Их хаадын үед дархлагдаж байсан адуун сүрэгт өнөөгийн Төр цаазын ял оноожээ
2016/12/08
Б.ДАМДИН-ОЧИР
Монгол хүн морьгүй бол далавчгүй шувуутай адил хэмээх ардын зүйр үг бий. Морь хүн хоёрын яагаад ч тасрахгүй нандин холбоог хэлж буй хэрэг л дээ.
Ерөөс морь бол монгол хүний хийморь. Тийм болохоор өнөө хэр нь эрийн гурван наадмын хамгийн олон үзэгчтэй, сонирхогчтой цэнгэл хэвээр байгаа юм. Гэвч монгол адуу зөвхөн ингэж цэнгүүлдэг, наадуулдаг “хэрэгсэл” байсангүй.
Тэртээ 1235 онд Өгэдэй хаан адуун сүргийг дархан цаазтай болгож, үүнээс 30 жилийн дараа Хубилай хаан Адууны яам байгуулж байсныг түүхийн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Яагаад?!
Түүнээс ч өмнө Чингис хааны Их засаг хуульд адуун сүрэг, эрдэнэт хүлгийн талаар тусгайлан заасан хэд хэдэн заалт бий.
Нэгэн зүйл. /45/
Морь ба бусад уналга хэрэглэх үедээ барьдаг ташуураар газар тулах, суманд хүргэх, морины хазаараар мориоороолгохыг хатуу цээрлэж, хэрэв уг үйлдлийг санаатай хийсэн хүнийг гэмтэн болгож зохих шийтгэлхүлээлгэмой.
Нэгэн зүйл. /110/
Бусдын морийг хулгайлан авсан хүнээс морийг буцаан авах буюу зохих үнээр нь төлбөр гаргуулах үүний хамтмөнгөн торгууль ногдуулна. Хэрэв хулгай хийсэн этгээд торгуулийн мөнгийг төлөхгүй бол түүнд хонь адилөрчилж алах ял ногдуулмой”.
Нэгэн зүйл /119/
Хэн нэгэн хүн идшинд хэрэглэх малыг нядлахдаа хөлийг нь боож өрцийг нь хагалан голыг тасдан нядлаххэрэгтэй. Хэрэв мусульманы адил малын хоолойг нь огтолсон байвал тэр хүнийг өөрийнх нь хоолойг огтложалах хэрэгтэй.
Нэгэн зүйл. /182/
Зарим морь хур хүчтэй тарга сайтай байхдаа хурдлан давхиж чаддаг мөн тарга хүчин нь дунд ба доордбайсан ч сайн давхиж чадна. Ийм морийг сайн морь гэж хэлж болно. Мал малын дотроос агт морьдыг юуныөмнө онцлон үзэж хайрлан хамгаалагтун.
Нэгэн зүйл. /183/
Агт морийг ямагт хайрлан хамгаалж байх ба түүнтэй зүй бусаар харьцаж гэмтэл учруулах, тарчилгаанзовоох явдлыг хатуу хориглов. Хэн нэгэн хүн эдэлж хэрэглэж яваа хийгээд өөрийн эрхшээлд байгаа моринытолгой, нүд рүү цохиж занчих зэргээр харьцаж гэмтэл учруулсан байвал буруутай хүнийг алах хүртэл ялшийтгэл хүлээлгэмой.
Ийнхүү хэдэн зууны тэртээгээс монгол хүнд ойртож, Монголын Төрд дархлагдаж ирсэн адуун сүргийн хувь заяа өнөөдөр ямар байдалтай байна вэ?
Сүүлийн өдрүүдэд лав монгол хүн харахааргүй дүрс бичлэг зарим мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацагдлаа. Зуу зуугаар нь ачаад гаргаж байгаа адуун сүргийг ямар хувь заяа угтаж байдгийг бид мэдээд авчих шиг боллоо. Тэнд адууг тамлаж, өлсгөж алж байна.
Бас жийп машинаар уулгалан дайрч хөнөөж байгаа бичлэгийг бас үзэв. Зүгээр л хядлага.
Уг нь бид чинь Төрийнхөө сүлдэнд адуугаа залчихсан улс. Түүндээ мөргөж, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж амьдардаг хүмүүс.
