“Ялзарсан” эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал
2016/11/03
Монгол улсын хэмжээнд нийт 3244 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношлогоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 272, өрхийн эрүүл мэндийн төв 218, хувийн ортой эмнэлэг 224, үүдэн эмнэлэг 1006 ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэндийн салбарт 2015 онд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 47429 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас 93.2 хувь нь эрүүл мэндийн салбарын, 6.8 хувь нь бусад салбарын эрүүл мэндийн ажилтан эзэлж байна. Нийт ажилтны 22.9 хувь нь анхан шатлалын, 18.0 хүвь нь хоёр дахь шатлалын, 16.3 хувь нь гурав дахь шатлалын, 17.3 хувь нь хувийн эрүүл мэндийн байгууллагад, 25.5 хувь нь амаржих газар болон бусад байгууллагад ажиллаж байна.
2015 оны байдлаар халдварт бус өвчлөл 10 000 хүн амд 7649.5 ногдож байгаагаас амьсгалын тогтолцооны өвчин 1462.7, хоол боловсруулах тогтолцооны өвчин 1202.8, шээс бэлгийн тогтолцооны өвчин 783.7, зүрх- судасны тогтолцооны өвчин 931.2, гэмтэл, хордлого ба бусад гадны шалтгаант өвчин 534.6 тус тус ногдож байна. Мөн улсын хэмжээнд 29 төрлийн халдварт өвчний 59400 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 25884 тохиолдлоор нэмэгдсэн буюу 10 000 хүн амд 200.5 байна.
Улсын хэмжээнд нас баралтын 16374 тохиолдол бүртгэгдэж 2014 онтой харьцуулахад 121 тохиолдлоор буюу 0.7 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 31 тохиолдол бүртгэгдэж, 100000 амьд төрөлтөд 52.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.9-өөр, нялхсын эндэгдлийн 1063 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 17.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 2.8-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1297 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 21.9 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 3.9-өөр тус тус өссөн байна.
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 80 000-81 000 эх төрж байгаагийн 51-52 хувь нь нийслэлд төрж байна. Гэтэл хүн амын өсөлт болон төрөлт Улаанбаатар хотод 19-28 хувь нэмэгдэж байхад сүүлийн 50 жилд шинээр төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй амаржих газруудаа өргөтгөх буюу ор нэмэгдүүлэх байдлаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт 2016 онд нийт 644.9 тэрбум төгрөг батлагдсан. Үүнд: Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 451.0 тэрбум төгрөг (69.9%), Хөрөнгө оруулалт, гадаад төсөл 76.0 тэрбум төгрөг (9.0%), Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 50.5 тэрбум төгрөг (7.8%), Салбарын бодлого удирдлагын төсөвт 36.8 тэрбум төгрөг (5.7%), Гадаадын зээл тусламжид 48.7 тэрбум төгрөг (7.5%) -ийг эзэлж байна.
Аймаг, орон нутгийн төвшинд Эрүүл мэндийн сайдын багцын нийт төсвийн 38%-ийг буюу 265,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг анхан болон хоёр дахь шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зарцуулж байна.
Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 2016 онд 18,8 тэрбум төгрөг батлагдсанаас орон нутагт 3,8 тэрбум төгрөг батлагдсан. Үүнээс шилжих 6 төсөл арга хэмжээний 2,4 тэрбум төгрөг, шинэ 3 төсөл арга хэмжээний 1,4 тэрбум төгрөг батлагдсан байна. Үүнээс 2016 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд 2,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээн авч ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг дараах байдлаар шийдвэрлэж байгаа юм байна.
Хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчлөл тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Хүн амыг өвчлөхөөс өмнөх урьдчилан сэргийлэх зардал бага байдгаас, өвчилсөн хойно нь өндөр зардлаар шийдвэрлэж байна.
Шийдвэрлэх арга зам:
- Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаанд тусгах.
- Урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сүлжээг нэвтрүүлэн, эрт илрүүлэлт, тандалт, хяналтын тогтолцоог эрс сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх.
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэн аймаг, дүүргийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг ажиллуулах.
Хүн амын төрөлт нэмэгдэж, эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, эх хүүхдийн эндэгдэл өссөн байна. Шийдвэрлэх арга зам:
- Амаржих газар, нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг “Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа”-ны стандарт (MNS 6288:2010)-ын дагуу шаардлагатай ор, хүний нөөцөөр ханган, цалин хөлс, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх.
- Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах
- Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төрөх, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээний тасаг, кабинетыг шинээр зохион байгуулах, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн сургалтын тогтолцоо, ялангуяа төгсөлтийн өмнөх сургалтын тогтолцоо нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээтэй уялдахгүй байна. Тухайлбал: хүүхдийн эмч, сувилагч, эмгэг судлаач эмч хомсдолтой байна. Эрүүл мэндийн ажилтнууд нь ажлын хариуцлага өндөр, ачаалал ихтэй ажиллаж байгаа ч тэдний цалин бодит үнэлэмжээсээ даруй 5-10 дахин доогуур байна. Нийслэл хотод эмч мэргэжилтэн илүүдэлтэй байхад хөдөө орон нутагт ажиллах эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай байгаа нь нэгдсэн бодлого зохицуулалт дутагдалтай байгааг харуулж байна. Шийдвэрлэх арга зам:
- Анагаах ухааны боловсрол олгох сургалт эрхлэгч байгууллагуудыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гадна Эрүүл мэндийн яамны давхар харьяалалтай болгож, хүний нөөцийн төгсөлтийн өмнөх сургалтын тогтолцоог хэрэгцээтэй нийцүүлэн шинэчлэх
- Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн 1336 эмнэлгийн мэргэжилтэн, ялангуяа сувилагчийн орон тоог нэмэгдүүлж, 2017 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлагатай.
- Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг тооцож, норм нормативтой болгон, цалин хөлс, урамшууллын шинэ тогтолцоог бүрдүүлж, ажлын дэмжлэгт орчинг сайжруулах, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч
- Төгсөлтийн дараах сургалтын санхүүжилтийг нэмэгдүүлж, резидент эмч цалинтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологиудыг эрчимтэй нэвтрүүлэх нь зүй ёсны асуудал, гэтэл шинэ эрэлт, шинэ хэрэгцээ, шинэ үр дүн, хүлээлтийг бий болгож байгаа түүнд зарцуулагдах төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай байна. Шийдвэрлэх арга зам:
- Монгол Улсад одоогийн байдлаар элэг, бөөр, ясны үүдэл эс зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний хэм алдагдлыг зохицуулах эмчилгээ, судасны дотуурхи мэс засал зэрэг дэвшилтэт технологиуд нэвтэрч, эдгээрийг дагалдан өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний тоо хэмжээ өссөн нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зардлыг зүйл анги тус бүрээр нэмэх шаардлагатай байна. Шинэ технологи бүхий шинээр суурилагдсан МК1, компьютерт томограф, ангиографи зэрэг багаж, тоног төхөөрөмжийн тогтвортой үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийхэд төсөвт жил бүр 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэх шаардлагатай.
- Мөн дархлаа дарангуйлах, цусны хорт хавдар, ховор тохиолдох өвчин эмгэг зэргийн үед төр хариуцан олгох эм болон өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардагдах хэрэгсэл, урвалж бодисын хэрэгцээ ихсэж байгаагаас жил бүр санхүүжилтийг нэмэгдүүлэн төсөвт тусгах.
- Хүн амд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа дижиталь рентген аппарат, уян дуран, яаралтай түргэн тусламжийн автомашин, нярайн болон хавдрын тусламж, үйлчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр хангах
Эрүүл мэндийн салбарын ихэнх барилга байгууламжийн ашиглалтын хугацаа дуусч, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна. Шийдвэрлэх арга зам:
- Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт яаралтай, зайлшгүй шинээр барих 50 барилгын 94.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс: 2017 онд дуусгах шаардлагатай 18 барилгаас 6 барилгыг барьж дуусгахад 28.9 тэрбум төгрөгийг төсөвт нэмэлтээр тусгах шаардлагатай.
- Салбарын хэмжээнд нийт 182 барилгын засварын ажил хийгдэх хэрэгцээтэй байгаагаас 2017 онд 132 төсөл арга хэмжээний 32.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгах шаардлагатай.
Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгарч буй дээрх асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030, Засгийн газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудад хүрэх боломжтой гэж үзэж байгаа аж.
yyyy · 2016/11/03
ялзараад байхдаа ч яахав дээ шал дургүй хүрчихлээ
Зочин · 2016/11/03
монголд дампуураагүй салбар гэж алга даа.