МТИ) дарга нарыг бишрүүлжээ. М.Баттүшигийн  хувьд энэ сургуульд орохоор төлөвлөөд байсан бөгөөд одоо тэгвэл сургуулийн удирдлагууд хүүг хэдийнэ анхааралдаа авсан гэсэн үг юм.

Одоогоос хоёр сарын өмнө М.Баттүшиг МТИ-ийн онлайн курс дэх Цахилгаан гүйдэл, электроникийн хоёрдугаар дамжаанд элсэлтийн шалтгалыг 150 мянган хүүхдийн хамт өгчээ. Энэ үеэр М.Баттүшиг хамгийн өндөр оноо авсан 340 оюутны нэг болсон юм. Ингээд тэрбээр МТИ-ийн анхны онлайн элсэлтэд хамрагдав. МТИ-ийн хувьд онлайн курстээ бараг төлбөр авдаггүй аж.

Хүн амынх нь гуравны нэг нүүдэллэн амьдарч, бэлчээр сэлгэн “Гэр” хэмээн нэрлэгддэг эсгий майханд амьдардаг энэ улсын нэг оюутан яаж яваад МТИ-ийн шалгалтад ийм том амжилт үзүүлэв ээ. Монголын сургуулиудад ч үүнд бэлтгэж хичээл заадаггүй шүү дээ. Энэ асуултын хариулт нь М.Баттүшигийн ер бусын авьяастай холбогдох нь дамжиггүй юм. Бас түүний ахлах сургуулийн захирлын нөлөө ч бий. “Сант” сургуулийн захирал Зургаанжингийн Энхмөнх МТИ-ийг төгссөн анхны монгол хүн юм. Түүнээс хойш тэрбээр оюутнуудаа шинжлэх ухаан, технологийн лабораторид ажиллах боломжоор хангахын тулд их хичээжээ. “Монголыг хөгжүүлэхүйц чадварлаг инженерүүд бэлтгэн гаргах нь миний зорилго. Тийм ч учраас бүгдийг бүр эхнээс нь бүгдийг хийх ёстой” хэмээн тэрбээр ярьсан юм. Холбооны шугамын нөөц бололцоо нь харьцангуй бага боловч сүүлийн 10 орчим жилийн  хугацаанд монголчууд мэдээлэл, технологийн салбартаа маш их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тэд 3G сүлжээг ч ашиглаж байна. Улаанбаатарчуудын дийлэнх нь гэртээ интернэттэй. Түүнээс гадна нүүдэл­чин малчдаас нь эхлээд бараг л хүн бүр гар утас ашигладаг. Тэгэхээр тал нутгийн малчид хонио хариулахын тулд М.Баттүшигийн дуут дохиоллыг ашиглаж болно гэсэн үг юм.

Энхмөнх цахилгаан гүйдэл, электроникийн онлайн сургалтыг оюутнууддаа харуулжээ. Бас тэднийг жинхэнэ лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллуулахыг хүссэн байна. Тиймээс оюутан цагийн найзуудынх нь нэг, Стэнфордын их сургуульд цахилгаан инженерчлэлийн салбарт докторын зэрэг хамгаалж буй Тони Кимийг эх орондоо урив. Ингээд тэрбээр Монголд байх 10 долоо хоногийн хугацаандаа хүүхдүүдийн лабораторид хийсэн дадлагыг удирджээ. Т.Ким Монголд ирэхдээ гурван хайрцаг дүүрэн төхөөрөмжүүд авчирсан байна. Ингээд л “Сант” сургууль Монголд байхгүйгээр то-ног­логдсон лабораторитой болсон юм. М.ББаттүшигийн хувьд эцэг, эхээ сайн ятгасны эцэст гэртээ нэг мегабайтын хурдтай интернэт хол­босон байна. Үүний ачаар тэрбээр интернэтээр лекцүүдээ сонсоход хялбархан болжээ.

