Дээд шүүх Сүхбаатар аймгийн зарга дээр төрөө самрах шийдвэр гаргачихав уу?
2017/01/05
Ц.ОЮУНГЭРЭЛ
Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Үндсэн хуулиар.
Аймаг, сум, нийслэл, дүүрэг болон улсдаа хэн ард түмний нэрийн өмнөөс засаглах вэ гэдгийг сонгуулиар иргэд сонгож өгдөг нь ардчилсан Монголын ёс. Ард түмнээс олонхийн саналыг хуулийн дагуу авч байж Үндсэн хуулиар зөвхөн ард түмэнд хадгалагддаг тэрхүү засгийн эрх мэдлийг аль нэг нам, хүчин олж авдаг.
Өнөөдөр Сүхбаатар аймагт Ардчилсан Нам 17 суудалтай, Ардын нам 16 суудалтай байх бөгөөд хуулийн дагуу явдагсан бол Ардчилсан нам засаглах эрхээ авчээ. Энэ тоо 2016 оны 7 дугаар сарын 19-ний байдлаар 16:16 байв. Учир нь Болдбаатар хэмээх МАН-ын нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн талаар шүүхэд маргаан өрнөж байснаас болоод МАН-ын 17 дахь найдвар нь эргэлзээтэй байдалд орсон байж.
Сонгуулийн дараахан болсон долдугаар сарын 19-ний аймгийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан Сүхбаатар аймгийн түүхэнд байтугай Монгол улсын түүхэнд байгаагүй нэг зүйлийн содон хурал болсон байна. Тэнд нэг нөхөр “төлөөлөгчийн түр үнэмлэх” гээч зүйлгүйгээр сайн дураараа хуралд гүйгээд ороод ирсэн аж. Сонгууль бүрийн дараа элдэв маргаангүйгээр сонгогдсон нэр дэвшигч нар сонгууль зохион байгуулсан “Сонгуулийн хороо” хэмээх байгууллагаас төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардан авч, энэхүү төр төмбөгөр, ёс ёмбогор олгогддог түр үнэмлэхээрээ анхдугаар хуралдааны хаалгаар орох эрхээ авдаг билээ. Түр үнэмлэх бол нэг ёсны иргэдийг төлөөлж анхдугаар хуралдаа орох виз юм. Энэ визийг аваагүй УИХ-д нэр дэвшигчид наанадаж хэдэн долоо хоног, цаанадаж жил хагасын хугацаагаар УИХ-д орж тангарагаа өргөж чадаагүй тохиолдол манай ардчилалын түүхэнд олон бий. Учир нь сонгуулийн маргаан шүүх дээр явж байгаа л бол, түр үнэмлэхийг олгодоггүй нь Сонгуулийн хорооноос зохион байгуулсан үе үеийн ардчилсан сонгуулиар тогтсон дэг жаяг. Сонгуулийн хороо тэрхүү түр үнэмлэхүүдийг ийнхүү харамладагийн цаана ард түмнээс олгогдсон эрхийг маргаангүйгээр шилжүүлэх чухал үүрэг нь хадгалагдаж байдаг.
Сүхбаатар аймгийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 19-ны хурал түр үнэмлэхээ аваагүй нэг этгээд хуралд дураараа ирж суусныг түрүүн хэлсэн. Түүний нэрийг Болдбаатар гэх ба, МАН-аас нэр дэвшихдээ сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор бусдыг архиар дайлж, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж сонгуулийн хууль ноцтой зөрчсөн. Түүнийг буруутгасан зарга шүүх дээр явж байж. Энэ заргыг ид явагдаж байх үеэр тухайн заргатай холбогдолгүйгээр Сүхбаатар аймгийн өөр нэгэн шүүгчийн захирамж гарч Болдбаатарт хуралдаанд суух “түр үнэмлэхийг олго” гэж шийджээ.
Аймгийн сонгуулийн хороо Болдбаатартай холбоотой хоёр дахь заргын хариуг хүлээн түр үнэмлэхийг нь олгоогүй байна. Хуулиараа ч тэд тэгэх ёстой. Өөрийн би дааж шийдэж чадахгүй маргаан үүссэн нөхцөлд эрх бүхий байгууллагын шийдвэрийг гартал нь тэд хүлээх үүрэгтэй. Ийн хүлээсний эцэст хоёр дахь зарга нь 7 сарын 19-ний хурлаас өмнөхөн шийдэгдэхдээ Болдбаатарыг буруутайд тооцсоноор Сонгуулийн хороо хийх ёстой дараагийн шатны ажлаа хийжээ.
Нэгэнт шүүхээр тогтоогдсон зөрчил нь сонгуулийн дүнг хүчингүй болгохуйц хэмжээний зөрчил байсан тул Болдбаатарын тойрог дээр хуулиараа дахин сонгууль зарлагдаж, нөхөн сонгуульд дахиад МАН ялсан бол өнөөдөр бүх зүйл маргаангүй байх байжээ. Гэтэл Сүхбаатарчууд Ардчилсан Намд үнэмлэхүй итгэл өгч, Ардчилсан нам аймгийн хэмжээнд олонхи болох нь тэр!
