“Гадны” шашин газар ихээр эзэмшиж байна
2013/03/10
Дэлхий дээр олон төрлийн шашин байна. Дурьдвал, Буддизм, Христос, Лал, Күнз, Хинду, Шинто зэрэг болно. Эдгээр нь хүний сэтгэлийг “ховсдож” чадсан учраас олны “танил” гэлтэй.
Үүнээс гадна бидний урд хожид сонсож байгаагүй олон төрлийн шашны урсгал бий. Гэхдээ тэдгээр шашныг “жижиг” хэмээх нь зохимжгүй юм. Учир нь хүний шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан болно. Тиймээс аль нэг шашныг онцлон ярьж, буруу зөвийг тунгаах нь учир дутагдалтай. Гэвч шашны урсгал болоод номлол нь нийгмийн сэтгэлзүйг талцуулж, хүнийг өөрчлөх “увидастай” учраас “харийн” шашны хэт түрэмгийллээс сэрэмжлэх нь зүйн хэрэг.
Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 230 орчим шашны байгууллага албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан аж. Харин албан бус мэдээгээр 630 сүм хийд, шашин мөргөлийн газар буйгаас 272 нь Буддын, 293 нь Христийн, 65 нь бусад шашнуудад хамаарч байгаа аж. Тэгэхээр маш их тооны шашин, мөргөлийн газар үндсэн хуулиар тусгаар эрхээ эдэлж байна.
Бидний хувьд шашин төрийг хамтран баригч “нийгмийг” халсан учраас төр шашны харилцааны тухай хуулиар үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг хадгалан үлдээх зорилгоор төрийн зүгээс Буддын шашныг хүндэтгэн үзнэ хэмээн заасан байдаг. Уг шашин нь соёлын уламжлалтай нягт уялдаа холбоотой байдаг учраас ийнхүү хүндлэгддэг учиртай. Харин бидний зүгээс “харийн” хэмээн ханддаг зарим нэг шашны урсгал хэт дэлгэрч байгаа нь олон асуудлыг араасаа уяж байна.
Шашны үл тэвчлийн үе өнгөрсөн учраас хаяа дэрлэсэн хоёр шашин хамтдаа орших нь бий. Нийслэл хотын “нягтаршил”-ийн улмаас иргэн эзэмших учиртай 0.7 га газар олдохгүй байхад шашны байгууллага га га-гаар нь эзэмшиж буй нь гол харлам. Хэдийгээр тус байгууллагууд “сайн санааны” үүднээс хэмээн олон татааснаас мултарч чаддаг ч эргээд нийгэмд сэтгэлзүйн том цохилтоос өөр зүлийг өгч чаддаггүй.
Өөрөөр хэлбэл, нийгэм оршин байх нэгээхэн үндсийг “татвар буй дор төр оршмой” хэмээн тунхагласан байдаг. Тэгвэл шашны тодотголтой хандив, итгэл үнэмшилээр тэтгэгддэг тус байгууллагууд татвараас бүрэн чөлөөлөгддөг. Гэтэл шашин нэр дор чухам ямар үйл ажиллагаа явуулж буйг нь хянасан тохиолдол бараг үгүй. Олны мэдэхээр, Христос шашны нэгээхэн урсгал болох Мормон, Мүүн зэрэг шашны байгууллагын эзэмшиж буй зай талбай, байшин барилгын хийц загвар нь ихээхэн мөнгө зарсан гэдгийг илтгэдэг.
Үүнийг улс төртэй холбож, сэрдэх тохиолдол ч бий. Учир нь томоохон пүүс, компани эзэмшигч, улс төрийн зүтгэлтэн өөрийн шашиндаа оруулж буй хувь нэмрийг итгэл үнэмшил бус “эд хөрөнгөөр” төлөөлөх нь их. Мөн гадны шашны урсгал хэт хүчтэй орж ирсний улмаас уламжлалт түүх соёл бүдгэрэх аюул үргэлж заналхийлдэг.
Үүний тодхон жишээг БНХАУ-аас ажиглаж болно. Хэдий урд хөрш хаалттай ч гэлээ шашны үзэл суртлыг дэлгэрүүлэх үүднээс тус улсад амь насаа дэнжин тавьж шашны суртал ухуулга тарааж байгаа итгэгчид олширсон. Хэрвээ БНХАУ дотроосоо шашны сурталд идэгдэх аваас одоо төр барьж буй жолоодлого хазайх аюултай гэдгийг мэддэг. Тиймдээ тойруу утгаар шашны үзлээс “айж” байгаа.
Гэтэл хэдхэн сая хүн амтай манай улс хэтэрхий олон шашныг нэгэн зэрэг хүлээж авснаар иргэдийн сэтгэлзүй олон хэсэг болж бутарсан байна. Үүнийг уламжлалт баяр болох цагаан сар тэмдэглэх өдрийг арай ядан тогтоож буйгаас ажиглаж болно. Түүнчлэн ертөнцийг үзэх үзэл болоод сэтгэлзүй нь тогтворгүй байдаг багачуудын тархийг шашны сургаалиар угаах нь буруу юм.
Өнөөгийн нийгэмд “шарын” шашнаас илүүтэй Христос шашин бидний хойчид шууд, нөлөөлж, “эзэн” гэх бурханы тухай дуу шүлгийг зааж шанд нь гар хоосонгүй хоцроож байна. Тодруулбал, нийгмийн эмзэг бүлэгт гараа сунгаж, идэж уух зүйлээр тэднийг торгоож байна. Эцэстээ тухайн хүүхэд шашны нөлөөнд автаж, ертөнцийн үйл явдлыг шашингүйгээр төсөөлж чадахгүй байх үр дүнд хүргэж байна.
Тэгэхээр бид аль нэг шашны урсгалыг шахан гадуурхалгүй, тэдний үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглах, хүүхдүүдэд шашны үзэл суртлыг түгээхийг нь аажим аажмаар багасгах хэрэгтэй байна. Хэдийгээр шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх ч, түүнд түлхэн оролцуулах, өдөөн хатгах нь хууль бус юм шүү.
Б.Ширнэн