УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тавантолгойг гацааж маш их баярлаж байснаас хойш хоёр жил шахам таг зогсоод байсан Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлэлцээний ширээний ард дахин урилаа. Хэлэлцээний ширээний нөгөө талд “Энержи ресурс”, үндэсний компаниудын нэгдэл болон Хятадын “Шинхуа” групп. Японы “Сүмитомо” буй. Ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хэлж байгаагаар Засгийн газар Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам  төдийгүй Өмнийн бүс нуггийн бүтээн байгуулалттай хамт цогцоор нь шийдвэрлэх замаар хэлэлцээг үргэлжлүүлнэ. Эдийн засаг улаан дохио анивчуулаад нэгэнт эхэлчихсэн энэ үед мега төсөл хөдөлнө гэдэг юутай сайхан, юутай гэгээтэй мэдээ билээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд Тавантолгойн төслийг гацаадаг танил сценари ил гарч ирэв.

Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээгээ эцэслэх дөхсөн 2015 оны нэгдүгээр cap. Гэнэтхэн “TBF international” гэх олон улсын компани гарч ирэн Тавантолгойд таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хэвлэлийн хуудсаар зарлаж билээ. Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргачихвал шууд хөрөнгө орууллаа, хариуд нь Тавантолгойн нүүрснээс 900 сая тонн нүүрс л өгчих гэсэн тэдний үг үнэмшихэд бэрх байсан ч гацаагчдад бол завшаан болсон. Таван тэрбум доллар өгөх олон улсын компани бэлэн байхад юун “Шинхуа”, “Сумитомо”, юун’ “Энержи ресурс” вэ гээд л УИХ-аас ажлын хэсэг байгуулж байлаа. Үр дүнд нь хэлэлцээ гацаж, “ТВF international” усанд хаясан чулуу мэт алга болсон. Ганц хоёрхон хоногийн настай таван тэрбум долларын хоосон санал Тавантолгойг тэгж гацааж чадаж байв.

Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчидтай анхны уулзалтаа хийсэн өнгөрсөн долоо хоногт яг л дээрх шиг таван тэрбум доллар амласан бас нэгэн санал олонд ил болов. Олонд ил болов ч гэж дээ, санаатайгаар олонд ил болгов. Бас үүнтэй зэрэгцэн Хятадын талд Тавантолгойн ордыг 400-хан сая доллараар зарах гэж байна гэсэн сөрөг пиар давхар явуулахаа ч мартсангүй. Тавантолгойн хэлэлцээ амжилттай явагдах бүрт л таван тэрбум долларын санал гэнэт Засгийн газарт ирдэг болсон нь мөн ч сонин шүү. Энэ удаагийн санал нь гэхдээ “Макмахон”-ы дараа Тавантолгойн төсөлд орж ирсэн, дэлхийн зах зээлд 250 доллар болж өссөн ч Тавантолгойн нүүрсийг 27 доллараар зарсаар л байсан Хятадын TTJVCO байлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захиралд захидал бичээд байгаа TTJVCO бол үнэндээ “Чалко”-той нэг халаастай, нэг зарчим, нэг бодлогын дор Монголоос түүхий нүүрс авч байгаа компани. Нэг ёсондоо Монголын нүүрс дэлхийн зах зээлийн ханшнаас асар доогуур зарагддагийн нэг шалтгаан нь TTJVCO. “Чалко”-гийн өрөнд дөнгөлөгдсөн “Эрдэнэс Тавантолгой”-ынхон өнгөрсөн таван жилд тонн нүүрсээ 27 доллар зарж байгаагаа “Чалко” хийгээд TTJVСО-гийн нөхцөл маш хүнд байдагтай холбон тайлбарласаар ирсэн.

Дэлхийн жишгээр нүүрсээ зардаггүйгээ “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ингэж л тайлбарладаг байв. Гэтэл ийм хүпд нөхцөл тулгадаг TTJVCO гэнэтхэн “Эрдэнэс Тавантолгой”-н зардлыг нь бууруулъя, ашгийг нэмэгдүүлье, бүр таван тэрбум болгоод өгье гэсэн байх юм. “Чалко”-гийн өрнөөс тийм амархан гарчих байсан юм бол, зардлаа бууруулаад орлого ашгаа нэмэгдүүлэх боломж тийм л их байсан юм бол өнгөрсөн жилүүдэд дуугүй суусан TTJVCO-r яах вэ. Тавантолгойд хөрөнгө оруулалт татах гэхээр сайхан амлалт өгдөг нь үнэгүй бяслаг уу, эсвэл цонхны цаанаас чихэр долоолгох оролдлого уу? Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдгийг бидэнд РЖД-гийн дарга асан В.Якунин хангалттай зааж өгсөн. Харин олон амлалт, төсөл хөтөлбөр цонхны цаанаас бидэнд хангалттай олон удаа чихэр долоолгосон. Гэхдээ TTJVCO-гийн энэ удаагийн санал үнэгүй бяслаг ч биш, цонхны цаанаас долоолгох чихэр ч биш. Харин Тавантолгойн хэлэлцээг гацаах гэсэн “TBF intemational’’-ын танил сценарийн үргэлжлэл гэж харагдаж байна.