Энэ сацуу Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаагийн өнгөрсөн жилийн дундуур хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагыг сануулъя. Тэрээр ярихдаа “...2014 оны сүүлчээр 51.9 сая мал тоологдсон. 18 сая төл авсан байгаа. 70 сая малаас 10 сая орчим малыг махны зориулалтаар ашиглана гэж үзэхэд 10 сая гаруй малыг нэмүү өртөг шингээж экспортолно гэж үзэж болно. Нөгөөтэйгүүр бэлчээрийн даац хэтэрсэн. Намайг сайдаар томилогдох үед Ерөнхий сайдын зүгээс нэг л үүрэг даалгаврыг голчлон өгсөн. Энэ нь мах, махан бүтээгдэхүүнийг экспортод гаргах. Энэ дагуу сайд болсноосоо хойш сүүлийн есөн сарын хугацаанд яамны зүгээс чармайж ажилласан. Энэ оны хувьд Хятад улсад адууг нядалж гаргах эрхийг хоёр компани, адууны махан хөлдөөсөн бууз банш гаргах зөвшөөрлийг нэг компани авсан байна” гэжээ. Тэр уг нь хийсэн ажлаа тайлагнаж байгаа нь энэ. Мөн өөр нэгэн албаны эх сурвалжаас ирүүлсэн мэдээллээр жилд 3-7 мянган адууг үржлийн зориулалтаар “хөлөөр” нь экспортолдог гэж байна. Гэхдээ энэ бол албаны мэдээлэл гэдгийг санах хэрэгтэй. Монголд хэвийн үзэгдэл болсон нэг зүйл бол иймэрхүү зөвшөөрөл, тайлан мэдээ нь бодит байдалтайгаа хэзээ ч таардаггүй. Гурван мянган гэдгийг гучин мянга гэж уншвал зохино гэсэн үг.
Ингэж Монгол Төрийн зөвшөөрлөөр адуун сүргийг урд хөрш рүү ачиж байгаатай манай сонины сурвалжлах хэсэг зүүн аймгуудад жил гаруйн өмнө ажиллахдаа таарч байсан. Энэ талаар “Эрдэнэт хүлгээ эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачуулж байна” гэсэн гарчигтай сурвалжлага нийтэлж олон нийтийн сонорт хүргэж байсан юм. Тэр үед жирийн иргэд, уншигчид бол дуу алдаад өнгөрсөн. Харин төр сонсоогүй, хараагүй мэт өнгөрөөсөн юм. Тэгвэл ингээд ачигдаж байсан адуу урд хөршид очоод зовж тарчилж үхдэг байж.
Албаны хүний албан бус яриагаар дээрх байдлаар үржлийн зорилгоор аваачсан адуугаа нутаг руугаа гүйхээс сэргийлж нүдийг нь сохлоод пүнзэнд байлгадаг гэнэ.
Бас нэг хүний ярьснаар Монголын талд уурга, бугуйлаар л баригддаг адуу маань урд хөршид таарсан монгол хүнийг исгэрэхэд чихээ сортолзуулаад давхиад ирсэн гэж байна. Ерөөс монгол хүн морь хоёрын нөгөөх хэзээ ч үл тасрах холбоо энэ биз ээ.
Нөгөө талаар монгол мориноос хүний л ухаан гардгийг эрт, эдүгээгийн олон домог хууч хийгээд болсон явдлууд гэрчилдэг.
Нэгэн түүх.
Аугаа эх орны дайны хүнд жилүүдэд монгол морьд гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн. БНМАУ-ын ард түмнээс ЗХУ-д тусламжийн гараа сунгаж 500 мянган морь бэлэглэсэн нь ихээхэн тус дэм болсон гэж үздэг. Дэлхийн II дайн морьт цэрэг болон шандаст хүлэгүүдийн чадал хүчийг хамгийн их шаардсан сүүлчийн их дайн байсан юм. Чухам морь гэдэг энэ л амьтан өөрийн нуруун дээр энэ дайныг үүрч гарсан билээ. Тэр дайныг туулахад орос цэргүүдийн унасан таван морь тутмын нэг нь монгол морь байсан гэдэг. Баатарлаг монгол морьдод зориулсан хөшөө өдгөө ОХУ-д бий.
