УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацааны ажлынхаа тайланг тавих үеэр түүнтэй ярилцлаа.
    -Манай улсын эдийн засгийн өсөлт хөгжлийн гараан дээрээ байна хэмээн Эдийн засгийн чуулганы үеэр онцолсон. Энэ өсөлт орлогын тэгш хуваарилалтад хэрхэн нөлөөлөх вэ?
    -Өнгөрсөн жилүүдэд макро эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байлаа. Уул уурхайн салбарын олборлолт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь экспорт болон төсвийн орлогыг огцом нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд шууд болон шууд бусаар хүчтэй нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 12.3 хувьтай гарч, ДНБ-ний хэмжээ 13.9 их наяд төгрөгт буюу өмнөх оноос 25.8 хувь, нэг хүнд ногдох ДНБ 1.2 хувиар өсөн 4.8 сая төгрөгт хүрэв. Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч орлогын тэгш хуваарилалтыг анхаарах ёстой. Орлогын тэгш бус хуваарилалтаас үүдэн эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлж, бага дунд орлоготой хүмүүсийн амьдралын түвшин төдийлөн дээшлэхгүй байна.


    -Та МҮЭХ-г удирдахдаа шаргуу тэмцсэн. Тэмцлийн хэлбэр ямар үр дүн авчирав?
    -Манай холбоо нь 2008-2012 онд иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хэд хэдэн жагсаал цуглаан хийсэн. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2008 оны 10 дугаар сарын 1-нээс дунджаар 35 хувь, 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь нэмүүлэх шийдвэрийг гаргуулсан. Мөн Эрүүл мэндийн яам системдээ ажиллагсдынхаа хоол унаа, түлээ нүүрсний хөнгөлөлтийг 50 хүртэл хувь нэмэгдүүлж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам системдээ ажилчдынхаа цалин хөлсийг 5 хувиар нэмүүллээ.
    2009 онд санхүү эдийн засгийн хямрал эхэлснээр Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг 20-30 хувиар бууруулахаар шийдвэр гаргасныг эсэргүүцэн цалинг бууруулахгүй хэвээр үлдээсэн. Мөн Эрчим хүчний зохицуулах газраас 2009 оны эхнээс цахилгаан дулааны үнийг 25-35 хувиар нэмэх санал боловсруулан тавьсантай холбогдуулж Засгийн газарт МҮЭ-ийн холбооноос шаардлага хүргүүлж тэмцсэнээр цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлээгүй.
    УИХ-аар 2009 оны төсвийн тодотгол хэлэлцэх үед ЕБС-иудын багш нарын урамшуулалд олгох 16.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас хасах санал оруулсныг эсэргүүцэн тэмцэж хэвээр үлдээх шийдвэр гаргуулсан гээд маш олон ажил өрнүүлсэн.


    -Саяхан Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг өргөн барьсан. Хуулийн үзэл баримтлалын гол өөрчлөлт нь юу байв?
    - Уг хуулийн үзэл баримтлал нь эмнэлэг тойрсон эрүүл мэндийн тогтолцоо биш өвчтөн тойрсон эрүүл мэндийн тогтолцоотой байх ёстой гэдэгт чиглэгдэж байгаа. ЭМД нь эмнэлгийг санхүүжүүлэхэд бус харин өвчтнийг эрүүлжүүлэхэд үйлчилдэг байх, эмчилгээ үйлчилгээ муу байвал даатгал төлсөн хүн гомдол гаргадаг эрхтэй байх ёстой гээд олон зүйлийг шинэ хуулиар зохицуулж, зүй бус байдлыг арилгахыг зорьж байна.


