“Эрдэнэт”-ийг саадаг “нууц гэрээ”-ний эзэд удахгүй ил гарна
2013/09/16
“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн үе үеийн дарга нар үйлдвэрээ хөл дээр нь босгохоосоо илүүтэй элдэв арга сэдэн мөнгө саахдаа супер байж. Супер хэмээн тодотгосон учир нь тус үйлдвэрийн үе үеийн дарга нар хэдэн тэрбумын үхмэл хөрөнгө, хэдэн сая долларын ган бөмбөлгийн шахаанаас гадна “Нууц гэрээ” нэрээр танил тал болон хамаатан садандаа их хэмжээний мөнгө өгдөг байсан нь тодорхой болжээ.
Тодруулбал, “Эрдэнэт”-ийн үе үеийн удирдлагууд алба хэлтсийн даргаас дээш албан тушаалтнуудтайгаа "Нууц гэрээ" гэх нэр шигээ нууцын зэрэглэлтэй бичиг баримтад гарын үсэг зурцгаадаг байсан бөгөөд үүнээс болж үйлдвэр санхүүгийн хувьд овоо их алдагдал хүлээсэн гэдгийг албаны эх сурвалжууд онцолж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр тус үйлдвэрийн үе үеийн дарга нар "Нууцын гэрээ" гээчийг байгуулахдаа тухайн албан тушаалтныг ажлаа сайн, эсвэл муу хийснээс нь үл хамааран ажлаасаа гарсан, халагдсан бол хэдэн саяар үнэлэгдэх жийп машин, эсвэл төчнөөн өрөө байр өгнө хэмээн гэрээ үзэглэдэг байжээ. Гэхдээ энэхүү гэрээ нэртэй шагнал урамшуулал нь хэлстийн даргаас дээш албан тушаалтанд хамаардаг байсан бөгөөд эл суудалд ихэвчлэн шахааны хүмүүс томилогддог байсан байгаа юм. Тодруулбал, арга хэлбэр, заль мэхийг нь нарийвчлаад бичвэл нийгэмд багагүй дуулиан тарьж мэдэхээр детектив зохиол болчих хэмжээний энэ хууль бус үйл явдалд манай урдаа барьдаг томчуудын үр хүүхэд, хамаатан садан, тэдний гар хөл болсон хүмүүс ногоон гэрлээр хамрагддаг байсан байна. Иймээс холбогдох байгууллагаас нь шалгалт оруулж тун удахгүй "Нууц гэрээ"-ний нууц ноёнтнуудыг ил гаргана хэмээж байна. Түүнчлэн тус үйлдвэртэй холбоотой бас нэг "но" нь бүтэц бүрэлдэхүүн, гарлага зарлагыг нь данхайлгасан олон дарга нар. Зарим эх сурвалжийн мэдээлснээр "Эрдэнэт" үйлдвэр нь ерөнхий захирал, ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогч, Худалдааны асуудал эрхэлсэн орлогч, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч, Гадаад харилцаа хариуцсан орлогч гээд тоочвол олон. Үүн дээр арав гаруй хэлтэс газрыг нэмнэ. Дээрх газар, хэлтсийн дарга нар нь бүгд нэгээс хоёр орлогчтой гээд тооцвол "Эрдэнэт"-ийг "Дарга үйлдвэр" ч нэрлэж болохоор байгаа аж.
Энэ бол Монголын улстөрчдийн саалийн үнээ гэгддэг "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон хууль бус үйлдлийн багахан хэсэг нь юм. Тэгвэл энэ онд Үндэсний аудитын газраас тус үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдалд шалгалт хийжээ. Ингэхдээ өмнөх жилүүдэд тус үйлдвэрт хувийн компаниуд шалгалт оруулдаг байсныг болиулж энэ жил төр өөрөө шалгахаар болсон байна. Гэтэл дээрхтэй адил олон "но"-той баримтыг илрүүлжээ. Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтны мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн зөвхөн санхүүгийн тайлангаас л гэхэд 557.6 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд энэ нь урьд жилүүдэд гардаг байсан зөрчилтэй харьцуулшгүй өндөр тоо гэдгийг хяналт тавьсан газрын мэргэжилтнүүд хэлсэн. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрт 2011 онд "Улаанбаатар аудит" ХХК аудит хийж 22.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн бол дараа нь “Эрнестянг” компани 69.3 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж байжээ.
Харин Үндэсний аудитын газрын хийсэн шалгалтаар дээрх тоо эрс өсч 557.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах зохистой харилцаа алдагдаж хүнд нөхцөлд орчихсон гэсэн үг гэдгийг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрынхан батлаж байна. Тус үйлдвэрийг ингэтэл алдагдалд оруулсан ганцхан баримтыг нь хүргэхэд "Эрдэнэт" үйлдвэрт шахдаг байсан ган бөмбөлөг бөгөөд тодруулбал, тус үйлдвэр 2011 онд Дарханы төмөрлөгийн үилдвэрээс ган бөмбөлөг худалдан авдаг байсан. Ингэхдээ нэг тонн ган бэлдцийг 920 ам доллараар худалдаж авах гэрээ байгуулсан. Гэвч энэ гэрээг тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд хүчингүй болгосноор "МҮХК" гэх компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бэлдэцийг 715 доллароор авч "Эрдэнэт" үилдвэрт 920 доллароор зардаг болжээ. Ингэснээр дундаас нь 2.8 тэрбумын ашиг олсон. Мөн яг ийм жишиг, арга барилаар "Аж богд трейд", "Эс Си Эм" зэрэг компани "Эрдэнэт" үйлдвэрт ган бэлдэц нийлүүлэн дундаас нь 7.7 тэрбум төгрөгийн ашгийг хуваан авсан гэх баримт ч байгаа юм.
Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ бол тус үйлдвэрт хийсэн зөвхөн Санхүүгийн аудитын шалгалтын дүн бөгөөд хэрэв аудитын таван төрлийн шалгалтыг бүгдийг нь зэрэг оруулбал өөр олон ноцтой асуудал гарна гэдгийг хэлж байна. Бид дараа дараагийнхаа дугаарт энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэх болно.
Л.ОЮУНГЭРЭЛ
Зочин · 2013/09/17
medee huulahaa bolimoor yum