Тамхины эсрэг хуулийн тодорхойгүй заалтууд дунд иргэд төөрөлдөж байна
2013/03/05
Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн баасан гарагаас эхлэн хэрэгжиж эхэллээ. Гэхдээ энэ хууль цаасан дээр л хэрэгжсэн нэр зүүж байгаагаас биш амьдралд хэрэгжихэд асуудалтай байгаа бололтой.
Учир нь уг хуулийн олон зүйл заалт өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа юм. Бид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сурвалжилсан юм.
“Хууль бол заазуур, тогтоосон хил хязгаарыг давах гэсэн хэнийг ч тас завчих ёстой” гэж нийтлэлч Б.Баабар нэг нийтлэлдээ бичсэн байсан. Энэ утгаараа Тамхины хяналтын тухай хууль нь тамхичдын хувьд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн заазуур мэт байх ёстой. Уг хуулийн заалт ёсоор гудамж талбай, баар, цэнгээний газар, бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон газарт тамхи татаж болохгүй. Ер нь тамхи татаж болох газар гэж бараг л байхгүй. Ганц татаж болохоор газар нь хувийн өмч. Энэ утгаараа гэр орон, машиндаа татаж болох шиг байгаа юм. Гэхдээ гэртээ тамхи татаад хажууд нь байгаа хүн хууль хяналтын байгууллагынханд мэдэгдвэл хариуцлага хүлээх үү. Энэ мэтчилэн Тамхины хяналтын тухай хуульд ойлгомжгүй олон зүйл байгаа.
Уг хуулийн дагуу бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон. Бид энэ заалт хэрэгжиж байгаа эсэхийг тандав. Хуулийн заалтаар бол нийслэл хотын А зэрэглэлийн бүсэд тамхи татах болон худал-даалах боломжгүй. Бид эхний ээлжинд МУБИС-ийн ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдээр орлоо. Ихэнх дэлгүүрүүдэд тамхи худалдаалахаа зогсоосон байна. Худалдагчдаас нь хэчнээн гуйгаад ч оюутнууд ганц ширхэг тамхи авч чадахгүй байгаа харагдсан. Харин оройн цагаар бол тэд мэр сэр худалдаж байна аа. Тухайлбал МУБИС-ийн ард байрлах нэгэн ТҮЦ-нээс “Ахаа хоёр парламент өгөөч” гээд мөнгөө өгвөл өнөөх худалдагч халааснаасаа хэдэн хайрцагтай тамхи гаргаж ирээд Парламент тамхинаас хоёр ширхгийг чимээгүйхэн найзын маань гарт атгуулав. Манай хууль ингэж л үйлчилж байна. Бид цааш явж 25 дугаар эмийн сангийн ойролцоох дэлгүүрээр орлоо. Энд ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль болон цэцэрлэг байдаг учраас мөн л тамхи татаж болохгүй. Арав гаруй дэлгүүрээс тамхи сурагласан боловч олдсонгүй. Явсаар нэг байрны хонгил дахь дэлгүүр рүү орж худалдагчаас “эгчээ ширхгийн тамхи байвал өгөөч. Тамхи таталгүй удсан чинь яг үхэх нь ээ” гэвэл “Ойр хавьд цагдаа байх вий. Чи эхлээд гадагшаа гараад харчих. Байхгүй бол ав” гэлээ. Ингээд худалдагч эгчээс гурван ширхэг тамхи авав. Энэ мэтчилэн хууль зөрчиж байгаа үйлдэл хаа сайгүй байна. Монголын хууль гурав хоногийн настай гэдэг. Гэтэл хууль хэрэгжиж эхлээд гурав ч хоноогүй байхад аль хэдийнэ зөрчөөд эхэлчихлээ. Юун нөгөө заазуур. Үнэндээ хүүхдийн баас арилгадаг хутга шиг л юм болж байна.
