Э.Бат-Үүл намынхандаа хандаж захидал бичжээ. “АН одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авдаг Ардын намын гэмт үйлдлийг дахин хууль ёсны болгож өгнө. Тийм учраас бид Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй! Сонгуульд битгий оролц!” гэж. Маргааш нь “Женко” Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо өрсөлдөх болсноо зарлав. Нэг нь өрсөлдөөнөөс гарч, нөгөө нь орж ирэв. Ингэж энэ хоёр хүний байр солигдлоо.

Э.Бат-Үүлийн хэлсэн нь

Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд бойкот зарлах болсон шалтгаанаа “МАН-ын дарга М.Энхболд сурсан зангаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд луйврын сүлжээгээ дахин ажиллуулахаар бэлтгэлээ хийжээ. Саяхан хийсэн өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаатай зэрэгцүүлэн хэн хаашаа санал өгөх гэж байгааг тандан тогтоосон байна. Нэг ёсондоо санал худалдаж авах хийгээд дэмжигчдийнхээ оролцоог маневрлах “газрын зураглал”-аа гаргаж амжсан хэрэг. Тэд компаниудыг дарамтлан өмнөх сонгуулиар босгосноосоо ч асар их хэмжээний мөнгийг босгож нэр дэвшилт эхлээ ч үгүй байхад орон нутагт ажиллах төлөөлөгчдөө илгээжээ” хэмээн тайлбарласан байна. Уншигчид санаж байгаа бол өнгөрөгч гуравдугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Иргэдийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа” гээчийг орон даяар эхлүүлж, Засаг үүнийг нь 4.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Уг судалгааг явуулахад бүх шатны төрийн албан хаагчдыг дайчлан хамруулсан билээ. Шаардлага нь ердөө хүүхдийн 20 мянгыг хэнд өгөх вэ гэдгийг шийдэхийн тулд шүү дээ.
Уг нь бол одоогоос гурван жил гаруйн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бас нэг ийм төрлийн судалгаа явуулж, баахан айлын хөргөгч зурагтыг тоолсон. Түүий дараа хүүхдийн мөнгө авдаг өрхийн тоо 60 хувиар буурсан билээ. Энд авагдсан дата, мэдээлэл өнөөдөр ч Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын вэб сайтад бүрэн эхээрээ байж байна. Гурван жилийн дотор монгочуудын амьдрал өөрчлөгдсөн үү, үгүй юу? гэдгийг захын чавганц хэлээд өгнө дөө. Өөрчлөгдсөн байлаа ч төсвөөс төдий хэмжээний мөнгө зарж ийм хэмжээний судалгаа явуулаад байх шаардлага ч байхгүй. Хорооны Засаг дарга нар дээр бэлэн байж байх ёстой мэдээлэл. Тухайн хороо хэдэн өрхтэй, хэд нь ажил эрхэлдэг, хэд нь ажилгүй, эсвэл огтоос орлогогүй вэ гэдгийг хороон дарга нараасаа асуучихгүй юу?
Тэгэхээр сүүлд зохион байгуулсан судалгааны зорилго огт өөр бөгөөд Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “МАН нам санал худалдаж авах хийгээд дэмжигчдийнхээ оролцоог маневрлах “газрын зураглал”-аа гаргасан” гэдэг нь үнэн байх нь.
“Эрх баригчид сонгуулийн дүнг луйвардаж авахаар хэдийнээ бэлтгэлээ хангачихаад байхад Ардчилсан нам энэ сонгуульд оролцох нь зөв үү? Хулгай хийлцэхэд оролцчихоод дараа нь “хулгай хийлээ” гэж орилох нь хам хэрэгтнээсээ тохиролцсон зүйлээ авч чадаагүй гомдол төдий харагдана... Э.Бат-Үүл ингэж бичжээ.

