Их Британы татварын албанаас парламентын зөвшөөрөлтэйгөөр оффшор бүсэд данстай, хадгаламжтай улс төрчдийн дансны хуулга, хөрөнгийн эх үүсвэр, мэдээллийг авч, хууль ёсны бол татвар ноогдуулж, харин хууль бус бол төрийн орлого болгох зэргээр ажиллаж эхэлжээ.

 

Монгол Улсад ч ийм боломж бий. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын болон бусад хуулиар оффшор данстай иргэдээс татвар авах боломж бий гэсэн үг. Гэвч тэдгээр хүмүүс "хамгаалагдсаар” байна. Эцэстээ оффшор данс эзэмшдэг хүмүүсийг шалгаж, хариуцлага тооцох нэрээр оруулж ирсэн хуулийн төсөл нь тэдгээр хүмүүсийг далд байдлаар хамгаалах зорилготой "захиалгын хууль” байж болзошгүй гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж, анхааруулж байна.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярын оруулж ирсэн хуулийн төсөлд төрийн түшээдийг оффшор бүсэд данстай эсэхийг шалгах тухай дурджээ. Гэвч гэр бүлийнхэн нь энэ хуульд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл төрийн өндөр дээд албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг зөвшөөрөхгүй атлаа гэр бүлийнхэн нь эзэмшсэн байвал шалгах, хяналт тавих эрхгүй болж байх шиг байна.

Гэтэл НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн С.Батболдын ах С.Бат-Очир нарын хүмүүс дэд сайдын өргөн барьсан хуулийн төслийн ачаар хяналт шалгалтаас гадуур үлдэхээр байгаа юм.

 Үүнийг л УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхааруулж, хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдгийг хэлсээр байна. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын хувьд УИХ-ын гишүүн, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан. Ер нь ойрын шадар туслах нь. Тиймээс С.Батболдын захиалгаар оффшорын хяналтын тухай хуулийг оруулж ирсэн байж болзошгүй гэх хардлага байна.

 УИХ-ын гишүүн С.Батболд сонгуулийн өмнөх нь өөрөө "оффшор бүсэд данс эзэмшдэг компани худалдаж авсан” тухайгаа мэдээлж байсан билээ. Мөн түүний ах ч оффшорын асуудалтай. Тэгэхээр оффшортой холбоотой хяналтын хууль гарвал хэнд асуудал үүсэх вэ гэдэг нь тодорхой. Тиймээс л өөрийн хүнээр өөрийгөө хамгаалуулах хуулийн төсөл боловсруулсан уу гэх хардлагыг төрүүлчихлээ. Ямар ч асуудалгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бол гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэж байгаад шалгуулах боломжтой. Мөн энэ хардлагыг арилгаж, нийгэмд зөв мэдээлэл өгөх ч боломж бий. Гэвч оффшор дансыг хянах нэрээр гэр бүлийн гишүүдийг хяналт шалгалтаас гадуур үлдээж байгаа нь энэ хуулийг захиалгатай л гэж ойлгохоос аргагүйд хүргэж байна.

 

Үндэстэн агентлаг