Алив зүйлийг хааж боох тусам далдуур цэцэглэж эцэстээ дийлдэхээ байдгийг түүх бидэнд хангалттай харуулсан. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь тамхины хэрэглээг хязгаарлах бус харин ч далдуур цэцэглэх боломжийг олгохыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа шагаар тамхи худалдах бизнес дэлгэрч магадгүй гэдгийг олон хүн хэлж байв. Бид нийтийн эзэмшлийн зам талбайд тамхи татаж буй иргэдтэй уулзаж санал бодлыг нь хуваалцлаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Чинзориг: БОДЛОГО НЬ ЗӨВ, АРГА НЬ БУРУУ БАЙНА
-Энэ хуулийн тухайд бодлого нь зөв ч хэрэгжүүлж буй арга нь буруу байна гэж бодож байна. Би Англи, Польш зэрэг оронд олон жил амьдарч байгаад ирлээ. Англид бол зөвхөн ажлын байранд л тамхи татахыг хориглосон байдаг. Манай УИХ-ын гишүүд дэлхий нийтээрээ ингэж хориглож байгаа гэж худал яриад байна билээ. Англид жишээлбэл жолооч хүн машин барьж байхдаа тамхи татаж болохгүй. Яагаад гэвэл энэ бол ажлын байр учраас. Тэр байтугай тамхин бохь зажилж байгаа нь камерт бичигдээд ажлаасаа халагдаж байсан хүн бий. Татаж болохгүй газруудыг нь дурьдаж байхаар татаж болох газруудыг нэрлэчихвэл хүнд ойлгомжтой болно. Дээр нь татаж болохгүй газрууд нь тодорхойгүй байна шүү дээ. Би нэгдүгээр хороололд амьдардаг. Тэнд сургууль, цэцэрлэгүүдийн хоорондын зай ихдээ л 500 метр байгаа. Хуулийн заалтаар бол нэгдүгээр хороололд нэг ч тамхи зарах дэлгүүр байж болохгүй болж байна шүү дээ. Ингээд бодохоор хүний эрх гэж юм байхгүй болж байна. Түүнчлэн тамхи зарж байгаа хүмүүсийн хувьд ч хохиролтой л байхгүй юу. Тэгсэн хирнээ Москва хороололд нэг ч сургууль цэцэрлэг байхгүй учраас тэнд хаа сайгүй тамхи зарж байгаа. Энэ утгаараа хуулийн заалтууд надад огт таалагдаагүй. Зүйл заалтууд нь амьдралд хэрэгжихэд хэцүү. Тамхи татаж байхад цагдаа ирээд торгох гэвэл нь хаана татаж болох юм бэ гэж асууна даа. Хаа сайгүй санамж бичиг наана л гээд байсан. Өнөөдрийг хүртэл би нэг ч тийм санамж олж хараагүй л байна. Гудамжинд татаж болохгүй гэж байна. Гадны орнуудад бол гудамж бүрт тамхины цэгүүд бий. Дээр нь вокзалд тамхи татахыг хориглосон байсан. Польшид бол вокзалад нь тамхи татах цэг байдаг юм. Тэр ч байтугай тамхи татдаг галт тэрэг ч гэж байдаг юм. Тийм учраас л тэнд хууль хэрэгжиж байгаа юм.
Баянгол дүүргийн иргэн Д.Цог: УДАХГҮЙ ТАМХИНЫ ШАГЧИД ГАРЧ МАГАДГҮЙ
-Юмыг нууж хаах тусам улам л лавширдаг шүү дээ. Би нэг жишээ хэлье. Хятад улсад 1980-аад оны үед архичдын тоо эрс нэмэгдэж байсан байдаг. Засгийн газар нь архичдаа дийлэхээ байгаад ирэхээр архины татварыг тэглэж, үнийг нь буулгаад бүх зүйлийг нь чөлөөлсөн байгаа юм. Тухайн үед архидалт нэг хэсэг нэмэгдээд хэдэн жилийн дараа гайгүй болсон юм билээ. Бүх зүйл нь элбэг дэлбэг хорьж цагдахгүй болчихоор архи уух сонирхолтой хүний тоо буурдаг юм байна л даа. Үүнтэй адилхан тамхины хэрэглээг хаах тусам улам олон хүн тамхи татдаг болох байх. Удахгүй тамхины шагчид гарч ирж ч магадгүй. Архи шаглагчид чинь архины хэрэглээг хязгаарлах үед л гарч ирсэн биз дээ. Үүнтэй адилхан л зүйл болно. Хотын төвөөр тамхи зардаг газар бараг байхгүй байна. Над шиг насаараа татсан хүн гарна гэж байхгүй л дээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Н.Алтангэрэл: ГУДАМЖИНД ТАМХИ ТАТАЖ БУЙ ХҮНИЙГ ХЭН ХЯНАХ ЮМ БЭ
-Миний хувьд 30 гаруй жил тамхи татаж байна. Тамхины хяналтын тухай хууль батлагдснаас хойш хэрэглээгээ эрс багасгалаа. Хааяа л ганц нэг татаж байгаа. Гэхдээ тамхины хэрэглээг хянах боломж бага байна. Жишээлбэл гудамжинд тамхи татаж байгаа хүнийг цагдаад мэдэгдэнэ гэж байгаа. Цагдаа таван минутын дараа ирлээ гэж бодоход нөгөө хүн маань тамхиа татаад дуусчихсан байна шүү дээ. Ингэхээр чинь гудамжинд тамхи татаж байгаа хүнийг хэн хянах юм бэ. Энэ мэтчилэн зохицуулахад нэлээн бэрхшээл гарах байх. Гэхдээ тамхи татах эсэх нь хувь хүний л ухамсарын асуудал. Миний хувьд өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан бол одоо нэг ширхгийг л татдаг болсон. Цаашид бүр татахаа больё л гэж бодож байна.
