Хятадууд төвд банхарыг тэжээхээс залхаж олноор нь нядлах болов
2017/09/20
Хятадад цэцэглэж байсан Төвд банхарын зах зээл уналтад оржээ. Ийм нохойг гэртээ тэжээх нь Хятадын баячуудын дунд загвар болж, зэрэг зиндааны илэрхийлэл болдог байв. Нэг банхар бүр сая юаниар зарагдсан тохиолдол ч бий.
Гэвч саяхнаас энэ хандлага эрчимтэй буурч, хэт олширсон банхарууд гудамжинд хаягдах болжээ. 2015 оны сүүлээр Төвдийн Автономит Мужид ажилладаг нохой үржүүлгийн газруудын гуравны нэг нь хаагдсан байна. Хөрш зэргэлдээ Циньхай мужид банхарын жилийн борлуулалтын дүн 200 сая юань ($29 сая) хүрдэг байснаа өнгөрсөн жил 50 сая юань ($7.2 сая) болж буурчээ.
Дэлгүүр, үржүүлгийн газрууд олноор хаалгаа барихдаа нохойнуудаа зүгээр л гудамжинд орхидог болсон байна. Хэт олноор золбирсон Төвд банхарууд мал амьтанд төдийгүй хүнд аюул учруулах болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Циньхай мужид 8 настай охин золбин банхарт уруулж амиа алдсан юм.
Ердийн жижиг хот суурингуудын золбин банхарын тоо хамгийн багадаа 500 хүрч байгаа гэнэ. Зарим суурингууд золбирсон банхаруудыг орогнуулж, тэжээх байр бэлдсэн нь хэт өндөр зардалтай болоод байгааг орон нутгийн албаны хүмүүс мэдээлжээ. Тухайлбал Циньхайн Маожуань хотын захиргаа 2015 онд банхарт зориулж 200,000 юаний байр бэлдсэн боловч урсгал зардлаа олох гэж аргаа барж байгаа гэнэ. Анх нэээгдэхдээ 1,200 банхар хүлээж авсан бол өнөөдөр 600 орчмыг тэжээж байна. Тэднийг хооллохын тулд сард 20,000 юаний зардал гаргах хэрэгтэй болдог аж. Өндөр стресстэй ажлын байр тул ажиллах хүн ч олдоход хэцүү гэнэ. Төвд, Циньхайн зарим дүүргүүд устгал явуулах гэж оролдсон ч амьтны амь таслахыг цээрлэдэг Буддистууд хүчтэй эсэргүүцсэн тул энэ санаагаа орхиод байгаа гэнэ.
Мөн зарим газарт эм нохойд ерөндөг тавих аргыг хэрэглэж эхэлсэн ч үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Ийнхүү нэгэн үе эд баялгийн билэгдэл болж байсан Төвд банхарын хувь заяа бүрхэг болжээ.
Эх сурвалж: China Dialogue
Зочин · 2017/09/20
manaid zodoon chnohoig oron suutsand tejeehiig horigloh estoi yaaraltai