Иргэдээс боловсон аргаар мөнгө хүүлдэг СӨХ-г хэзээ цэгцлэх вэ
2017/01/20
-Нэг айлаас сардаа 30 орчим мянган төгрөг авдаг. Нэг м.кв-ыг 120 төгрөгөөр тооцдог. Дээр нь засвар үйлчилгээ, цэвэрлэгээ гээд мөнгө нэмэгддэг. Сар бүр оршин суугчдаас авч буй мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгаа нь маш хаалттай байдаг-
Хууль бусаар байгуулагдсан, ажлаа хийдэггүй, оршин суугчдаас авсан мөнгөө юунд зарцуулдаг нь тодорхойгүй зарим СӨХ-дтой иргэд өнгөрсөн хугацаанд олон удаа тэмцэж байгаа ч амжилтад хүрсэн тохиолдол тун цөөн. Тэдгээр СӨХ өөрсдийн хууль бусаар олсон мөнгөөрөө эрх мэдэл бүхий хүмүүсийг худалдан авч, өөрсдийн талд шийдвэр гаргуулж чаддаг учраас ийнхүү иргэд хана мөргөдөг аж. Хянах хянагчгүй, харгалзах эзэнгүй СӨХ хэмээх бэлэн мөнгөний шуудай иргэдийн халаасыг тэмтэрсээр олон жилийн нүүрийг үзэж байгаа, хуулийнхан ч тоодоггүй, хувийнхан ч тоодоггүй энэ албан байгууллагад хариуцлага тооцох эрх мэдэл бүхий албан тушаалтан одоог хүртэл байхгүй байна. Үүнийг мэдэрсэн үү, яасан уу, хууль бус СӨХ-д ар араасаа мэндэлж, иргэдийн халаасыг хоосолсоор байна. Эдгээрийн нэг нь Баянзүрх дүүгийн нутаг дэвсгэр орших “Баянмонгол” хорооллын “Баянмонгол СӨХ”.
Тус СӨХ нь Баянмонгол хорооллыг ашиглалтад орсны дараахан өөрсдөө дур мэдэн байгуулагдаж байсан түүхтэй. Уг нь тус хороолол ашиглалтад орсны дараа оршин суугчид эвлэлдэн нэгдэж, “Хамтын хүч” нэртэй СӨХ-г албан ёсоор өөрсдөө байгуулж, тамга тэмдгээ авчихаад байсан аж. Гэтэл хууль бусаар байгуулагдсан “Баянмонгол” СӨХ оршин суугчдын тархийг угааж, барилга барьсан компани эхний гурван жилд барилгын засвар үйлчилгээ хариуцдаг учраас та бүхэн түр хүлээж бай хэмээн хэлжээ. Ингээд тэд удалгүй өөрсдийн хууль бусаар байгуулсан “Баянмонгол” СӨХ-гоороо дамжуулан иргэдээс мөнгө татаж эхэлжээ. Бүр тодруулбал, тус хорооллыг барьж ашиглалтад оруулсан “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн хүмүүс тус СӨХ-г байгуулсан гэсэн үг.
Уг нь СӨХ-г байгуулахын тулд оршин суугчдаас хамгийн түрүүнд зөвшөөрөл авах ёстой. Гэтэл дээрх компанийнхан 151 хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 2016 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хурлаа хийж, Баянмонгол хороололд оршин суудаггүй “Их үйлсийн эрэлд” ХХК-нд ажилладаг Батчулуун гэх хүнийг СӨХ-ны даргаар нь томилжээ. Үүнийг эсэргүүцсэн хорооллын оршин суугчид “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-г байгуулж, шүүхэд хандсан байна.
“Баянмонгол” СӨХ-г татан буулгах ёстой
Тус хорооллын оршин суугч Н.Жагдаг “Манай хороололд хууль бусаар байгуулагдсан “Баямонгол” СӨХ үйл ажиллагаа явуулаад хэдийнэ долоон жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх гэж маш их үзсэн. Хууль бусаар байгуулсан энэхүү СӨХ-г татан буулгах үндэслэл, баримтыг нь тэдэнд өгч ч үзсэн. Гэтэл тэд өөдөөс “Та нар юу юм бэ” гээд тоогоогүй. Нэгэнт ойлголцож чадахгүй хэмжээнд хүрсэн учраас оршин суугчид нийлээд түр хороо байгуулж, шүүхэд хандах хамгийн сүүлчийн сонголтыг хийсэн. Манай хорооллын 1830 өрхөөс авсан судалгаагаар 90 гаруй хувь нь одоо ажиллаж байгаа СӨХ-г иргэдийн оролцоогүй, хаалттай үйл ажиллагаа явуулдаг, тиймээс энэхүү СӨХ-г татан буулгах нь зөв гэж үзсэн. Хууль бусаар байгуулсан энэхүү СӨХ-г Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа батламжилсан учраас дүүргийн Засаг даргын Тамгын газрыг ч шүүхэд өгсөн. Бид 2015 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхэд хандсан гол үндэслэл нь СӨХ гэдэг байгууллага барилга барьсан компанийн өмчлөл биш, оршин суугчдын байгууллага байх ёстой гэдэг шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, тус СӨХ нь үйл ажиллагаа явуулах эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Харин ч барилгын компани барилгынхаа бүх асуудлыг нуун далдлах зорилготойгоор тус СӨХ-г байгуулсан гэж бид ойлгож байгаа” гэж хэллээ. Түүнчлэн тэрбээр “Манай хороолол 1830 өрх айлтай. Нэг айлаас сардаа 30 орчим мянган төгрөг авдаг. Нэг м.