Баянгол дүүргийн иргэн С.Ган-Эрдэнэ: ХУУЛЬ ХЭРЭГЖСНЭЭР ОЛОН ХҮН ТАМХИНААС ГАРНА
-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнд үнэхээр баяртай байна. Би тамхи татдаггүй. Гэтэл дам тамхидалтаас болж эрүүл мэндээрээ хохирсоор байсан. Одоо бол энэ хуулийн ачаар хүмүүс хажууд тамхи татахгүй сайхан байна. Урьд нь ажлынхан маань бараг л ажлын өрөөндөө тамхи татдаг байсан. Одоо ажлын өрөөндөө бүү хэл байгууллага дотор ч тамхи татах боломжгүй болсон учраас манай байгууллагад тамхичдын тоо ч цөөрч байх шиг байна. Цаашлаад олон хүн тамхинаас гарч, тамхи татдаг хүмүүсийн тоо цөөрч байгаа гэж бодож байна. Тиймээс цаг үеэ олсон чухал ажил болж чадлаа.
Хууль хэрэгжих эхэлсэн ч там¬хи нийтийн эзэмшлийн талбайд там¬хи татаж байгаа хүн олон байна. Хачирхалтай нь үүнийг хэн хянаж, тамхи татаж байгаа хүнийг хэн торгох нь тодорхойгүй байгаа юм. Энэ хуулийн хүрээнд гудамж бүрт сануулах хуудас наасан байгаа гэсэн. Иргэд гудамжинд тамхи татаж байгаа хүний талаар мэдээлэл өгөхийг хүсвэл энэ сануулах хуудсыг харж холбогдох хүний утасны дугаарыг авч болно гэсэн. Гэтэл тэр сануулах хуудсыг гудамжаар нэг хайгаад олсонгүй. Арай гэж олтол утасны дугаар байдаггүй. Ер нь гудамжинд тамхи татаж байгаа хүний талаарх мэдээллийг авна гэдэг нь хоосон үг бололтой. Энэ талаар цагдаа нараас тодруулахад “Хуульд гудамж талбайд тамхи татаж болохгүй гэсэн заалт байхгүй учраас гудамжинд тамхи татаж байгаа хүнийг торгох эсэхээ бид мэдэхгүй байна” гэв. Үнэндээ цагдаа нар ч хаана тамхи татаж болох, хаана болохгүйг мэдэхгүй байхад иргэд яаж мэдэх билээ.
Тамхины хяналтын тухай хуульд энэ мэтчилэн тодорхойгүй заалт олон байна. Хуулиа дагавал гудамжинд тамхи татаж байгаа хүмүүсийг бүгдийг нь торгох ёстой. Гэтэл нөгөө талаас хүний эрх яригдана. Хуулийн заалт тодорхой бус буюу хэрэгжих боломжгүй байснаас огт хуульгүй байсан нь дээр гэдэг юм билээ. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ энэ хуулийн зарим зүйл заалтыг илүү тодорхой болгож хөрсөнд буулгах хэрэгтэй байна.
Н.САНЖААСҮРЭН