Э.Бат-Үүлийн
хэлээгүй үг


АН-ын дарга С.Эрдэнэ сүүлд Баянхонгор аймагт намынхаа гишүүдтэй уулзахдаа “Өнгөрсөн сонгуулиар олон сонгогч, тэр дундаа олон гишүүн маань 50.000 төгрөгөөр саналаа худалдлаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэдний тарааж байгаа мөнгийг нь ав. Харин саналаа л өөрийнхөөрөө өг” гэж уриалжээ. Гэхдээ мөнгийг нь авсан сонгогч саналаа хэзээ ч өөрийнхөөрөө өгдөггүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Мэддэг гэдгээ ч саяхан нам дотроо болсон сонгуулиудаар нотлон харуулсан. УИХ, орон нутгийн сонгуулиар 20-50 мянгаар үнэлэгдэж байсан сонгогчийн санал АН-ын даргын сунгаагаар 5-10 мянга болтнлоо унасныг бид харсан. Баримтжуулсан нь л эсрэг фракци нь байсан болохоос биш “Эрдэнэ даргыг сонгоорой” гэж хэлсэн нь бол яалт ч үгүй үнэн. Сүүлд болсон АН-ын Үндэсний бодлогын хороо, аймаг, сум, дүүргийн намын үү, хороодын сонгуулийг ч гэсэн С.Эрдэнэ даргын фракци бараг дангаараа /Үндэсний бодлогын хорооны 380 гишүүний 100 суудлаас бусад нь/ бүрдүүлсэн байдаг.
Эндээс харвал, энэ сарын 3-нд болох болох Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нам дотроо тодруулах үйл явц хуулийн дагуу, шударгаар явна гэх баталгаагүй болчихоод байна. Дүрмийн дагуу намын гишүүдээс хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг намын дарга Их хурал руу авч орж батлуулах ёстой. Хэрэв С.Эрдэнэ даргын өөрийнх нь хүссэн нэр дэвшигч хамгийн олон санал авч чадахгүй бол энэ тоо хэд ч хүрэх магадлалтай.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр намын хороо тус бүрээс 20 хүн сонгож /мэдээж намын даргын болон түүний тойрон хүрээлэгчдийн итгэл итгэлийг хүлээсэн/ нэг хүнд 60 мянган төгрөгийн урамшуулал өгөх, хүн бүр таван хүнээр санал өгүүлэх шаардлага тавьсан байна. Намын хороо болгоноос 100 хүн санал өгөх ёстой гэсэн үг. Үүнийг Женко хэмээх Х.Баттулга санхүүжүүлж, сонгогдсон намын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд урьдчилгаа 30.000 төгрөгөө авч, ажилдаа оржээ.
Энэ тохиолдолд Э.Бат-Үүл байтугай хэн ч өрсөлдөөнд ороод ялах магадлал “0” хувьтай гэсэн үг. Мөнгө авсан сонгогч хэзээ ч өөрийн итгэл үнэмшлээр сонголт хийдэггүй. Хэдий АН-ын гишүүн байлаа ч тэд ч мөн адил сонгогчдын нэг хэсэг шүү дээ.
Э.Бат-Үүлийн “Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлоё” гэж эхэлж хашгирсан нь магадгүй ийм шалтгаантай. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах нь МАН-ын бий болгосон “соёл” хэдий ч энэ “соёл” одоо АН-д хүртэл халдварласан нь, тэр дундаа намыг толгойлж байгаа удирдлагын бүрэлдэхүүн үүнд оролцож, өөгшүүлэн дэлгэрүүлж, гардан зохион байгуулах хэмжээнд хүрсэн нь Э.Бат-Үүлийн багтрах бас нэг шалтгаан болсон биз. Үүнээс хойш өөр хэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо өрсөлдөөнд оролцохоо мэдэгдсэн долоон хүний хэд нь дахиад өрсөлдөөнөөс сайн дураараа гарахыг таах боломжгүй. Үр дүн тодорхой болсон зүйл дээр өрсөлдөөнд оролцох шаардлага бий гэж үү?