-ТЭД ХЭРЭГЛЭГЧДЭЭ ЛУЙВАРДАХ АРГАД АРАЙ Л ИХ ГАРШААД БАЙХ ШИГ-

“Мобиком”-ын хэрэглэгчид санаа нэгдэж  тэднээс  татгалзвал ямар вэ. Ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхгүй л бол шулуулсаар, доромжлуулсаар л байх юм байна. Нэр төрийн баталгаа 9911-тэй дугаар нь ченжүүдийн гараар дамжин 30 сая төгрөгийн ханштай болж, намайг чамайг доромжилно. Бас амьдралаар нь тоглоно. 11-тэй дугаарыг нь авах гэж эхнэртээ хэлэлгүй байраа зарчихаад баларч явсан эрийн түүх саяхных. Мобикомынхонд дараа төлбөртийн хэрэглэгчид л “хүн” болохоос урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид бол хэн ч биш. Байр, машины хонжвортой сугалааны азтан нь шууд нэвтрүүлгээс өмнө олонд зарлагдсан онигоо нь бас л саяхных. Нэг дор байртай, машинтай болохыг хүссэн хэрэглэгчид Мобикомд нүд ирмэхийн зуурт хэдэн саяын орлого оруулсан бол оо. Өчигдөр нэгэн залуу фэйсбүүкээр дамжуулж Мобикомыг ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах газар хоёрт ховлож, баримт материалаа олонд дэлгэсэн байв.  Тэр залуу сүүлийн сарын ярианыхаа төлбөрийг хийх гээд дэлгэрэнгүй биллээ авч шалгатал 99000030, 603, 510, 599 зэрэг Моби-гийн операторын дугаарууд өөрийг нь луйвардаж байгааг мэдсэн гэнэ. Мессеж роуминг үйлчилгээг зургаан удаа хэрэглэсэн атал 15 удаа хэрэглэсэн хэмээн төлбөр гарсан, АНУ-д очоод хэдхэн хонож байхад нь утасных нь хэрэглээний төлбөр 300 мянган төгрөг гарч, дугаарыг нь хаачихсан байсан, ярианых нь дэлгэрэнгүй, хураангуй билл хоёр өөр гарсан гэх зэрэг луйвруудыг нь баримтаар илчилсэн байна. Тэр бас “Мобиг”-ийн хэрэглэгчдийг сүүлийн 3-6 сарынхаа ярианы дэлгэрэнгүй биллийг гаргуулан авч сайн нягталж шалгаж үзэхийг зөвлөсөн байв. Р.Батрагчаа гэх энэ залуу Монголд байгаагүй, гар утсаа ашиглаагүй эхнэрийнхээ хоёрдугаар сарын ярианы дэлгэрэнгүй биллийг авч шалгаж үзсэн байна. Гэтэл нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 8886,2 төгрөг гарсан байсан бөгөөд хураангуй билл дээр нь роуминг мессеж 22.960.92 төгрөг, нийт хэрэглээний НӨАТ-гүй дүн нь 25.582.17 төгрөг болсон байна. Зөрүү 16.695.97 төгрөгийн төлбөр хаанаас гарч ирсэн байж таарах вэ. Энэ хугацаанд эхнэр нь ерөөсөө мессеж роуминг үйлчилгээг ашиглаагүй зөвхөн viber-аар холбоо барьж байсан гэнэ.  Зөвхөн хоёр сарын ярианы төлбөр дээр 16 мянган төгрөгийн “но” илэрсэн нь Мобиком хэрэглэгчдийг хэрхэн яаж луйварддагийг харуулж байна.

