Цөмийн салбараар шоу хийгчдэд ямар сонирхол байна вэ
2013/03/13
Монгол Улсад цөмийн хаягдал булшлах нь гэсэн цуу яриа дэгдэж, дариу хоёр жилийн нүүр үзжээ. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы Фукушимад Атомын цахилгаан станц дэлбэрч дэлхий нийтийн анхаарал тийш чиглэсэн юм.
Түүнээс хойш Японы Фукушимагийн дэлбэрэлтээс үүссэн Атомын цахилгаан станцын хог хаягдлыг Монголд булшлах нь гэсэн таамаг гарч эхэлсэн билээ. Энэ үеэс ч цөмийн асуудлаар шоу хийгчид олширсон .
Хоёр жилийн өмнө Японы Фукушимад Атомын цахилгаан станц дэлбэрсэн өдөр болох энэ сарын 11-нд Монголын ногоон нам, “Байгаль орчины иргэний зөвлөл” болон зарим цөмийн эсрэг тэмцэгч АНМ бүлгийн гишүүд жагсаал зохион байгуулсан юм. Цуглааныг зохион байгуулагчдын зүгээс өмнө нь мэдэгдэж байсанчлан 10 мянган гаруй хүн оролцоно хэмээн дуулиан дэгдээсэн ч 40 гаруйхан хүн “Цөмийн аюул баяртай” уриатай өдөрлөгт оролцов. Цөмийн эсрэг тэмцэгчид өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд мөн л 10 мянгуулаа жагсана гэж дуулиан дэгдээж 100 хүрэхгүй хүн жагсаалд оролцож байжээ. Нэг жилийн өмнө болсон тус арга хэмжээнд Ногоон эвсэл, Шударга иргэдийн фронт, Ард түмний хянан шалгах хороо, Гал үндэстэн холбоо, Хамуг Монгол хөдөлгөөн зэрэг нөгөө л юм бүхэнд үсчиж байдаг нөхдүүд энэ арга хэмжээнд оролцож байсан байна.
Цөмийн эсрэг жагсагчдын зүгээс цөмийн хаягдал булшлах нь хэмээн барин тавин ийнхүү хардлага тээдэг ч чухамдаа цөмийн хаягдал булшлахгүй гэдгээ төрийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгддэг.
Засгийн газрын тэргүүн хэд хоногийн өмнө Дорноговь аймагт ажиллахдаа Монгол Улсад цөмийн хаягдал булшлахгүй, мөн Атомын цахилгаан станц барихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барихгүй, цөмийн хаягдал булшлахгүй гэсэн чиглэлийг тусгасаныг санууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индерээс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, цөмийн зэвсэггүй орон байхаа зарлаж, тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдтой хамтран “Цөмийн хор аюулаас ангид байх тухай” зарлиг гаргаж байв. Төрийн зүгээс ийнхүү Монгол Улсад цөмийн хаягдал булшлахгүй, Атомын цахилгаан станц барихгүй гэсэн бодлого гаргаж, Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан атал цөмийн эсрэг тэмцэгч нэр зүүсэн хэсэг бүлэг хүмүүс хоосон цуурхал, олон нийтэд ташаа мэдээлэл цацаж нийгмийн сэтгэл зүйг өөрсөд дээрээ татаж буй нь юуны учир вэ.
Монголд Атомын цахилгаан станц барихгүй гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан атал мухарлан барих гэж байгаа мэтээр ташаа мэдээлэл цацаж, сүр болгож буй эздэд ямар нэгэн ашиг сонирхол үйлчилж байгаа юм биш биз.
Сүржин мэдээллийг гаргаж, жагсаал нэртэй арга хэмжээ зохион байгуулахыг оролдож буй Монголын ногоон нам, АНМ бүлгэмийнхэн, судлаач Ч.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс нь ямар нэгэн ашиг сонирхол нуугдаж байгааг үгүйсгэмгүй. Эх сурвалжийн мэдээллээр бол цөмийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас мөнгө төгрөг нэхдэг гэсэн сураг ч сонсогдож байв.
Цөмийн эсрэг тэмцэгчдийн тавьж буй Атомын цахилгаан станц барихгүй байх, цөмийн хаягдал эх нутагтаа булшлахгүй гэсэн шаардлага нь зүйн хэрэг.
Төр, олон нийтийн зүгээс ч санал нэгдэж байна, энэ асуудалд. Харин цөмийн технологийг ашиглахгүй гэсэн муйхар аргаар эсэргүүцэх нь хэр оновчтой бол оо.
ШУ-ны бүх салбарт хэрэглэж байна гэж бардамнах цөмийн технологийн салбарынхны дургүйцлийг хүргэж буй юм биш биз. Монгол Улс үнэхээр цөмийн технологийг ашиглахаас татгалцах боломж байна уу.
Ураны хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулж буй төслүүдийг зогсоох боломжтой юу. Товчхондоо бол боломжгүй гэнэ. Хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулж буй төслүүдийг зогсоосноор дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газраас их хэмжээний хөрөнгө оруулалтаа эргүүлэн нэхэх аюултайг мэргэжилтнүүд сануулсаар.
Ер нь Монголчууд цөмийн технологиос татгалцах нь дэлхийн хөгжилөөс татгалзаж буй хэрэг хэмээн энэ салбарынхан мэдэгдэж байгаа билээ.
Цөмийн технологи нь шинжлэх ухааны бүхий л салбарт нэн тэргүүний хэрэгцээ гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тухайлбал эрүүл мэндийн салбарт хавдрыг эрт оношлох, эмчлэх, алсын үсэрхийллийг таслан зогсоох, мэс заслын хэрэгсэл болон хагалгааны эд зүйлсийг ариутгах, шимэгчээс үүдэлтэй өвчлөлийг бууруулахад ашигладаг аж.
Мөн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, тухайн газар оронд нутагших чадвар сайтай ургамлын шинэ сорт гаргаж авах, хортон шавьж, хөгц мөөгөнцрийн тархалтыг зогсоох, малын үржил шимийг сайжруулах зэргээр хүнс хөдөө аж ахуйн салбарт ч өргөн хэрэглэгдэг ажээ.
Хамгийн гол нь технологийн дагуу, өндөр хяналт шалгалтын дор үйл ажиллагаа явуулах нь чухал байх шүү.
Г.Уянга