Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 11-ний Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга хийсэн. Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна гэдгийг ч салбарын сайд онцолж байсан юм. Мөн импортоор оруулж ирж байгаа автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн арав гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгдсэн байдаг. Улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна гэсэн судалгаа хүртэл гаргаад байгаа.

Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг зогсоох, үйлдвэрлэгдээд зургаан жил болсон автомашиныг хил гаалиар оруулж ирэхийг хориглох шийдвэр гарвал жирийн иргэд хохирох нь тодорхой юм. Иргэдийн олонхи нь буруу талдаа жолооны хүрдтэй буюу Япон улсад үйлдвэрлэгдсэн машин унаж байгаа.

Тэр тусмаа шатахуун бага зарцуулдаг Тоёота Приус маркийн автомашиныг ард түмний дийлэнх нь унаж байгаа. Өмнөх Засгийн газар, хотын дарга баруун талдаа жолооны хүрдтэй авто машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх. Мөн хилээр нэвтрүүлэхгүй байх талаар дүрэм журам гаргах дээрээ тулсан. Жирийн иргэдийн гол унаа болсон приустэй Хотын дарга Э.Бат-Үүл “ноцолдож” эхэллээ. Иргэд яагаад хямд үнэтэй, өнгө үзэмж сайтай Япон улсад үйлдвэрлэсэн автомашин унаж болохгүй гэж” хэмээн эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд дээрх шийдвэрээ ч буцаасан юм. Тэгвэл энэ Засгийн газар дахиад л ард түмний хөл залгуулдаг, зарим талаар амьжиргааны эх үүсвэр болсон унаа приустэй “ноцолдож” эхлэв. Энэ талаар хүмүүсийн санал бодол ямар байгаа талаар автомашины “Да хүрээ” зах, “Мянган машины зогсоол” дээр очиж сурвалжлага бэлтгэсэн юм.

МАШИНЫ ҮНЭ ХЯМДАРЧЭЭ

Автомашин худалдан авалт буурчээ. Үүнийг дагаад машины үнэ ханш 200-500 мянган төгрөгөөр хямдарсан гэнэ. Үнийн хувьд 1500 мотортой суудлын тэрэгнүүд 5-12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Зарагдаж байгаа машины үнийг тодорхойлогч гол хүчин зүйл нь машины үйлдвэрлэгдсэн он. 2006 онд үйлдвэрлэгдсэн Spacio найман сая, 2002 оны Тоёота Королла 7.5 сая, 1999 оны Тоёота Раум 4.5 сая, 2004 оных нь 10 сая, Тоёота Приус 20 8.5 сая. 2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн Приус 20 гэрэл нь түмбэгэр, арай л загварлаг болж ирдэг бөгөөд үнэ нь 500 мянгаар илүү байдаг байна.

2006 оны цэмбэгэр Вингроад 6.5 сая төгрөгийн үнэтэй гэнэ. Машины ченжүүд сонирхож байгаа машинаа лизингээр, бэлэн мөнгөөр, хуучин машин оролцуулбал машин оролцуулж болно гээд л олон төрлийн санал тавьж байв. Мөнгөний боломжтой иргэдийн авч унадаг гэх мосттой жийпнүүдийн хувьд “Raw-4”, “Harrier” зэрэг дунд оврын жийп дунджаар 13-30 сая, “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 15- 16, “Pajero” 22, “Toyota 4wd” 16, дизель хөдөлгүүртэй “Land-100” 43, “Range rover” 45 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна лээ. “Тоёота Кроун”, “Гранд Марк 2”, “Мерседес бенз”, “Тоёота Веросса” зэрэг автомашин 14-25 сая төгрөгийн үнэтэй байлаа.

“МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ СОЛОНГОСЫН ДУУ ОРЧИХСОН ЭВДЭРХИЙ МАШИН УНААД ЯВ ГЭЖ ШУУД ТУЛГАЖ БОЛОХГҮЙ” ГЭВ

“Да хүрээ” зах зээр 20 гаруй жил машин худалдаалж байгаа О.Энхтайвантай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг Засгийн газраас хязгаарлах асуудал яригдаж байна. Энэ шийдвэрийг юу гэж бодож байна вэ?

-Үнэхээр амьдралд нийцэхгүй. Өнөөдөр Монголын ард түмэн яаж амьдарч байгаа билээ. Ямар унаагаар хөл дүүжилж байгаа билээ. Машин авах мөнгөө яаж олдог билээ. Бүгд банкнаас цалингийн зээл аваад л арай гэж авч байна шүү дээ. Бид Японоос олон жил машин зөөж байна. Хамгийн багадаа үйлдвэрлэгдээд 5-10 жил болж байгаа машин л оруулж ирдэг. Үйлдвэрээс гараад арван жил болчихсон машин л хямдхан байдаг. Үйлдвэрлэгдсэн он нь таван жилээс доош болоод ирэхээр үнэ нь хэд дахин нэмэгддэг. Бид он залуу машин худалдаж аваад борлуулахад ямар ч асуудал байхгүй. Гэвч Монголд үнэтэй машин худалдаж авдаг хүн алга байна шүү дээ. Монголчуудын 80 гаруй хувь нь он хөгшин япон машин худалдаж авч байна. Гэтэл буруу талдаа жолооны хүрдтэй буюу япон машиныг хориглох гэж байна. Энэ нь ард түмнээ доромжилж байгаа хэрэг.