    -Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл нийгэмд ямар үр дүн авчрах бол?
    -Энэ удаагийн хуулийн шинэчлэлийн томоохон үр дүн нь хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, аль болох хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа олон хүнийг хамгаалах нөхцөл бүрдүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөж ач холбогдлыг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн хөдөлмөрийн харилцааны маргааныг шуурхай шийдвэрлэх үр нөлөө бүхий бүтцийг бий болгох, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, мөн хуулиар нэгэнт тогтоосон баталгааг дордуулахгүй байхад чиглэгдэж байгаа.
    Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ажил олгогчоос бий болгосон ажлын байранд тодорхой хөлс тохироод түүнийхээ төлөө ажиллаж байгаа бүх хүнд хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байхаар зохицуулсан нь хөдөлмөрийн харилцаанд хөлстэй оролцож байгаа хүн бүрийг хамгаалах нөхцөл бүрдсэн байдаг. Гэтэл манай хуулинд хамаарах хүний тоо нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 40 орчим хувийг л хамардаг тул манай улс хуулиа өөрчлөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Хуулиар ногдуулсан нэг үүргийг биелүүлээгүй байхад ногдуулах хариуцлагыг нэг бүрчлэн зохицуулах шаардлагатай. Мөн хяналтын хүрээнд хөдөлмөрийн харилцаан дахь олон нийтийн болон мэргэжлийн хяналтын сайн бүтэц байгуулах асуудал хүлээгдэж байна. Ер нь ирээдүйгээ харсан, аль болохоор зөрчил маргааныг арилгасан, тэнцвэртэй байлгахыг зорилоо. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах дэд болон салбар хороодыг хуульчлан баталгаажуулахын төлөө Үйлдвэрчний эвлэлүүд ажиллана. Мөн хуулийг олон улсын конвенцтэй нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.


    -Хүүхдийн цэцэрлэг хомс байгаагаас үүдэн залуу эцэг, эхчүүд байнга  бэрхшээлтэй тулгарч байна. Та хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилсан. Хуулийн зохицуулалтын талаар та товчхон тайлбар өгөхгүй юу?
    -Хүүхэд харах үйлчилгээний талаар хуулийн зохицуулалт бий болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн бариад байна. Монголд 2-5 насны 220 мянган хүүхэд байгаагаас 100 мянга нь цэцэрлэг хүрэлцээгүйгээс гэртээ байна. Монгол улсад 550 гаруй цэцэрлэг шинээр барих хэрэгтэй гэсэн тооцоо бий ч жилд 30 цэцэрлэг л барьдаг. Цэцэрлэгт явж байгаа хүүхэд улсаас жилдээ 1.4 сая төгрөгийн татаас авдаг бол цэцэрлэгт яваагүй хүүхдэд энэ бүхэн ямар ч хүртээлгүй байгааг өөрчилж хүүхэд бүр тэр мөнгийг хүртэх ёстой гэсэн санаа хуулийн гол агуулга юм.
    Цэцэрлэгийн хүүхдэд улсаас өгч байгаа хувьсах зардлыг гэртээ байгаа хүүхэд ч хүртэх эрхийг бий болгох гэсэн санаа хуулинд бий. Үүнийг өмнө нь цэцэрлэгийн болон бага ангийн багш хийж байсан хүмүүст гэр цэцэрлэг ажиллуулах боломж олгох замаар шийдвэрлэж, хүүхдэд улсаас олгож байгаа дотацийг хүргэх боломж байна. Нэг хүүхдэд сард 110 мянган төгрөгөөр тооцож уг цэцэрлэгийн ажиллах нөхцлийг хангаж чадвал хүүхдүүд аюулгүй, сурч боловсрох, үеийнхэнтэйгээ тоглож наадах бололцоотой болох юм.


    -Тэгвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн гол өөрчлөлт нь юу вэ?
    -2012 онд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 400 болж өмнөх оноос 5.5 дахин нэмэгдсэн төдийгүй барилгын салбарт дараалан гарсан ослын улмаас энгийн иргэдийн амь нас хохирч нийгмийг цочроосон хэрэг гарсан. Тиймээс ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, барилгын салбарын ХАБЭА-г сайжруулах асуудлаар УИХ-ын дэргэд ажлын хэсэг байгуулах талаар санал гарган ажиллах УИХ-аас тогтоол батлан гаргууллаа. Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд ХАБЭА-н Үндэсний хороог чадалтай байлгах, ажлын байран дээр гарсан л бол үйлдвэрлэлийн осол гэж үздэг. Үйлдвэрлэлийн ослыг осол биш гэж бүртгээд байгаа байдлыг таслан зогсоосон нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана.


 Б.Заяа