Тааж мэддэг таван хаан биш ч ...
2016/07/08
Монгол орны уудам тал нутагт наадмын уухай хадаж эхэллээ. Энэ жилийн наадам уламжлал ёсоор сурын харваагаар эхэлж байна. Энэ гэгээн цаг дор аль нутгийн хүчтэн төрийн наадмын түрүү бөхөөр тодрох бол гэсэн гэгээн догдлолтой байна. Өнөө жилийн хувьд улс төрийн сонгууль зэрэг тодорхой хүчин зүйлээс шалтгаалж наадмын тухай яриа арай хожуу эхэлж байна. Гэсэн хэдий ч спорт сонирхогчдын хийгээд олон нийтийн цахим сүлжээгээр түрүү бөхийн тухай бооцоот таавар хүчтэй өрнөх болов. Үүний зэрэгцээ шинэ цолны үнэмлэх гардах бөхчүүдийн тухай ч ярих нь олонтаа.
Энэ жилийн наадмаар 1204 хүчтэн зодоглоно. Ийм учраас аймаг, цэргийн цолтнууд улсын цолонд хүрэх боломж өсдөг жам бий. Өөрөөр хэлбэл, тоо дагаж магадлал нэмэгддэг гэсэн үг л дээ. Шинэ зуун гарсаар улсын баяр наадамд таван жил тутамд нэг удаа 1024 бөх барилдуулдаг болсон. Үнэндээ Ардын хувьсгалын эхний он жилүүдээс хойш 1024 бөх төдийлөн барилдаж байсангүй. Тиймээс шинэ зууны 1024 бөх зодоглож байсан наадмын түүхийг сөхөж үзэхэд хангалттай юм.
2001 он буюу Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд 17 начин зэрэг “төрж” байв. Энэ бол Ардын хувьсгалын түүхэн он жилүүдээс хамгийн олон начин цолтон өлгийдөж авсан наадам юм. Учир нь, тухайн наадамд дөрвөн заан, нэг аварга нийт 22 хүн цолоо ахиулж байсан удаатай. Харин 2006 оны Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд 1024 бөхийн барилдаанд долоон начин цолтон төрсөн бол хоёр харцага, гурван заан, арслан, аварга цолтой нийт 14 бөх цолоо ахиулж байжээ. Тэгвэл одоогоос тавхан жилийн өмнө буюу Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадамд монгол үндэсний бөх аварга нэг, арслан нэг, гарьд хоёр, заан хоёр, харцага дөрөв, 13 начин мэндэлж байлаа. Энэ бол Ардын хувьсгалын түүхэн жилүүдэд хамгийн олон бөх цолоо ахиулсан наадам юм. Монгол бөхийн бүх цолтон төрсөн тухайн наадамд нийтдээ 23 бөх цолоо нэмж, ахиулж байв. Дээр тоочсон баримтаас харахад 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх бүр аварга цол хүртсэн байдаг аж. Энэ нь Монгол Улсын дархан аварга цолтон түрүү бөхийн тааврыг будилуулах хэмжээнд хүрч барилдаагүй удсантай холбоотой.
Ийм ч учраас энэ удаагийн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх цол нэмэх нь гарцаагүй. Харин хэн бэ гэдэг нь таавар хэвээр... Тодруулбал, 2000 оноос хойш мэндэлсэн үндэсний бөхийн дээд цолтон Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тэргүүн байрт хүрэх хэмжээнд барилдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Цөөн үгээр хэлбэл, энэ хоёр дархан аварга өнөө жилийн баяр наадамд түрүүлэхгүй. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар түрүүлбэл дархан аварга цол хүртэх юм. Өнгөрсөн жилийн баяр наадамд бахтай сайхан барилдаж өнгөлсөн Э.Оюунболдоос эхлээд түрүүлэх хэмжээнд хүрч барилдах боломжтой залуу арслангуудын аль нэг нь түрүүлэхэд л аварга цол дээрээ даян чимэг нэмж наадмын талбайгаас буцахаар байгаа. Мөн эдгээр арслан цолтны хэн нэг нь тэргүүн байр булаацалдан бүтэлгүйтэхэд л Монгол Улсын аварга цолны наадмаа намар хийх эрхтэй болно. Үүгээрээ л 1024 бөхийн барилдаан бөхчүүдийн хувьд давуу талтай. Маш товчхондоо нэг “цэрэг” илүү давах нь нэг цол алгасах боломжийг бүрдүүлдэг гажиг тогтолцоо үйлчилдэг юм.
Хэн түрүүлэх вэ
Үндэсний бөхийн барилдааны үеийн хамгийн түгээмэл атлаа хариултаа олдоггүй хэцүү асуулт бол “Хэн түрүүлэх вэ”. Зөвхөн энэ асуултаас эхлээд шинэ зууны улсын баяр наадмууд сонин хачин содон жигтэй явдлаар дүүрэн болдог билээ. Өмнөх жил нь түрүүлсэн бөх дараа жилийнхээ наадмын дөрвийн даваанд аймгийн цолтон дийлэлгүй тахим өгч байсан наадам ч цөөнгүй. Хуучин бол байдал өөр байв. Барилдаануудыг нь ч багцаалдаж дөнгөдөг байв. Б.Бат-Эрдэнэ түрүүлнэ гэж бооцоо тавихад эсрэг саналтай хүн бараг байдаггүй байлаа. Харин одоо “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг үгийг бөхчүүд баталдаг болсон наадамд одоо барилдаж буй сайчуудаас хэн нь ч түрүүлж мэднэ. Тэгвэл олон нийтийн цахим сүлжээний таамаглал голдуу улсын арслан Э.Оюунболдыг түрүү бөхөөр нэрлэжээ. Мөн аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын нэр ч нэлээд дээгүүрт явна. Тэдний араас арслан П.Бүрэнтөгс, заан Ч.Санжаадамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул манлай харцага Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба нарын нэр цохиж явна.
Хэн начин болох вэ
Бас л төвөгтэй асуулт. Миний л мэдэхийн сүүлийн таван жил дараалан Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг шинэ цолтны эгнээнд бөх сонирхогчид багтаалаа. Тэрбээр энэ жил алдаагаа засах бөхийн тааврыг мөн л тэргүүлэх хэмжээнд явна. Мөн Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүү, Н.Золбоо, Ховдын арслан О.Хангай, Увсын арслан Н.Жаргалбаяр, улсын баяр наадамд дараалан начин цолны даваанд бүдэрсэн Архангай аймгийн арслан М.Бадарч, Хөвсгөлийн арслан Ч.Хөхчирэнгэр, хурц арслан Б.Ганхуяг гэх олон бөхийг нэрлэж болж байна. Гэвч аймаг, цэргийн цолтнуудаас тухайн жилийнхээ танхимын барилдаанд онцгой байсан бөх шинэ цолонд хүрэх магадлал өндөртэй байдаг. Энэ жишгээр тооцож үзвэл 2015- 2016 оны хооронд болсон аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд Ш.Мөнгөнбаатар дөрөв түрүүлж, нэг үзүүрлэж, Б.Ганхуяг хоёр түрүүлж гурван удаа их шөвөгт, О.Хангай хоёр түрүүлж, Н.Жаргалбаяр нэг түрүүлж гурав үзүүрлэж, М.Бадарч нэг түрүүлж хоёр үзүүрлэж, Б.Эрдэнэхүү нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилт үзүүлжээ.
Д.Булган
Зочин · 2016/07/08
nice
Зочин · 2016/07/08
buhiin tsol meddegui yum bol medee bicheed hereg bnuu bas 1024 t tsereg batgahaargui bga