кв-ыг 120 төгрөгөөр тооцдог. Дээр нь засвар үйлчилгээ, цэвэрлэгээ гээд мөнгө нэмэгддэг. Сар бүр оршин суугчдаас авч буй мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгаа нь маш хаалттай байдаг. Бидний төлж байгаа мөнгө ямар үйлчилгээнд зарцуулагдаж байгааг мэдэх ёстой. Хуулиараа бол мөнгөний зарцуулалтын тайлангаа иргэдэд танилцуулж, хурал хийх ёстой. Гэвч ямар ч хурал болж байгаагүй. Бид мөнгөө төлж байгаа хүмүүс учраас үйлчилгээгээ авах ёстой. Харамсалтай нь анх баригдсанаас хойш засвар үйлчилгээ гэх юм хийгээгүй. Хүүхдийн тоглоомын талбайд тоглоом гэхээр зүйл алга. Бүрэн камержсан хотхон гэх боловч хяналтын камер нь ажилладаггүй гэх мэт олон зүйл байгаа учраас “Баянмонгол” СӨХ-г татан буулгахаар шүүхэд хандсан нь энэ. Тиймээс өнөөдөр энэ асуудлыг олон нийтэд мэдээлэх нь зөв хэмээн үзсэн учраас тус хурлыг хийх болсон юм” гэлээ. Ямартай ч хууль бусаар долоон жил үйл ажиллагаа явуулж, боловсон аргаар иргэдийн халаасыг тэмтэрч байгаа “Баянмонгол” СӨХ-ны үнэн дүр төрх нэг иймэрхүү. Иргэд ч өөрсдийн төлж буй мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар төдийлөн анхаарал тавьдаггүйгээс үүдэн СӨХ гэх байгууллагын санхүүгийн зарцуулалт оршин суугчдад нээлттэй бус байдаг. Үүнээс болж СӨХ болоод оршин суугчдын хооронд асуудал үүсэж, эцэстээ шүүх цагдаагийн байгууллагад очсон нь энэ аж. Хууль бусаар байгуулагдсан СӨХ-д тухайн барилгын компанийн нягтлангаас эхлээд ихэнх ажилчид нь багтсан байна. Ингээд СӨХ байгуулаад долоон жил өнгөрсөн ч энэ хугацаанд хорооллын тохижилт, үйлчилгээг засаж, сайжруулах ямар ч ажил хийгээгүй гэжээ. Иймд оршин суугчид өөрсдөө СӨХ-гоо байгуулж ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа хэлж байсан юм. Харин энэ асуудлаас болж талууд маргалдаж, улмаар гурван шатны шүүхээр явсан ч одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байгааг оршин суугчид хэлж байна.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс “Баянмонгол” СӨХ-г хууль бусаар байгуулагдсан хэмээн үзэж шийдвэрээ гаргасан ч Улсын Дээд шүүх өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн тус хорооллын оршин суугчдын төлөөлөл хэлж байв. Ямартай ч хууль бусаар байгуулагдсан “Баянмонгол” СӨХ-г татан буулгатлаа тэмцэнэ гэж оршин суугчид мэдэгдэж байна.
Энэ мэтээр хууль бусаар байгуулагдсан СӨХ иргэдийн халаасыг тэмтэрсээр байна. СӨХ гэдэг хууль дүрмээрээ оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалаж, амар тайван, аюулгүй цэвэр цэмцгэр орчинд амьдруулахын төлөө татаас авдаг байгууллага. Гэтэл мөнгө авах болохоороо л сүрдүүлэн дарамталж, хэдэн төгрөг авчихаад л алга болдог гэсэн иргэдийн гомдол одоог хүртэл тасрахгүйн байгаа нь СӨХ гэдэг байгууллага үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин нь дутмаг байгаатай холбоотой биз ээ.
Зочин · 2017/01/20
дээд шүүх дандаа иргэдийн эсрэг шиид гаргадаг банкийн талд хууль бусаар мөнгө хүүлж байгаа хамгаалана
irgen · 2017/01/20
SUH gej baigullaga hereggui ee uunii orond Oron suutsni kontort odoogiin SUH-n ajlig hariutsuulah yum bol hamaagui deerdene sard tuluh une mungu ni ch bagsaad irne
Ариун · 2017/01/20
СӨХийн асуудалд анхаарал тавих хянах газар байдаг юм уу. Иргэд байр авах гэж өчнөөн төчнөөн зээл хийнэ, түрээслэн амьдарч байгаа хүн түрээслэгчдээ түрээсийн мөнгө, орон сууцны контортоо хэрэглээнийхээ зардлыг дээрээс нь СӨХ төлнө. Сарын 800,000-1,000,000төгрөгний цалинтай 3-4 ам бүлтэй
Ариун · 2017/01/20
СӨХийн асуудалд анхаарал тавих хянах газар байдаг юм уу. Иргэд байр авах гэж өчнөөн төчнөөн зээл хийнэ, түрээслэн амьдарч байгаа хүн түрээслэгчдээ түрээсийн мөнгө, орон сууцны контортоо хэрэглээнийхээ зардлыг дээрээс нь СӨХ төлнө. Сарын 800,000-1,000,000төгрөгний цалинтай 3-4 ам бүлтэй
Ариун · 2017/01/20
СӨХийн асуудалд анхаарал тавих хянах газар байдаг юм уу. Иргэд байр авах гэж өчнөөн төчнөөн зээл хийнэ, түрээслэн амьдарч байгаа хүн түрээслэгчдээ түрээсийн мөнгө, орон сууцны контортоо хэрэглээнийхээ зардлыг дээрээс нь СӨХ төлнө. Сарын 800,000-1,000,000төгрөгний цалинтай 3-4 ам бүлтэй