2017 он түүх болон үлдэхэд ердөө хагас сарын хугацаа үлдээд байна. Улс орон төдийгүй хүн бүр амьдралынхаа шинэ мөчлөгийг эхлүүлж, өнгөрсөн жилийнхээ үр дүнг цэгнэх цаг хаяанд иржээ.

Монгол Улсын хувьд шинэ тогтолцоо хуучирсан 27 жилийн хугацаанд тав дахь Ерөнхийлөгч, 16 дахь Ерөнхий сайдтайгаа танилцаж, Монгол ялсан “сайхан” хором мөчүүдийн ард гурван Монгол хүний нэг нь ядууралд өртсөн, нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 50 дахин их хэмжээнд хүрсэн, Улсын хэмжээнд 2017 оны эхний арваннэгэн сарын байдлаар 29576 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гээд тоочоод баршгүй олон “муухай” үнэн цухуйна. Сайхан худал нь муухай үнэнээ дарах аргагүй болоод ирж байгаа нь энэ. Улс орны маань хөгжил дэвшил сайн байна, сайхан үргэлжилж байна гэсэн төр засгийн удирдлагуудын итгэл үнэмшил, өөдрөг сэтгэлийг бахдаж, гайхахгүй байхын аргагүй. Тийм биш гэж үү. Яг л муу дүн авчихаад сайн дүнтэй мэт аашлах болчимгүй оюутан шиг.

Мэдээж энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой этгээдүүд байж таарна. Ам уралдан эрх баригчид гэж хашгирахаасаа өмнө өнгөрсөн он жилүүдэд хийсэн бүтээснээ эргэн харахыг Монгол Улсын иргэн бүрээс хүсье. Тэгсэн ч улстөрчид, бизнес эрхлэгчдийн алдаа, хор уршиг энгийн нэг иргэнийхтэй харьцуулахын аргагүй л дээ. Сайтар бодож эргэцүүлэхнээ тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нөхцөл байдал ингэтлээ доройтсоны бурууг, 2017 оны хасах үзүүлэлт бүрийг тохох шаардлагагүй. Тэд ердөө л 1990 оноос хойш тогтмол уруудаж байгаа төр нийгмийн нөхцөл байдлын системийн ялзралыг үргэлжлүүлэгчид болохоос эх сурвалж нь биш. Ер нь заавал гэмтнийг хайж олоод яллахын оронд асуудлын эх үндсийг олж, шийдэл хэрэгжүүлж гэмээнэ нийгэм тогтворжиж, тэнцвэрээ олно. Нийгмийн тогтолцоо, түүний харилцааг тайлбарлах онол, аргазүй дундаас Дэвид Истоны “оролт, хувиралт, гаралт, эргэх холбоо” энгийн бөгөөд ойлгомжтой байдаг. Сонирхуулахад, пост коммунист орнуудад явагдсан нийгмийн шилжилт, шилжилтийн хүндрэлийг Истоны загвараар тайлбарлавал их амархан.

НЭГ ЦАГНЫ ДӨРВӨН ХӨДӨЛГӨӨН
Нийгэм бол тогтолцоонуудаас бүрдсэн тогтолцоо. Түүнийг механик цагаар төсөөлбөл хамгийн том араа нь улс төрийн тогтолцоо бөгөөд хөдөлгөөнөөр нь цагийг бүхэлд нь тодорхойлно. Улс төрийн тогтолцоо нь ардчилсан бол нийгэм нь ардчилсан, авторитар байвал нийгэм нь авторитар гээд хялбархан тодорхойлох боломж эндээс бүрддэг. Харин цаг маань дөрвөн төрлийн хөдөлгөөнтэй. Нэгдүгээрт, оролт, Нийгмийн гишүүдийн дэмжлэг болон шаардлагаа төрөл бүрийн аргаар улс төрийн тогтолцоонд хүргүүлнэ. Баярын жагсаал, нийтийг хамарсан эсэргүүцэл гээд юу ч байж болно. Гэхдээ төрийн эрх баригчдад “оролт” хүрч, тодорхой хэмжээнд “хувиран” шийдэл гарах, хариу үзүүлэхэд хүргэнэ. Үүнийг нь харин “гаралт” хэмээн нэрлэнэ. Гаралт үр дүн сайтай байвал нийгмийн зүгээс дэмжсэн “оролт” хийгдэнэ, эс бөгөөс эсэргүүцсэн “оролт”-той төр тулгарна. Эндээс төрийн бодлогын үр дүн, тэнцвэржилтэд ард түмэн үргэлж дүн тавьдаг нь харагдаж байна. Нийгмээс үргэлж тэнцвэр шаардаж, тэнцэтгэл олох бодлогыг төрөөр бодуулдаг гэж ойлгож болох юм. Үүнийг монголын нийгмийн нөхцөл байдалд “төвлөрөл ба төлөвлөгөөний тэнцэтгэл” хэмээн нэрлээд энэхүү бодомжоо тайлбарлах ажилдаа оръё.

