Өнөөдөр СЕХ, ОБЕГ, Тагнуулын Ерөнхий газар, ЦЕГ хамтран сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан иргэний шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, сонгогчийн шилжүүлэг хийх хүсэлт 21 199 иргэн гаргасан байна. Үүнээс энэ сарын 18-ны дотор санал өгөх газартаа хандан бүртгүүлсэн 18.309 иргэний санал өгөх эрх нээгджээ. Сонгогчийн шилжүүлгийг ерөнхий байдлаар нь ажиглахад тухайлсан дөрвөн аймгийн нэгж тойргуудад сонгогчийн шилжүүлэг түлхүү хийгдсэн болохыг тус газраас онцолж байна.

Үүнд,

  • · Архангай аймагт 1341 сонгогч
  • · Баянхонгор аймагт 2261 сонгогч шилжиж ирсний 1909 нь 9-р тойрог руу
  • · Увс аймагт 3300 сонгогч шилжиж ирсний 2778 нь 31-р тойрог руу
  • · Хөвсгөл аймагт 2985 сонгогч шилжиж ирсний 1195 нь 37-р тойрогт, 1708 нь 39-р тойрогт тус тус шилжиж ирсэн байна.

 

Орон нутгийн санал хураалтын ирц 60 орчим хувьтай явагддаг. Энэ тохиолдолд тухайлсан тойрогт сонгогчийн шилжүүлэг ихээр хийгдэх нь сонгуулийн дүнд шууд нөлөөлөх магадлалтай гэнэ. Тодруулал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан: Тухайн тойргийн 10 гаруй хувьтай тэнцэх сонгогч зарим тойрогт шилжиж очсон байна. Зарим тооцооллоор бол, үндсэн тойргийн сонгогчдын ирц 100 хувьтай хүрээгүй тохиолдолд шилжиж очсон иргэдийн санал сонгуулийн дүнд нөлөөлөх магадлалтай. Ер нь бол сонгогчдын ирц 60 хувьтай тохиолдолд ийм тооны сонгогчийн шилжүүлэг дүнд нөлөөлнө гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ асуудал дээр бүртгэлийн байгууллага гэхээсээ сонгуулийн байгууллага байр сууриа нэгтгэж, шийдэл гаргах нь зүйтэй. Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу манай байгууллага сонгогчийн шилжүүлэг хийлгэсэн иргэдийн иргэдийн материалыг шалгаж үзсэн. Шалгах явцад Нийслэлээс сонгогчийн шилжүүлэг хийсэн иргэд найман нотариатад хандсан байна. Тухайлахад, Чингэлтэй дүүргийн нэг нотариатчин 346, Баянгол дүүргийн өөр нэг нотариат 498 иргэний бичиг баримтыг баталгаажуулсан байна” гэсэн юм.