Тусгай ангид 13-17 насны 20 хүүхэд суралцсаны нэг нь М.Баттүшиг юм. Тухайн үед тэрбээр 15 настай байв. Гэвч хичээлийн явцад хүүхдүүдийн тал хувь нь энэ ангийг орхижээ. Учир нь хичээлийн программ нь маш хүнд. МТИ-ийн хоёрдугаар курсынхан голдуу шөнийн цагаар хичээллэнэ. Бас монгол хүүхдүүдийн хувьд англи хэлээ сайжруулах шаардлагатай болно. Гэсэн хэдий ч М.Баттүшиг амжилт гаргасандаа баяртай байсан юм. “Би үүнийг жирийн ангитай харьцуулж чадахгүй байна. Энэ бүхэн миний хувьд цоо шинэ зүйл байлаа” хэмээн тэрбээр ярив. Ямартай ч тэрбээр ангийнхандаа туслахын тулд хичээлүүдээ монгол хэл дээр тайлбарласан бичлэг хийж, YouTube.com-д тавьжээ. МТИ дахь онлайн курст хичээл заадаг Ким багш “М.Баттүшиг одоо дөнгөж 15 настай байж ийм мундаг байгаа юм чинь МТИ-ийн оюутан болбол шилдгүүдийн нэгд тооцогдох нь гарцаагүй” гэж надад бахдан ярьж байлаа.

Өнгөрсөн хугацаанд Харвард мэтийн олон их сургууль онлайн сургалтад хөрөнгө хаях болсон. Учир нь ийм аргаар чанартай боловсрол олгох боломжтойгоос гадна орон зайнаас үл хамаарч олон оюутанд хүрч чадна гэж сургуулиудын захиргаа үзжээ. Түүнээс гадна эдийн засгийн  хувьд ч давуу талтайд тооцогдох болсон. МТИ-иас санаачилсан онлайн сургалтын хөтөлбөр хариуцсан захирал Аннат Агарвалын ярьснаар бол Ким болон Энхмөнхийн ийм хамтын ажиллагааг онлайн сургалттай хавсарсны ачаар маш их үр өгөөжөө үзүүлсэн аж.

М.Баттүшигийн үзүүлсэн амжилтын ачаар МТИ онлайн сургалтаа дэлхий дахинд сурталчлах боломж ч нээгдсэн гэдэг. Тусгай лабораторийн хичээлээ зааж дууссаны дараа Ким, Энхмөнх нар М.Баттүшигийг МТИ-д элсэх өргөдлөө гаргахыг зөвлөжээ. Эцэст нь М.Баттүшиг тус сургуульд шинээр элсэн орсон 88 орны 1116 оюутны нэг болов. МТИ-ийн элсэлт хариуцсан декан Стюарт Шмил “Түүн шиг өндөр оноо авсан оюутан сайн суралцах нь тодорхой” хэмээн ярьсан юм.

М.Баттүшиг одоо 17 нас хүрчээ. Тэрбээр өнгөрсөн сар Герман дахь оюутны байрандаа очиж, төвхнөөд амжиж. Тэгээд  хичээлдээ ч сууж эхэлсэн байна. Цахилгаан, хими, биологийн хичээлдээ суухын хажуугаар физикийн алдартай профессор Уолтер Льюнтай хамт авахуулсан зургаа Фэйсбүүктээ тавихаа мартсангүй. Гэрэл зургийн болон теннисний клубт явахын зэрэгцээ тэрбээр биллиард тоглох дуртайгаа мэдсэн байна. Ээжийнхээ захисны дагуу хэтэрхий их пицца идэхээс татгалзаж, долоо хоногт ердөө хоёр зүсмийг идэх норм ч тогтоожээ. “Аливаа асуудлыг яаж шийдэх вэ гэж тэр үргэлж толгойгоо гашилгадаг. Түүнд маш олон санаа төрдөг. Тэгээд л ярьж гарна шүү дээ” хэмээн хамт хоолонд орох зуураа М.Баттүшигийн аав надад ярьсан юм. “Би хүн төрөлхтөнд сайн сайхан зүйл хийхийг хүсч байна” гэж хүү аавдаа үргэлж хэлдэг аж. 

 

Т.Элиса