Хятадын зээл: Үлгэр үү? эсвэл
2016/11/30
Төсөв санхүү хүндэрч, зээл төлөх хугацаа өнөө маргааш тулж ирсэн өнөө үед мөнгө хэрхэн олж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг шийдвэр гаргагчдын хувьд хамгийн толгой өвтгөсөн асуудал болоод байна.
Үндсэндээ 2 хувилбар хамгийн их яригдаж байгаагаас эхнийх нь ОУВС-ын Стэндбай хөтөлбөрт хамрагдах, дараагийх нь Хятадын хөнгөлөлттэй зээл. Эдгээр асуудлууд дээр зээлийн зэрэглэл буурах, Далай ламын айлчлал зэрэг асуудлууд нэмэгдээд ирэхээр хүн бүр ойлгоход бэрхтэй асуудал болон хувирч байна.
Уншихад хялбар болгох үүднээс гадаад болон мэргэжлийн нэр томьёог бидний байнга авдаг банк, санхүүгийн үйлчилгээтэй жишиж тайлбарлаад дараа нь үндсэн сэдэв рүү ороё гэж бодлоо.
Стэндбай, дотоод гадаад бонд, своп гэрээ – ихэнхдээ бэлэн мөнгө зээлэхэд ашигладаг арга хэрэгсэл бөгөөд биднийхээр бол цалингийн, тэтгэврийн, орон сууц засварын зээлтэй шууд дүйцэх юм. Банкны зүгээс таны цалин, ажлын байраа хэр удаан хадгалах зэргийг эхний ээлжинд авч үздэг бол ЗГ-ийн хувьд төсөв, зээлжих зэрэглэл гол үзүүлэлт болдог.
Хөнгөлөлттэй зээл: Аль ч донор байгууллагууд, баян орны засгийн газрууд ийм төрлийн зээлийг 20 иос дээш жилийн хугацаатай, 2 орчим %-ийн хүүтэй л санал болгодог. Орон сууц, автомашин, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн лизингийн зээл гээд шууд ойлгочиход болно. Таньд хэрэгтэй зүйлийг өгнө гэхдээ бэлэн мөнгө өгөхгүй гэсэн үг. Донор эсвэл бодлогын байгууллагуудад ОУВС[1], АХБ[2], ДБ[3], саяхан байгуулагдсан АДБХОБ[4] зэрэг багтана. Мөн Европын Хөрөнгө Оруулалт Сэргээн босголтын банк, Олон Улсын Санхүүгийн корпораци зэрэг хувийн хэвшилтэй ажилладаг байгууллагууд ч бий.
1. Стэндбай
Стэндбай бол дээр дурьдсанаар цалингийн зээл юм. ЗГ төсвийн орлогоо барьцаалж түр хугацаанд шаардлагатай байгаа төсвийн цоорхойг нөхөхөөр мөнгө зээлэх үйл явц юм лдаа. Өрхийн хувьд цалингаа, компанийн хувьд бизнесийн орлогоо барьцаалж байгаатайл агаар нэг. Нэгэнт бодит хөрөнгө, эсвэл хадгаламжийг нь барьцаалахгүй байгаа болохоор зээлдүүлэгч этгээд түр хугацаанд орлого зарлагыг бүрэн хянах эрхийг эдэлнэ.
Хар үгээр тайлбарлавал танай байгууллагын касс эсвэл гэрийн хар дэвтрийг зээлдүүлэгч этгээд өгсөн мөнгөө буцааж автлаа бүрэн хянана гэсэн үг. Иймэрхүү юм бас банк дампуурсан үед Бүрэн эрхэт төлөөлөгчөөр дамжин хэрэгждэг. Анод банк дампуурах үед Монгол Банк бүрэн эрхэт төлөөлөгчөө томилж байсныг зарим нэг нь санаж байгаа байхаа. Хөтөлбөрт орох нь гарцаагүй бөгөөд цаг хугацааны асуудал, Засгийн газрын цалингаа тавихын тулд их удлаа гэхэд Цагаан сараас өмнө орох болов уу. Өөрийн зүгээс аль эрт авч хэрэгжүүлэх ёстой байсан арга хэмжээ гэж бодож явдаг.
2. Хөнгөлөлттэй зээл
А хувилбар буюу бэлэн мөнгө зээлэх бүтэмж муутай мөрөөдөл.
Өмнөх Засгийн Газар своп[5] (swap) гэрээний дагуу 2,5 тэрбум долларыг аль хэдийн Хятадын төв банкнаас аваад идчихсэн бөгөөд одоогийн Засгийн газар түүнийг хэрхэн барагдуулах талаар ямар ч төлөвлөгөөгүй байгаа. Ганц Хятадын гэхгүй Чингис, Самуурай бонд гээд нилээн хэдэн тэрбум долларыг бэлнээр аваад үр ашиггүй төсөлд зарцуулахыг нь зарцуулаад, ядаж байхад сайн эрчүүд дундаас нь цавчаад дуусгасан, муу дээрээ муухай гэдгээр саяхан зээлжих зэрэглэл (caa1) шалтай наалдсан зэрэг хүчин зүйлээс үүдээд бэлэн мөнгө зээлэх газар олдохгүй л болов уу.
