Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын өнгөрсөн оны мэдүүлгийг авч дуусчээ.

Энэ жил улсын хэмжээнд 47 мянган орчим хүн мэдүүлэг өгөх ёстойгоос 99.97 хувь нь мэдүүлгээ өгсөн бөгөөд 37 албан тушаалтан хугацаанд нь өгөөгүй болон өгөхөөс татгалзсан байна. Үүнээс 22 албан тушаалтан хугацаа хожимдуулсан, гаргаж өгөөгүй байгаа бол 15 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахаас татгалзжээ.

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх ажил улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 15-ны хооронд үргэлжилсэн бөгөөд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 110 байгууллагын алба хаагчдын мэдүүлгийг бичгээр болон цахим хэлбэрээр авч нэгтгэж дууссан байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ жилээс эхлэн цахим хэлбэрээр өгөх боломжтой болсон аж.

Энэ жилийн хувьд төрийн захиргааны дөрвөн албан тушаалтан, аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 16, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч найман албан тушаалтан, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан долоо, болон төрийн өмчит болон төрийн бус байгууллагын хоёр удирдах ажилтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон гаргахаас татгалзсан аж.

Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар А.Батхуягаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хуулийн дагуу хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан тушаалтнуудад тухайн хүнийг томилсон байгууллага, субьект нь хариуцлага тооцно. Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй хүнийг төрийн албанаас чөлөөлөх, албан тушаал бууруулах зэрэг арга хэмжээ авдаг.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ яагаад гаргахаас татгалзаж байгаа талаар тайлбар авсан уу?
-Тэднээс ямар нэг тайлбар авах шаардлагагүй. Харин иргэний хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч амжаагүй бол хүндэтгэх шалтгаантай гэж үзнэ. Жишээлбэл тухайн хүн өвчтэй байсан тохиолдолд хариуцлага тооцохгүй.