Энэ хэлэлцээ амжилттай болбол Тавантолгойн нүүрсийг ченжийн схемээр зардаг тэр загвар үгүй болох учраас л TTJVСО-гийнхэн энэ удаа гацаагчийн гол дүрийг өөртөө хуваарилж байна. TTJVСО бол “Эрдэнэс Тавантолгой”-гоос олборлолтын хөлсөнд авсан түүхий нүүрсээ “Винсвэй” зэрэг Хятадын ченж компаниудад нийлүүлдэг. “Винсвэй” компанийн 2016 оны эхний хагасын олон нийтэд нээлттэй тайлангаас  TTJVCO хийгээд “Винсвэй”-гийн нэгдэл Тавантолгойн тонн нүүрс тутмаас ямар их ашиг олдог вэ гэдэг нь харагдана. Тэрхүү тайланд дурдсанаар тэд энэ оны эхний хагаст 2.17 сая тонн коксжих нүүрс худалдан авсны 90 хувийг Тавантолгойн Зүүн Цанхиас авчээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч Монголын нүүрс хямд хэвээр байгаа нь ашгаа нэмэгдүүлэх стратегийн давуу тал болсон гэдгээ ч тэд ичиж нэрэлхэлгүйгээр тайландаа дурдсан байгааг уншигч та http:// www.hkexnews.hk/listedco/listconews/ sehk/2016/0831 /LTN201608311124. pdf гэсэн линкээр орон харж болно. “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 27 доллараар авдаг тэд цааш нь 65 доллараар зардаг байгаа юм. Нэг тонноос 30 ам долларын ашиг хийдэг тэд ердөө хагас жилийн хугацаанд 267 сая хонконг долларын ашиг хийсэн байна. Энэ нь одоогийн ханшаар 40 орчим сая ам.долларын цэвэр ашиг гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” өрөнд баригдаж, Монголын ард түмэнд сохор зоосны ашиг хүртээгээгүй энэ ченжийн дамжлагат бизнес олон жил үргэлжилсэн. Тавантолгойд бодит хөрөнгө оруулалт хийж, нэгдсэн цогц байдлаар хөдөлгөхгүй л бол TTJVCO болоод “Винсвэй” хагас жилд 40 сая доллар халаасалж, “Эрдэнэс Тавантолгой” урьдын адил өрөндөө дарагдсаар л байх болно. Таван жил ийм замаар үргэлжилсэн энэ бизнесийг халъя, Тавантолшйг эдийн засгийн эргэлтэд зөв замаар оруупъя гээд төр хөдлөх гэхээр л элдэв гацаагчид арга сүвэгчлээд эхлэх нь гачлантай.

Хэрвээ өөр менежмент нэвтрүүлэхгүй бол, Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь сорчилж зөөдөг энэ загвар үргэлжилсээр байвал ердөө гурван жилийн дараа Цанхийн хэсэг сэглэгдсэн овоолго болж үлдэх гээд байгаа учир энэ удаа хэлэлцээ гацаж болохгүй байгаа юм. Учир нь Тавантолгой хэдийгээр 6.4 тэрбум тонн нөөцтэй гэдэг ч үүний нэг тэрбум гаруй нь л коксжих чанарын нүүрс. Цанхийн хамгийн сайн дөрөвдүгээр давхаргын нүүрс нь үүнээс 400 сая тонн л байгаа. Өдгөө Цанхийн энэ дөрөвдүгээр давхаргын нүүрсны хагасыг нь сорчилж, түүхийгээр нь ченжүүдэд өгөөд дуусч байгаа. Уг нь биелүүлдэгсэн бол орд газрыг ингэж сорчилж олборлохыг хуулиар хориглосон заалт байдаг. Харамсалтай нь төрийн өмчит компани хийгээд түүнээс дамжлагат ченжүүдэд энэ хууль үйлчлэхгүй өдийг хүрчээ. Тавантолгойг гурав биш 300 жил ашиглая гэвэл аль давхаргын гэдгийг үл хамааран цогцоор нь баяжуулж, боловсруулан нэг стандарт бүтээгдэхүүн болгох учиртай юм билээ. Ингэж байж л орд газрыг бүрэн дүүрэн эргэлтэд оруулдаг гэдгийг уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канадын жишээнээс бэлхзн харуулна.

Дашрамд хэлэхэд, түүхий нүүрсний бизнес гэж дэлхийн аль ч улс оронд байдаггүй бөгөөд түүхийгээр нүүрсээ сорчилж олборлоод ченжүүдэд өгвөл яадгийг “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа хийгээд Зүүн Цанхийн дөрөвдүгээр давхаргын үлдсэн нөөц зэргээс харж болохоор байна.

 

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/