Зарим улс төрчид, тэднийг тойрон хүрээлж өөрсдийх нь хэлдгээр пиар биднийхээр бол үлгэр домог зохиож явдаг хүмүүсийн ярианд итгэх юм бол Хятад улс хаширахгүй бэлэн мөнгө зээлэх бололтой. Гэхдээ энэ гэрээ хэлцлийг батлах ямар ч бичиг баримт, тохиролцоо ядахдаа нэг хуудас цаас байгааг хэн ч хараагүй, байлаа гэхэд их л нууц юм болж таарах гээд байгаа юм. Зээллээ гэхэд 2,5 тэрбум доллараа түрүүлж барагдуулах, эсвэл олгосон зээлээс шууд суутгах, хамгийн аймаар нь төлж чадахгүй бол ханшийн эрсдлээс хамгаалах үүднээс төгрөг биш юанийг үндэсний валют болгох гэсэн шаардлага тавихыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ бол нас дээр гарсан лам айлчилснаас ч юмуу[6] бид нар хятадад үнэн голоосоо хайртай болоогүйгээс биш эргэн төлөгдөх магадлал маш муутайгаас болоод байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Засгийн Газрын газраас өнгөрсөн баасан гаригт борлуулахаар зарласан 50 тэрбум төгрөгийн бондыг нэг ч дотоодын банк авахаар захиалга ирүүлээгүйг дурьдахад л хангалттай болов уу.
Б хувилбар. Хөнгөлөлттэй буюу хамгийн бүтэх магадлал өндөртэй зээл.
Хөгжлийн зээл хэмээн өхөөрдөн нэрлэдэг энэхүү зээл цаанаа улс төр эдийн засгийн бодлого агуулж байдаг тул ямарч найдваргүй болсон, төлбөрийн чадваргүй орнуудад ганцхан Хятад гэхгүй аль ч баян орнууд олгоход бэлэн байдаг. Одоо ч гэсэн монголчууд за гэж хэлээд УИХ-аараа батлахад ороод ирэх төсөл хөтөлбөр шил шилээ дараад хүлээж байгаа. Гэхдээ энэ бол лизингийн зээл гэдгийг уншигчид анхааралдаа аваарай.
Яригдаад байгаа 4,2 тэрбум долларыг Хятадууд олголоо гэхэд АДБХОБ эсвэл Эксим банкаар дамжуулж ирээдүйд монголчуудын гол мөнгө олох эх үүсвэр болж болох дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэн, өөрийн компаниудаар гүйцэтгүүлэх болов уу. Шалтгаануудыг дурьдвал Нэгдүгээрт: хямд түүхий эд авах боломж бүрэн хангагдана Хоёрдугаарт: уг төслүүдийг барьцаалах эрх нээгдэнэ.
Гуравдугаарт: 1 болон 2 дахь шалтгаанаас үүдэн хөрөнгө оруулалт бүрэн найдвартай хамгаалагдана. Гэхдээ хятадууд ганцхан манайд бус дэлхийн бусад орнуудад ийм төрлийн хөрөнгө оруулалтыг цутгаж буйг Африк, Латин Америкын орнуудад хэрэгжүүлж төслийн талаархи хэвлэл мэдээллийн эх сурвалжаас амархаан олоод мэдчиж болно.
Сонирхуулж хэлэхэд хуримтлалгүй, ядуу орнууд байтугай Хятад хүртэл АХБ, ДБ-наас гишүүн орны хувьд одоо болтол хөнгөлөлттэй зээлийг авдаг. Учир нь АХБ, ДБ зэргийн олгодог хөнгөлөлттэй зээлд зарим сайн тал бий. Эдгээр банкууд хөнгөлөлттэй зээлийг олгохдоо мэдээллийг ил тод байлгах, иргэдийн оролцоог дэмжих, авлигаас ангид худалдан авалт хийхийг шаардах зэрэг сайн засаглалын зарим элементийг эрх баригчдаар мөрдүүлдэг, түүнчлэн өндөр стандарт, ноу хау дагаж орж ирдэг зэргийг товчхон дурьдаж болох юм.
Хөнгөлөлттэй зээлийн хэрэгцээ шаардлага дуусах болоогүй, түүгээр төсөл хэрэгжүүлж л байдаг, цаашдаа баян улсуудын бий болгосон энэхүү санхүүгийн энэ бүтэц нилээн удаан хугацаанд оршин тогтнох нь тодорхой тул ямар нэгэн айдас төрүүлэх, гадаадыхныг үзэн ядуулах үүднээс биш зээл авахдаа ухаалаг бай, зөв тооц, алсаа харах хэрэгтэй гэдгийг л хэлэх гэж энэхүү зүйлийг бичлээ.
Энэ товчхон мэдээллийн чанартай зүйлүүд дээр уншигч та бүхэн өөр өөрийн гэсэн дүгнэлтийг хийж, санал бодлоо хуваалцаарай.
[1] ОУВС – Олон Улсын Валютын Сан
[2]АХБ – Азийн Хөрөнгө Оруулалтын Банк
[3] ДБ – Дэлхийн Банк
[4] АДБХОБ – Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк
[5] Өмнө нь өөрийн блогт своп гэрээний үндсэн зарчим, Монгол банкны төлбөр яагаад өр болсон тухай дурьдсан болно.
[6] Далай ламаас үүдээд мөнгө зээлэхгүй болчлоо гэдэг дотоодоосоо хийж байгаа пи ар гэж хараад байгаа. Хятадын Гадаад Явдлын Яам далай ламтай холбоотой болгон дээр дандаа эсэргүүцэл илэрхийлдэг, хэрэв америкт Трампын урилгаар 7 хоносон бол сонин хэвлэлээр дэлхий даяар өргөн хүрээтэйгээр 14 хоног хэрүүл хийх байсан боловуу. Бүтэхгүйнээ гэж хэлж байснаас хэн нэг рүү буруугаа чихэх ч угаасаа бидний төрөлхийн араншинлдаа
Daagii B