Ингээд аймгийн Ардчилсан намын олонхи бүхий Иргэдийн хурлыг хуралдуулах гэтэл Болдбаатартай хуралдсан 7 сарын 19-ний хурал саад болж эхэлсэн байна. Учир нь тэр хурлаар ИТХ-ын даргыг, тэргүүлэгчдийг 100% МАН-аас сонгосон ба, аймгийн Засаг даргыг ч МАН-аас сонгосон байжээ. Ингэснээр олонхийн санал авсан Ардчилсан намд засаглах боломж хаалттай болсон аж.
Аймагтаа олонхи болсон Ардчилсан намын удирдлага 2016 оны 7 сарын 19-ний өдрийн хурлыг хүчингүй болгохоор зарга эхлүүлэв. Эхний шатанд тэд ялжээ. Давж заалдах шатанд тэд бас ялсан аж. МАН-ын нэхэмжлэлээр Дээд шүүх дээр зарга эхлэв.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаан тус асуудлаар 12 сард болохоос бараг сарын өмнө Сүхбаатар аймгийн МАН-ын нөлөө бүхий зарим гишүүд дээд шүүх дээр “ар нь түүз” болсон тухай ярих болжээ. “Дээд шүүхийн шийдвэр манай талд гарна, дараа нь дахин сонгуулийг хүчингүй болгоно, дараа танай намынхныг барина, хорино...” гэх мэт тэд болох үйл явдлыг мэргэн бөөдий шиг ярьцгаадаг болсон байна.
Ардчилсан намынхан шүүхийн шинэтгэл хийгдсэн өнөө үед шүүх ямар шийдвэр гаргахыг улс төрийн намууд урьдчилж мэдэх эрхгүй гэж итгэж байсан ч яг л МАН-ынхны хэлсэнтэй адил зүйл ар араасаа хөврөв.
Дээд шүүх 2016 оны 7 сарын 19-ний Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүчинтэй гэж үзэж хэвээр үлдээхээр шийдсэн аж! Бас дахин сонгуулийн асуудалд шүүх оролцохоор бэлтгэл ажил явагдаж эхэлсэн байна. Цаашид юу болохыг Сүхбаатарын АН-ынхан таахын аргагүй болжээ.
Дээд шүүхийн 12 сарын 19-ний шийдвэр Сүхбаатарчуудад цөөнх нь засаглах эрх өгч, иргэдийн сонголтыг будлиантуулж байгаа нь асуудлын дөнгөж эхлэл юм. Энэ шийдвэрийн үр дагавар уршигтай бөгөөд цаашид хэдэн аймаг, хэдэн сумын иргэдийн сонголт үүн шиг будлиантахыг таашгүй. Хамгийн аймшигтай нь яг ийм байдлаар УИХ-ын маргаан өрнөвөл цаашид Монголын төр яах вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Тухайлбал 2008 оны сонгуулиар Өвөрхангайгаас сонгогдсон нэр дэвшигч З.Энхболд бүтэн жил хагас шүүхээр маргалдсаны эцэст УИХ-д орж суух түр үнэмлэхээ авч байсан. 2012 оны сонгуулийн дараа Г.Батхүү, Д.Зоригт нар мөн л шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа УИХ-ын танхимд суух түр үнэмлэхийг авч өндөр босгыг алхаж байлаа. Хэрэв 2016 оны 12 сарын 19-ний дээд шүүхийн шийдвэр цаашид жишиг тогтоож орхивол дараагийн УИХ-д түр үнэмлэхээ аваагүй ч өөрийгөө сонгогдсон гээд бодчихсон хүмүүс дураараа орж ирж сууцгаагаад засаг төр байгуулалцаж саналаа өгөөд, Монголын төрөөр тоглох болох нь ээ дээ.
Сүхбаатарт үүсээд байгаа асуудал бол аймгийн хэмжээтэй ч, Монголын төрийн бат бэх байдалтай холбоотой асуудал. Ард түмнээс засаг барих эрхээ авах ёсоор нь авсан уу. Тэр эрхийг нь түр ч болов баталгаажуулж өгдөг шат дамжлагаар нь хуралдаа ирж суусан уу. Хурал нь зөв бүрэлдэхүүнтэй хуралдаж ард түмний эрхийг хэрэгжүүлсэн үү гэсэн маргаан өрнөж байхад, энэ маргааныг зөв таслан шийдвэрлэж чадаагүйгээс болж засаглалын том хэмжээний хямрал нүүрлэж мэдэхээр болчихлоо.
Энэ маргаан дунд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Эрдэнэбат бас л үүрэг гүйцэтгэсэн байдаг. Маргаантай хурлаар сонгогдсон Засаг даргыг яаран батламжлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан засаг даргад тавих шаардлагыг хангаагүй хүнийг батламжилж орхиж. Энэ нь Увсад бас л тохиолдсон.
Ерөнхий сайд ч, Дээд шүүх ч хуульд захирагдахаасаа илүү нэг нам, нэг даргын “үгэнд ороод” байгаа юм биш биз? Уул нь үндсэн хуулиараа хамгийн том дарга бол ард түмэн. Тэдний сонголтыг юу ч биш болгох гэж улайрах нь алдас буюу.
www.polit.mn