ШӨХТГ-аас үүрэн холбооны компаниудад ярианы төлбөрийг секундээр тооцох шаардлагыг аль эрт хүргүүлсэн ч техникийн шинэчлэлт хийхгүй бол болохгүй гэдэг шалтгаанаар энэ сарын 15-ныг хүртэл хойшлуулсан. Ирэх баасан гарагаас эхлэн гар утастай хэн бүхэн ярианы бүрэн бус нэг минутын төлбөрийг секундээр яс тооцож төлнө гэсэн үг. Гэтэл дүрэм журам үйлчилж эхлэхийн даваан дээр үүрэн холбооны ууган оператор, хамгийн олон хэрэглэгчтэй гэж монополддог “Мобиком” компани үнийн санал дээр зөрж байгаагаа илэрхийлсэн бололтой юм. Хэрэглэгчдийнхээ тоогоор давуу эрхтэй нь тогтоогдсон учраас үнийн саналаа ирүүлэх нөхцөл боломжийг нь нээлттэй орхисон байх.  Гэтэл Мобикомынхон жинхэнэ монополоо харуулж л дээ. Тодруулбал, нэг секундын яриаг хоёр төгрөгөөр тооцож авна гэж. Энэ саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлсэн байна. Үнэхээр нэг секундын яриаг хоёр төгрөгөөр тооцвол хэрэглэгчдэд хохиролтой, харин үүрэн холбооны компаниудад одоо байгаагаас илүү ашигтай болж хувирна. Нэг минутын яриаг дунджаар 70 төгрөг байсан гэвэл секундын алхамд шилжихээр нэг минут нь 120, бүр 140 төгрөг болно.  ШӨХТГ, ХХЗГ-ын тавьж байгаа шаардлага тун энгийн. Нэг минутаас дотогш ярианы төлбөрийг бүрэн бусаар тооц гэсэн. Өөрөөр хэлбэл, 50 секунд ярьсан хүн 50 төгрөг л төлөх ёстой. Мобикомын тавьж байгаа шаардлагаар бол 50 секунд ярьсан бол 100 төгрөг төлөх юм байна л даа. Үнэ тарифын асуудлыг Харилцаа холбооны зохицуулах газраас тогтоодог учраас секундээр тооцож төлбөр төлөх санаачилга гаргасан ШӨХТГ-аас Мобикомоос тавьсан энэ саналыг эсэргүүцэх боломжгүй болчихож. Нэг секундын ярианд төлж болох хамгийн өндөр өртөг нь 1 төгрөг 16 мөнгө гэнэ лээ.  Хэрэглэгчид өөрсдөө хүсвэл энэ секундын алхамд шилж, эс хүсвэл хуучнаараа төлбөрөө төлөөд яв гэсэн шаардлагыг Мобикомоос тавьж буй юм билээ. Ингэх ч боломжтой юм гэсэн.

Хэрэглэгчдээ хуурч мэхэлж, халаас руу нь гараа дүрж, хулгайлж луйвардаад сурчихсан Мобигийнхонд ичих нүүр алга аа, даанч. Моби-гоос хямд тарифтай, үйлчилгээ сайтай, сүлжээ нь хаа сайгүй барьдаг үүрэн холбооны операторууд хэд хэд байна. Бүр болохгүй бол Моби-гийн эсрэг аян зарлаж, хэрэглэгчид нь моби-гоос татгалзах аян санаачилж, өрнүүлсэн ч болохгүй юм алга. 9911 дугаарлалтын дараагийнх гэж сурталчилдаг 9999 тэй дугаараа борлуулах гэж хэрэглэгчдээ багагүй хугацаанд шантаажилсан. Харин одоо 9411 тэй дугаараа шахах гээд “Та завтай байна уу, танд үйлчилгээ санал болгоё” гэж өдөр, шөнө ялгалгүй залгадаг болж. Шууд тулгаж байгаагаас өөрцгүй.  Үнэгүй үйлчилгээ гэж Моби-д байхгүй. Дуудлага харах, дугаар хадгалах, мессеж роумингд холбогдох, утасны ая татаж авахад хүртэл төлбөртэй. 9911, 9909, 9919 гэх мэт дугааруудаа “хаданд гаргачихсан”.  Ийм дугаар худалдаж авъя гэхэд байхгүй хэрнээ ченжүүдийн гар дээр шинэ симтэйгээ байж л байна. Дугаар зарна, авна гэсэн зарын цаана Мобикомынхон өөрсдөө байдаг гэдэг.  Хэрвээ тиймгүй бол ченжүүдийн гар дээр байгаа тэр нэр төрийн баталгаануудаа хурааж цуглуулж аваад жирийн хэрэглэгчдэдээ худалдаж яагаад болохгүй гэж.  Эцэст нь  “Мобиком”-ын хэрэглэгчид санаа нэгтэйгээр тэднээс  татгалзвал ямар вэ гэж уриалъя. Ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхгүй л бол шулуулсаар, доромжлуулсаар л байх юм байна, Мобикомд. Одоогоос хориод жилийн өмнө Монголд үүрээ зассан Мобиком хэрэглэгчдээ луйвардах аргад арай л их гаршаад байх шиг.

 

Б.Оюунгэрэл