Бас нэг түүх.
1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж байжээ. Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг пөөнийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол гурван жилийн өмнө Вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байсан нь тэр. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй толгойг нь тэврээд уйлж байжээ. Тэр азаргыг тухайн үеийн Улаанбаатар хотын захиргаа худалдан авч, гүү хураалган сүүлд нь Богд ууландаа сэтэрлэн тавьсан байна.
Бас нэгэн түүх.
Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, баатарлаг хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй ажээ. Тэр адууны түүх Солонгосоос эхэлсэн байдаг. Дуудлага худалдаагаар дамжин Америкт очсон байна. Эх нутагтаа эргэн ирж чадаагүй ч түүнийг монгол морь гэдгийг хүн бүхэн мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн зүсчилбэл хул адуу байж. Зэвсэг ачаад явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш Хятад болон Хойд Солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Дайны дараа Реклэст Америкийн үндэсний баатар цол олгон шагнажээ.
Өөр нэгэн түүх.
Зөвхөн монгол эр хүн, морь хоёр л салж хагацашгүй нөхөрлөдөг гэвэл тийм биш. Манай монгол бүсгүйчүүдээс ч моринд гарамгай нь цөөнгүй. Тэгвэл Монголч эрдэмтэн Плано Карапини: “Монгол хүүхнүүд эрчүүд шиг морь унаж, чадамгай давхиж явна. Тэднийг хуяг өмсөж, нум агсаж, явахыг бид үзлээ. Эрчүүд шиг нум сум харваж, ан гөрөө намнаж ч чадна” гэж бичжээ.
Үүнээс гадна “Гаднын хошуунд эм малыг бүү гарга” гэсэн То вангийн сургааль сударт үлджээ. Үржлийн зориулалтаар адуу гаргах зөвшөөрлийг төрөөс өгснөөс хойш лав найман жилийг үдсэн байна. Энэ хооронд хичнээн мянган адуу хилийн цаана очиж тарчлаа бол?
Төр зөвшөөрөл өгснөөрөө адуун сүрэгт цаазын ял оноож байна гэсэн үг. Харин Төрийн шийдвэр буруу байгааг эсэргүүцэж, энэ мэтийг сануулах байгууллага, хувь хүн өнөөдрийг хүртэл гарсангүй ирэв. Монголын морин спорт уяачдын холбоо гэж том байгууллага бий. Монголын бүхий л хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс багтдаг холбоо. Тэдний хамгийн их ярьдаг үг бол “...Бид Монголын уламжлал, морины соёлыг авч яваа хүмүүс” гэцгээдэг юм. Найр наадам, өвөл хаврын уралдаалга, “Их хурд”-уудыг харвал энэ үнээн. Гэвч бидний өвөг дээдэс дан ганц тэдэн шиг аргамаг хүлгүүдээ хүний нялх хүүхдээр унуулан өвөл зунгүй уралдуулдаг байгаагүй ажээ. Дайн байлдаан, ахуйн уналга ачилганд голдуу хэрэглэж ирсэн. Ингэхдээ Их засаг хуульд заасанчлан морийг молор эрдэнэ хэмээн дээдэлдэг юм. Өнөөдөр тэр хүмүүсийн үгнээс гадна, үйлдэл маш их хэрэгтэй байна.
Эцэст нь, сүүлийн хэдэн өдөр нийгэмд дуулиан шуугиан болсны хүчинд албаны мэдээгээр 800 адуу амь аврагдах шиг боллоо. Төр энэ экспортыг түр хориглох шийдвэр гаргасан гэнэ. Цаашид яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ганц л гарц байна. Өнөөдөр үнэ цэнэ, үнэн бодит нь улам бүр батлагдаж дэвжиж буй Их засаг хуулийг саная. Дэлхийд ганцхан Адууны яамтай байсан түүхээ бодъё. Тиймээс адуун сүргээ дархалж чаддаггүй юм гэхэд үржүүлгийн зориулалтаар экспортлох Төрийн шийдвэрийг цуцлах ганц зам байна. Ингэж гэмээнэ эрлийз гөлөгний үнээр зарагдаж буй эрдэнэт хүлэг минь Монголдоо үлдэх билээ.
Зочин · 2016/12/14