УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нийгэмд хүлээлт үүсгээд байгаа гэж болох хоёр хуулийн төслийг хэлэлцүүлэхээр товлоод байсан ч түр хойшлуулав.
 
Эхний асуудал нь Гэр бүлийн хучирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд байлаа. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүн хуралдаанд оролцох боломжгүйгээс хэлэлцэх хугацааг хойшлуулав.
 
Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбар хийсэн юм. Тэрээр “10 гаруй улсын туршлага, жишигтэй танилцсан.
 
Судалгаанаас үзэхэд Европын ихэнх улсад гадаадад данс эзэмшихтэй холбоотой асуудлыг ил тод байдлын тухай хуулиараа зохицуулсан байдаг. Тэдгээрт хамаарах албан тушаалтнуудын жагсаалт гаргаж, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, данс хөрөнгөтэй холбоотой мэдээллийг ил тод бүрт­гэж, мэдээлдэг бай­на.
 
Иймээс ажлын хэсэг хө­рөн­гө орлогын мэдүү­лэг гаргадаг 38900 төрийн албан хаагчийн тоог хумих замаар гадаадад данс эзэм­шихийг хориглох ал­бан тушаалтнуудын жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо гаргадаг байх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Мөн манай улсад одоогоор төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсад данс нээх, хөрөнгө эзэмших асуудал нь хуулийн ямар нэг зохицуулалтгүй байдаг. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж бүрдэх гэнэ.
 
Өмнө нь ийм зөрчил гаргасан улстөрчид ёс зүйн хариуцлага хүлээсэн гээд өнгөрдөг байсан бол цаашдаа хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтнуудын талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах, албан тушаалаас нь эгүүлэн татах, огцруулах зэргээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох ач холбогдолтой аж. Гэхдээ гишүүдийн зүгээс улстөрчдийн гэр бүл оффшор данс эзэмшиж болох эсэх нь эргэлзээ төрүүлсэн, иргэдэд ойлгомжгүй хууль болох нь гэсэн анхааруулгыг хэлж байлаа.
 
Зарим гишүүн улстөрчдийн гэр бүл, үр хүүхдүүд нь оффшор данс эзэмшиж болохгүй гэх саналыг гаргасан ч ажлын хэсгийн зүгээс ийм тохиолдолд Үндсэн хууль зөрчинө гэх хариултыг өгөв. Товчхондоо, оффшор данстай бол түүнийгээ ил болгож байж, нийтийн албанд орох хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшихдээ тухайн улстөрч өөрийнхөө нэр дээр бо­лоод эхнэр, хүүхдүүд нь ямар хэмжээний хө­рөн­гө эзэмшдэг, түү­нээс хэдий хэмжээний хөрөнгө нь оффшор бүсэд байгаа гэдгээ үнэн зөвөөр мэдүүлэх хэрэг­тэй гэсэн санал ч гарав. Хэлэлцүүлгийн үед ги­шүүдийн хэлсэн са­налыг тоймлон хүргэж байна.
 
 
 
 Ц.Нямдорж:
 
-Хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаж байгааг анхаарах ёстой.
 
Манай улс зөвхөн 15 улстай туслалцааны гэрээтэй. Туслалцааны гэрээгүй улсууд, тэр тусмаа оффшор бүстэй улсууд мэдээллээ гаргаж өгөхгүй. Ямар ч улстөрч оффшорт данс нээж үйл ажиллагаа явуулдаггүй. Ихэвчлэн ойр тойрны хүнийхээ нэр дээр нээлгэдэг. Хуулийн төслөөс харахад гэр бүлийнхээ нэр дээр данс нээлгэж болно гэдгийг бараг зөвшөөрсөн утгатай байна. Тиймээс улстөрчдийн гэр бүл, ойр тодны хүмүүс нь оффшор данс эзэмшиж болох эсэхийг тодорхой зааж өгөх ёстой.
 
 
 
Ц.Мөнх-Оргил:
 
-Хууль хэрэгжиж эхэлсний дараа хэрэг­жилтийг нь хангаж, хянаж байдаг байгууллагын үйл ажиллагааг ойлгомжтой болгох хэрэгтэй. Хууль нь ойлгомжтой байвал тухайн байгууллагууд хууль хэрэгжүүлэхэд хялбар болно. Нөгөө талаас иргэдэд ойлгомжтой байх ёстой. Энэ хуулиар нийт ХОМ гаргаж өгдөг 380 мянган хүнийг хамруулах шаардлагагүй. Харин магадлалтай гэж болох хүмүүсийг тооцож тусгах нь зүйтэй. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнууд, агентлагын дарга, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дарга, тендер болон хөрөнгө мөнгөтэй холбогддог хүмүүсийг албан тушаа­лаар нь тодорхой заах хэрэгтэй.
 
 
 
Б.Дэлгэрсайхан:
 
-Манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал. Тиймээс хуулийн төслийг дахин сайн ярилцах нь зүйтэй. Монголд гаднын банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын банкнуудад итгэх итгэл алга. Гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүн нь данс эзэмшиж болохгүй гэж байна. Тэгэхээр гэр бүлийн хүн нь бизнес хийж болохгүй юм уу. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар шийтгэж байна уу. Ойлгомжгүй асуудлууд байна.
 
 
 
Ж.Батзандан:
 
-Хуулийн төслийг хойшлуулах, дахин бодож нягтлах гэсээр цаг алдаж болохгүй. Хэлэлцээд нэг тийш нь болгох нь зүйтэй. Харин одоо төрийн өндөр алба хашиж буй хүмүүс гадна нуусан хөрөнгө мөнгөө оруулж ирвэл өршөөх, Ил тод байдлын тухай хуульд хамруулах заалтыг төсөлд нэмж тусгахад болохгүй юмгүй. Төрийн өмчит компаниудын удирдлагууд энэ хуульд хамрагдахгүй юм байна гэж хуулийн төслөөс харагдаж байна. Шууд хамаарал бүхий хамаатнуудынхаа нэр дээр мөнгө хийсэн тохиолдол олон байна. Энэ хүмүүс хуулираа мэдүүлэг өгдөг байх ёстой.
 
 
 
О.Батнасан:
 
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг энэ хуулийн төсөлд нарийн тусгаж өгөх ёстой. Нөгөө талаасаа хүн бүхэн мөнгөндөө хайртай байдаг. Хэн өөрийнхөө мөнгийг хүний нэр дээр хадгалуулах вэ. Эхнэр, хүүхдийнхээ нэр дээр л хадгалуулна. Тиймээс хэрэв гэр бүлийн гишүүн нь оффшор данстай бол түүнийгээ мэдүүлдэг байх, эсвэл ил тод болгох гэх зэргээр асуудлыг хуульд илүү тод тусгах  хэрэгтэй. Мэдүүлэг өгөх албан тушаалтны хувьд аймгийн Тамгын газрын даргаас эхлээд орлогч, ИТХ-ын дарга, сумын дарга нар өгдөг байх ёстой гэв.
 
Энэ мэт оффшор данс, түүнийгээ мэдүүлэх, ил тод болгохтой хол­боотой зөрүүтэй саналууд гарсан тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд ажлын хэсэг төслийг дахин бэлт­гэж, гишүүдээс гаргасан саналуудыг тодорхой тусгахаар тогтов.
 
Д.Гэрэлцэцэг