Эдийн засаг хямарч эхэлж байх үед эрдэмтэн судлаачид, эдийн засагчид хэвлэлээр сануулж, байр сууриа илэрхийлсэн хэлэлцүүлгүүд ид өрнөж байлаа.

Тэр үед “Ашдын бэлгээс амны бэлгэ гэдэг юм. Бүх юм болно, бүтнэ, сайхан болно гэж бод” хэмээн бөөлсөн Фортуна стайл олны инээд, эгдүүцэл хоёрыг зэрэгцүүлэн хүргэж хэсэгтээ л шуугиулсан. Ингээд араас нь “Энэ бол хямрал биш. Эдийн засгийн хүндрэл юм. Төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадвар буурсан төдий” хэмээн Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал “гүрийж” байлаа. Харин өнөөдөр бүх төвшиндөө эдийн засгийн хямрал нүүрэллээ гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнийгээ хөрөнгө оруулалт зогслоо, хэрэгжүүлэх гэж байсан төслүүд гацлаа, барилгын салбар царцлаа. Гэхдээ бид боломжтой хувилбараараа ажиллаж, бүх томоохон төслүүдийг явуулахыг оролдоно гэх зэргээр илэрхийлж байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах нэг ч барилга байхгүй шүү. Эдийн засаг царцаад байна” гэдгийг өнгөрсөн баасан гаригт бизнес эрхлэгчидтэй уулзахдаа хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл үнэндээ эдийн засаг царцсан төдий биш бүр тэс хөлдүү байгаагийн нэг шинж. Манай төр, засгийн өндөр дээд албан тушаалтнуудын зах зээлийн аливаа нөхцөл, байдал, эдийн засгийг ойлгох хурд нь яг яст мэлхий шиг болохоор тэр л дээ. Өөрөөр хэлбэл, одоо Монголын эдийн засагт мөстлөгийн үе эхэлжээ.

Энэ мөсийг хагалж бутаргах, болдогсон бол даруйхан хайлуулж үндэсний баатар болох мөрөөдөл эрхэм улстөрчдөд маань бий. Даанч хүсэхэд хясах гэгч хэцүү. Тиймээс арга ядсандаа ийш тийшээ бадар барихаар шийдээд байгаа. Хэн хаашаа хэдэн “ногоон” гуйхаа хуваарилан авч байгаа сураг ажиг сонсогдох нь энэ нь ордны нууц байхаа больсон гэсэн үг. Үүнийхээ хажуугаар Оюутолгой, Тавантолгойн томоохон төслүүд хөдлөөд эхэлчихвэл ард түмний амьдрал арай дээрдэнэ хэмээн тархи угаасан пи ар хийгээстэй. Хөөрхий, нөгөөдүүл нь үнэндэээ Монголын эдийн засагт овойж оцоотлоо үр өгөөжөө өгөх нь юу л бол. Яахав, тэнд  ажиллаж байгаа монгол иргэд сардаа сая гаруй төгрөгийг цалин авах нь мэдээж өрх гэртээ хэрэгтэй. Гэхдээ ихэнх ашгийг хөрөнгө оруулагч нь аваад арилах нь тодорхой. Манайх шиг гадаадын иргэдийг татвараас чөлөөлж, хууль зөрчсөн ч өршөөж өнгөрөөдөг оронд бол энэ нь гайхаж цочирдоод байхаар зүйл биш болох нь.

Гэтэл улсынх нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал навс унаж, иргэдийн амь зуулга үнэхээр хэцүүдсээр л байна. Одоо дефляци нүүрлэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, харин буурч эхлэх цаг айсуй. Гэхдээ түүнийг нь худалдаж авах чадвар үгүй. Учир нь жинлүүрийн нөгөө талд монгол төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш суларч, зүгээр л чихрийн цаас шиг болж байгаа билээ. Энэ бүхэн дээр засаглалын “зуд”, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нийлэн монголчуудыг нэлээд чанга сэгсрэх нь. Үүнийг хөгшчүүл “Бичин жил сүүлээ шарвадаг” гээд байгаа. Харин улс төрийн хүрээндээ ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудыг сэнтийнээс нь буулгаж “шүд сугална” эсвэл ирэх он гарангуут засгийг огцруулна гэх мэтээр бор шувуу жиргээд л. Байгалийн зуд, засаглалын хямрал нүүрлэж, эдийн засаг нь мөстсөн хүндхэн өвлийг монголчууд давах нь дээ.

Г.ГАНЧИМЭГ 

newscom.mn