Хэмнэлтээс тодорсон СӨРӨГ ДҮР
2017/01/17
Түүх ингэж эхэлдэг. 2014 оны тавдугаар сарын 10-нд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тоггоол баталж байлаа.
Тогтоолд зааснаар “Бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх цомхотгох” тухай тусгаж байв. Мөн албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэхээр шийдвэрлэсэн ч энэ тогтоол бодит хөрсөн дээрээ буулгүй явсаар Шинэчлэлийн Засгийн газар огцорсон юм.
Харин 28 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын индэрээс “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа тодотгосон Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралыг гэтлэхийн тулд төрийн албыг бүхэлд нь хэмнэлтийн горимд ажиллуулах тухайгаа онцолж байв. Улмаар яам, агентлагийн дарга нарын унадаг том оврын жийпийг хураахаар тогтож, 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашин ашиглахыг хориглож байлаа шүү дээ. Гэвч Засгийн газрынхаа тэргүүний шийдвэрт эгдүүцсэн, эсэргүүцсэн дарга нар том оврын жийпээ дуртай, дургүй хураалгаж явсаар мөн л сураг алдарсан юм.
Ийнхүү хоёр ч Засгийн газар дамнан албажиж чадаагүй хэмнэлтийн горим Ж.Эрдэнэбатын өнгөн дээр дахин хөндөгдөж, өдгөө үргэлжилж байна. Цаг үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийн үр нөлөө ч хүссэн хүсээгүй ийм шаардлага тэдэнд тулгаж буй мэт. Ойрын жишээ нь, гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүнийг цаашид өөрсдөөр нь төлүүлэх Засгийн газрын тогтоол баталсан нь ердөө л хоёр сарын өмнөх үйл явдал. Ингэснээр энэ онд баталсан төсвөөс 90 сая, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэх тооцоо гараад байгаа юм. Нэг үгээр хэлбэл, УИХ болон түүний харьяа байгууллагын 107, Засгийн газар, түүний харьяа байгууллагын 52, орон нуггийн төсвийн байгууллагын 89 албан тушаалтан гар утасны хэрэглээний төлбөрөө өөрсдөө төлж байхаар болсон нь энэ.
Хачирхалтай нь, гүйцэттэх засаглалаас нь хүртэл гар утасны хэрэглээний зардлыг танах шийдвэр гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгоод явж байхад зарим нэгэн агентлагийн дарга нь албан хэрэгцээний автомашинаа голж, шилэн өмнөхөөс нь сайжруулсан тухай мэдээлэл мэр сэр гарах боллоо. Сайд, дарга нар нь хаа хаанаа бүсээ чангалах тухай ярих болсон энэ цаг үеийн хэмнэлтийн горимоос тодорсон сөрөг дүр нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарцогт. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдсэний дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаараа зарим агентлагийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилоход тус газрын даргаар очсон тэрбээр өмнөх удирдлагынхаа албан хэрэгцээнд унаж байсан “Ланд-200” маркийн жийпийг акталж, 2016 оны шинэ загвар болгон сайжруулжээ. Энэ тухай мэдээллийг хамгийн түрүүнд олон нийтэд түгээсэн хүн нь Зам, тээврийн сайд асан М.Зоригт. Сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгчийн нэг тэрбээр “Ашигт малтмалын шинэ дарга Б.Баатарцогт хуучин цагаан “200”-гаа актлаад өнөөдөр шинийг авч байгаа нь энэ” хэмээн зураг, хөрөгтэй нь оруулсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.
Б.Баатарцогт даргын хувьд ажлаа сайн мэддэг, энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай нэгэн байж болох. Энэхүү шаардлага үзүүлэлтээрээ ч тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар төдийгүй Монгол Улсын ашигт малтмалын нөөц, тусгай зөвшөөрлийг хариуцдаг, зангиддаг чухал агентлагийн даргаар томилогдсон байж таарна. Үүнийгээ дагаад асар их хариуцлагыг түүнээс нэхэх нь зүйн хэрэг. Гэвч Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаасаа эхлээд УИХ-ын дарга нь хүртэл хэмнэлтийн горимд шилжсэнээ зарлаж, агентлагийн дарга нарын албан хэрэгцээний тансаглалыг танаж буйгаа онцолсоор байхад автомашиныхаа өнгийг хар болгож, бүр сайжруулж явааг юу гэж ойлгох вэ. Эсвэл уул уурхайн баялагтай холбоотой салбарыг хариуцаж байгаа агентлагийн дарга нь бусдаасаа давуу эрх эдлэхээр заасан байдаг юм уу, хэлж мэдэхгүй. Тийм байлаа гээд бусад агентлагийн дарга нар нь түүнтэй барьцаж, албан унаагаа голж шилж л таарна.
Тэр үед Б.Баатарцогт дарга бусдаасаа давуу эрхтэи гэж хэлэх хүн лав гарахгүй. Ямарч байсан Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг сөрсөн хамгийн анхны даргаар Б.Баатарцогт тодорч байна. Н.Алтанхуягаас анх сэдэл нь төрж Ч.Сайханбилэг үргэлжлүүлсэн хэмнэлтийн горим хэрэгжиж чадаагүйг тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбон харж болох. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар бол тэднээс өөр. Ирэх гуравдугаар сард төлөх Хөгжлийн банкны 580 сая еврогийн буцаан төлөлтөөс эхлээд тэдэнд хийх ажил их бий. Энэ утгаараа төсөв мөнгөний захиран зарцуулалтад хаа хаанаа хариуцлагатай хандах шаардлага бас бий. Гэвч агентлагийн дарга нар нь түрүүчээсээ үрэлгэн зардал хийж байгааг юу гэж харах вэ.
Б.Баатарцогт нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Геологи, газар зүйн факультетийг төгсөж улмаар уул уурхайн чиглэлээр Австрали, Унгар, Америк, Герман Улсад мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж. 2009 оныг хүртэл хувийн хэвшлийн хаягтай явсан тэрбээр 2012 оныг хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга, тус оноос Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн даргаар ажиллажээ. Харин Шийдлийн Засгийн газрын үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албатай яваа нь энэ юм.
С.СҮЛД
эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин
tseren · 2017/01/17
Olon hun halj ajelgui bolgoj tusuv hemnesen nuhur hemnesen munguuruu tansaglaj bgaa yum bna ldaa . Er ni bol ene gazriig shalgah heregtei dee.. 1 heltsiin darga gehed saidiin hemjeetei ardaa amrah uruutei bairand zalarch bna shdee