-Буруу талдаа хүрдтэй машиныг Монголын зах зээлээс шахаж байна. Үүний цаана БНСУ-д үйлдвэрлэсэн машиныг худалдан борлуулах бизнес явж байна гэх яриа гарсан байна лээ?

-Үнэхээр тэгж хардахаар байна. Япон машин, солонгос машины чанарын ялгаа ямар вэ. Тав тухын хувьд илүү машин аль нь вэ гэдгийг ард түмэн сайн мэднэ. Солонгос машин хэдхэн сар шороон замаар яваад л хамаг эд анги нь тачигнаад дуу орчихдог. Бүр кузов нь дуу ороод шороо чихээд балардаг шүү дээ. Эргээд эд анги тавихаар гурван сар яваад л дахиад солих болдог. Гэтэл Япон улсад үйлдвэрлэгдсэн машин харьцангуй бат бөх. Нэг эд ангийг нь солиод тавихад 1-2 жил толгой өвдөхгүй явна. Монголын ард түмнийг Солонгосын дуу орчихсон эвдэрхий машин унаад яв гэж шууд тулгаж болохгүй шүү дээ гэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ АГААРТ НИССЭН ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА ГЭВ

Мөн “Мянган машины зогсоол” дээр машин худалдаалдаг ченжүүд “Яаж бодохоороо баруун талдаа жолооны хүрдтэй машин хилээр оруулж ирэхийг хязгаарлах талаар Засгийн газрын гишүүд бодож олдог байна аа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат буруу талдаа хүрдтэй машиныг зөв талд нь гаргана. Энэ талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Үйлдвэрлэгч оронтой нь ярина ч гэх шиг агаарт ниссэн зүйл яриад байх юм. Япон улс зөвхөн монголчуудад зориулаад үйлдвэрлэж байгаа машиныхаа жолооны хүрдийг зүүн талд нь гаргах болж байна уу. Эсвэл манай улсын инженерүүд машины жолооны хүрдийг сольж өгөх хэрэг үү. Наад зах нь оюуны өмч гээд л бөөн асуудал үүснэ. Мөн үүнээс болоод хэдэн мянган хүний алтан амь үрэгдэх магадлал өндөр байна. Монгол Улсад гарч байгаа зам тээврийн ослын ихэнх хувийг буруу рультэй машин эзэлж байна гэж ярьж байна лээ. Тэр үнэн. Гэхдээ монголчууд орос ах нарын үйлдвэрлэсэн машин, солонгос тэрэгнээс татгалзаад олонхи нь япон машин худалдаад авчихсан байгаа” хэмээн ярьж байв.

МОНГОЛД ЯВСАН ХУУЧИН МАШИНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮҮ

Автомашины онцгой албан татварыг ам.доллараар тооцдог байсныг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-наас болиулж төгрөгөөр тооцдог болсон. Өмнө нь банкны тухайн өдрийн ханшаар тооцдог байсан бол өөрчлөлт оруулахдаа 1450 төгрөгөөр тооцон гаргасан нь иргэдийн нуруун дээр ирэх ачааг бага ч болов хөнгөлсөн байсан. Үүнээс шалтгаалж өнгөрсөн жилээс автомашины үнэ буурсан байдаг. Гэтэл Засгийн газрын баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах санал батлагдаж, хэрэгжиж эхлэх юм бол хуучин машин эргээд үнэд орно гэдгийг уулзсан ченж болгон хэлж байв. Монголд хэдэн жил болсон машин эргээд үнэ нь буурах нь тодорхой байгаа аж. Анх 14 сая төгрөгөөр авч байсан “Тоёота Кроун”, “Гранд Марк 2” гэхэд Монголд хоёр жил яваад л 5-6 сая төгрөг болж үнэ нь навс унаж байгаа. Тэгвэл үйлдвэрлэгдээд зургаан жилээс дээш хугацаа өнгөрсөн автомашин хилээр орж ирэхийг хориглох юм бол 8-9 сая төгрөг болж нэмэгдэх, жирийн иргэд ойрын хэдэн жилдээ хуучин машин унах нь тодорхой болж байгаа аж. Мөн сүүлийн жилүүдэд хилээр орж ирсэн машины ихэнх хувийг приус эзэлж байгаа. Энэ Засгийн газар ард түмэнд хөл залгуулж байгаа приусийг Монголын зах зээлээс шахахаар улайран “ноцолдож” эхэлжээ.

“Удахгүй ямар зорилготой, хэний бизнесийг дэмжсэн лобби болох нь тодорхой болох биз дээ. Ард түмнийхээ амьдралыг үнэхээр мэдэхгүй, монголчуудаа өчүүхэн ч бодохгүй шаарууд юм аа” хэмээн иргэд ярьж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН