“Ажил муудахаар хурал ихэсдэг, Мах муудахаар хуушуур ихэсдэг” гэсэн үг өнөөдөр бодитоор оршиж байна. Залхуу хүмүүсийн нийгэмбүрэлдэн бий болждээ. Хурал, цуглаан, уулзалтууд л улс орныг бүрхэж амаа хөдөлгөдөг хүмүүсийн үе иржээ.

Төрийн байгууллагууд тогтоол, шийдвэр, уриалгууд үйлдвэрлэдэг үйлдвэрүүд болох хувирч, хаа сайгүй л хурал цуглааны мэдээнүүд, зарууд. Хамгийн гол нь ямар ч гүйцэтгэл болон үр дүн алга. Аргагүй дээ гүйцэтгэх хүн байхгүй бүгд суугаад ярихаараа баахан ярьчихаад гараад ажиллая гэхээр гараа хумхиад зугтаацгаах, хойшоо суух нь тэдний гэм биш зан нь болжээ.

 
Хэлэхэд амар, хийхэд хэцүү шүү дээ хэмээн юу ч хийгээгүйгээ хамгаалан өмгөөлж, хичээж л байна шүү дээ хэмээн өмнөөс хариулт хэлнэ. Улс орныг амьдралыг удирдан жолоодож байгаа хүмүүс ихэнхи цагаа хурал цуглаан, уулзалтанд зарцуулж байгааг харж байна. Мэдээж үлдсэн цагаа хувийн ажил, амьдрал, эхнэртэй зарцуулна. Ер нь нэгэн түвшний мэдлэгтэй хүмүүс суугаад ярихаар асуудлыг шийдэхийн оронд хоорондоо баахан маргалдан цаг үрцгээдэг. Монголчууд ч аливаа нэг асуудлыг тойрч суугаад хэлэлцэх болохоороо баахан уурлаж, бухимдаж стрессээ тайлдаг эсвэл нэг нэгнийхээ ярьсныг үгүйсгэж, няцааж, “өөрийн бодол өөртөө зөв” гээд улайм цайм дайрцгаадаг. Ярилцах соёл бүрдээгүй шинж.
 
Нэгэн алдартай хүний хэлсэн үг байдаг. Мэдлэггүй хүмүүс суугаад ярилцах нь алга ташихтай л адил үр ашиггүй гэж. Ер нь мэдлэг чадваргүй хүмүүс хоосон ярьдаг юм байна даа.
 
Мэдлэг боловсрол доогуур хүмүүсээс үйл хэрэгт тустай бүтээлч санаа, санаачлагууд гарахгүй. Хурал заримдаа хэрүүлээр төгсөнө, заримдаа ухамсрын шанаагаар өндөрлөнө доо.
 
Өнөөдөр манай улс орон хурлаар дүүрчээ. Хаа сайгүй л хурлууд үргэлжилнэ. Намын хурлууд, төрийн байгууллагуудын хурлууд, ойн болон баярын хурлууд, гадаадын төслийн хоолтой хурлууд гэх мэтээр хурлуудыг жагсаавал уртаас урт жагсаалт гарах байх даа. Хурал бүхэн өөрийн онцлогтой.
 
Өөрийгөө гайхуулах гэсэн дарга нар яг л найр хэсэж байгаа юм шиг хурал хэсэх нь хэвийн үзэгдэл болжээ. Хаана хурал болно тэнд оччихсон үг хэлээд зогсож байна. Хамгийн сайхнаараа гоёж авсан эрхмүүд хэвлэлийнхний өмнө яг л холливүүдийн одод шиг зогсоцгооно. Үүний орой очоод телевизээр харж болно шүү дээ.За ингээд “ярьдаг” хурлуудын талааар хэлцгээе.
 
Хөгжлийг хойш татсан төрийн байгууллагуудын хурлууд:
 
Дарга нар луу залгана. Утсаа авахгүй ээ. Дахиад залгана утсаа аваад би хуралтай байна хурал тараад залгая гээд тасдана. Мэдээж дахиж залгахгүй. Манай дарга нар бүгд л хуралдаад утсаа авах завгүй л байдаг юм шиг байна. Хурлыг л ажиллаж байна, ярихыг бас ажлаа хийж байна гэж ойлгодог хүмүүс.
 
Хуралдаад хуралдаад эцэст ямар ч гүйцэтгэл байхгүй. Хурлаараа тэд хэзээ ч бүтсэнгүй, болсонгүй гэдгээ ярихгүй харин жаахан хийсэн юм аа уулын чинээ том болгоод л тайлбарлаад түүнийгээ сенсаацлана. Хоосон дүгнэлт, тайлан, статистик, үр дүн ярина. Товчхондоо үүнийг хэлбэрдэх гэж нэрлэж болох юм.
 
Ер нь өнөөдөр монголчууд дээр дооргүй хэлбэрдэж, хоосон ярьдаг нь моод болж дээ. Төр засгийнхан нь дэндүү залхуу юм чинь ард түмэн нь залхуурахгүй яах вэ дээ. .
 
Ардчиллыг уландаа гишгэсэн ардчилсан намуудын хурлууд:
 
Улс төрийн намуудын хаалттай, хаалтгүй хурлуудын онцлог гэвэл хуйвалдаан. Тэнд шүүмжлэл, эсэргүүцэл, бүтээлч санаанууд байхгүй. Бүгдийг урьдчилаад төлөвлөчихсөн бөгөөд хэн юу ярихыг заагаад өгчихсөн учраас ямар ч ардчилалгүй болдог. Хайрцаглагдсан гишүүд намын дарга нарынхаа үгийн дагуу хурлыг дуустал нь суух ёстой.
 
Хурлын дундуур шүүмжлэл тавих юм бол мэдээж бүх амжилтанд нь төгсгөл ирнэ л дээ. Тиймээс шүүмжлэхийн оронд бялдуучлана, санаачлахын оронд даргын санааг туйлын зөв хэмээн дэмжинэ. Ер нь бол юу ч мэдэхгүй, тэнэг байх нь энэ нийгэмд амьдрахад амар байх болов уу?
 
Ой, баяр ёслолын хурлууд:
 
Ойн болох тоолонд л баярын хурал хийж бүх л зүйл болоод байгаа мэтээр сайхан илтгэл тавьж, идэж ууж байгаад тарна. Хурал дээрээ заавал нэг УИХ-ын гишүүн буюу олонд танил хүмүүсийг суулгана. Ингэвэл л хурал нь хурал шиг болно. Мэдээж хурлаа сурвалжлуулах сэтгүүлчдийг авчирахаа мартахгүй. Нөгөө хэд нь дуртай дургүй ирээд мэдээ бэлдээд л алга болно.
 
Ойн медалаар хэн нэгнийг шагнахгүй бол бас болохгүй. Шагнахгүй бол ёсонд хазгай юм болох байлгүй дээ. Шагналгүй, хоолгүй цаашлаад сугалаагүй бол хүмүүс хуралд очихгүй ээ.
 
Ерөнхийлөгчийн ивээл доорхи хурлууд:
 
Хурлаас залхасан нийгэм бий болжээ. Тийм учраас хүн бүр хуралд очих дуртай биш. Хурал шиг олон юм байхгүй учраас тэр олон хурлаас ялгарахын тулд ерөнхийлөгчийн ивээл доор гэх мэт цол гуншинг ашигладаг.
 
Мэдээж үүний зөвшөөрлийг ерөнхийлөгчийн тамгын газраас авдаг л байх. Манайд чинь нэрд гарах гэсэн хүсэлтэй хүмүүс олон байдаг учраас иймэрхүү хурлууд дээр очиж хүмүүст харагдаж, камерт өртөхийг хүссэн хүмүүс цуглана. Ерөнхийдөө хурлууд дээр ажилгүй болоод өөрийгөө гайхуулах дуртай хүмүүс л цугладаг.
 
Гадаадын төслийн хурлууд:
 
Энд тэндхийн төслүүд их хэрэгжинээ. Төслийн хурлууд гэж нэг янзын хурал байна аа. Дундуураа хоолтой цайтай учраас хүмүүс илүү олон ирэх магадлалтай. Зарим нэг нь хоолыг нь идчихээд л хурлыг нь хаяад явчихдаг гэдэг.
 
Төслийн хурлуудыг хараад байхад манайхан гадаадын пацаа нарыг л сонсож байгаа харагддаг. Нөгөө хэд нь бас цаанаасаа захиалгатай учраас нэг л зүйлээ дахин дахин давтацгаана. Манайхан төслийг нь авахын тулд нойр нь хүрч байсан ч гэсэн суугаад л байна.
 
Улаанбаатрын утааны талаар нэг япон залуу ярьж байхыг сонсоод инээд хүрж л байлаа. Тэр хүн Улаанбаатарт амьдарч үзээгүй байж бидэнд ер нь юу заах вэ дээ. За яах вэ настай хүн байгаад өмнө утаатай тэмцэж байсан туршлагатай бол яая гэх вэ? Түүнээс бус залуучууд юугаа мэдэх вэ дээ.
 
Ер нь манайхан гадаадынхан гэхээр л дарга цэрэггүй хөл алдан гүйдэг. Одоо үүнээсээ салмаар юм. Жаахан өөртөө итгэлтэй байх хэрэгтэй л баймаар.
 
Хурал биш хөдөлмөр л улс орныг хөгжүүлнэ
 
Хурал хурал бас дахин хурал гэсэн уриа өнөөгийн нийгмийн уриа болж хаа сайгүй хурлууд болж түүнийг ажил хэмээн ойлгож, орой бүр хурлын талаар телевизүүд мэдээлнэ. Тэд түүнийгээ ажиллаж байна, хөдөлмөрлөж байна гэж ойлгоно. Хурал цуглаан дээр арай унтаж байгаа харагдахгүй юм. Утсаараа оролдож, хөгжим сонсох болон твиттердэх нь хэвийн үзэгдэл болжээ.
 
Хөдөлмөрлөж байж л улс орныг хөгжүүлдэг болохоос яриад, цэцэрхээд нэг нэгнээсээ давах гэж зүтгээд юу ч бүтээхгүй.
 
Хүн хөдөлмөрлөж байж, ард түмэнээрээ нэгэн хүн шиг хөдөлмөрлөж байж л хөгжил дэвшилд хүрдэг. Хоосон уриа дэвшүүлж, худал ярих нь улс орны хөгжлийг хойш татсаар байна. Үйлдвэр барихын оронд хаа сайгүй хөшөө дурсгал босгоно гэж байгааг юу гэж ойлгох вэ? Ажлын байр байж түүнд хүмүүс ажиллаж байж нэгдүгээрт тухай хүнийг амьдрал нь дээшилнэ. Хоёрдугаар улс орны эдийн засагтай хэрэгтэй.
 
Сонгууль болох гэж байна гэж баахан ярина, одоо шинэчлэх гэж байна гэж баахан хөдөө орон нутгаар ярьж явна. Хэзээ тэгээд хийх юм бэ? Хэзээ тэгээд шинэчлэлээ хийх юм бэ? Эцэст нь хэн тэгээд түүнийг хийх юм бэ? Хөдөлмөрлөх хүмүүс нь хаана байна вэ?
 
Хөдөлмөрлөцгөөе гэж хэзээ уриалах вэ?