ЭХНИЙ НЭМЭГДЭХҮҮН ТӨВЛӨРӨЛ
Социализмд
Нийгмийн амьдралд тулгамддаг асуудлууд “Оролт, гаралт”-ын тэнцвэргүй харилцаанаас улбаатай байдаг. Монголын нийгэмд ч мөн адил. Гэхдээ оролт болон гаралтаас илүүтэй “төвлөрөл ба төлөвлөгөө” үеэс үед тулгамдсаар ирснийг анхаарууштай. Манай хөрсөнд 70 жил “амьсгалсан" социалист системийг нуран унахад хүргэсэн олон шалтгаан, тайлбарыг хойш тавиад зөвхөн төвлөрөл, төлөвлөгөө гэсэн хоёр цэгт өргөлт өгөөд үзье. 1990-ээд оны ардчилагчдын хэлдгээр дарангуйлагчийн шинжтэй нэг намын төрд улс орны бүх үйл хэрэг төвлөрсөн байсан. Улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа гэсэн нийгмийн бүх элемент, дэд тогтолцоо нэг цэгт, МАХН-аас хамааралтай байсан учир төрийн байгууллагын хэмжээ, намын хамрах хүрээ нүсэр байхаас өөр аргагүй байж. Та бидний одоо бодож буй тэнцэтгэлийн нэг талд бүх нэмэгдэхүүн, нэгжүүд нь очоод гацчихсан гэсэн үг. Улмаар тэнцвэр бий болгохын тулд ардчилсан хөдөлгөөнүүд эрчимжиж эхэлсэн. Тухайн үеийн төрийн удирдлага нийгмийн тэнцэтгэлийг бодож чадаагүй учраас шинэчлэлийн давалгаанд зай тавьж өгөхөөс өөр аргагүй болсон аж.

Нийгмийн тогтолцооны шинэчлэл гэдэг нь бүдүүн тойм утгаараа хоёр чиглэлийн үнэт зүйл, үндсэн хандлагыг өөрчлөх үзэгдэл. Нэгдүгээрт, улс төрийн тогтолцоо. Хоёрт, эдийн засгийн тогтолцоо. Манай улсын хувьд улс төр, нийгмийн удирдлага социализмаас либерализмд, эдийн засгийн харилцаа явагдах үндсэн зарчим төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэн хэрэг. Нэг дор нийгмийнхээ артер болон венийн судсыг хоёуланг нь сольчихсон. Уул шугамандаа аль нэгнээс нь эхэлж өөрчлөлт оруулвал шоконд орчихолгүй шилжилтийн хүндрэлийг давах боломжтой тухай эрдэмтэд зөвлөх үедээ зөвлөж, анхааруулах үедээ анхааруулсан байдаг юм. Даанч туйлшралдаа автсан олон нийт үүнийг анхаарах сөхөөгүй байсан нь мэдээж. “Хуучны юм бүхэн муу, шинэ юм бүхэн сайн” гэсэн уриа лоозонд халуурахдаа өмнөх бүтээн байгуулалт, ололт амжилт бүхнээ ардчиллын “галд өргөчихсөн”. Ард нь үлдсэн үнс нь өнөөдрийн монголын нийгэм. Төвлөрлийг сарниулах ажилд “яарснаасаа" болж одоо та бид эмх цэгц, дэг журмыг үгүйлэн “даарч” сууна.

Ардчилалд
Тэнцэтгэлийг бодохын тулд нэг талд овоорсон төвлөрлийг хуваана гэдэг онолын хувьд зөв санаа. Гэхдээ тэнцэтгэлээсээ төвлөрлийг тэр чигт нь хасч орхивол зөв хариунаас улам холддогийн жишээг сүүлийн 27 жил тод харуулна. Монгол Улс “нээлттэй” орон болсноо бахархалтайгаар зарлаж, дэлхийд үүдээ нээхдээ хөгжил дэвшил, ололт амжилт багагүй хэмжээгээр оруулж чадсан. Харамсалтай нь, сайн муу нийлж сав дүүрдэг гэгчээр олон ургальч үзэл санаа нүүдэлчин үндэстний залуухан ардчиллын зүгчигийг алдагдуулж орхижээ. Төрд төвлөрч, "наалдсан" нийгмийн тогтолцоог хувьчлах замаар салгах оролдпогыг ардчилсан төр хийсэн. Тэнцэт-гэлийн хариуд нэг алхам ойртов. Тэдний гаргасан хамгийн том алдаа нь шилжилтийн дараах үйл явцыг төсөөлөөгүй, төлөвлөөгүй явдал. Нийгэм мэдээж тэнцэтгэлийнхээ хариуг шаардаад эхэлсэн, аргагүйдсэн төр маань тэнцэтгэлийн нэг талд дахин бүх нэмэгдэхүүнээ гаргаж өгөөд шилээ маажиж зогслоо. Үр дүнд нь, XX зууны нэг нам XXI зуунд ээлжилж солигддог хоёр нам болж нэмэгдэв. Улс төрийн намууд 150, 200 мянган гишүүнтэй, гурван сая иргэнтэй улсын төрийн албан хаагчдын тоо 200 мянга байна гэдэг нөгөөх л намд суурилсан төвлөрөл хэвээр байгааг нотолж байгаа юм. Өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл гэвэл сонгууль гэдэг элемент. Нийгмийн тогтолцооны төвлөрөл дордоод, бүр цаашлаад хүн амын төвлөрөлд хүртлээ цар хүрээгээ тэлчихсэн.

ХОЁР ДАХЬ НЭМЭГДЭХҮҮН ТӨЛӨВЛӨГӨӨ
Социализмд
Аливаа зорилгод хүрэхийн тулд нөөц боломжийн тооцоололд суурилсан үйл ажиллагааны ерөнхий загвар гаргахыг төлөвлөгөө боловсруулах гэдэг. Төлөвлөгөөгүйгээр явагддаг, амжилт олдог ажил хэрэг улс орны төвшинд лав байхгүй. Тийм ч учраас нийгмийн тогтвортой байдлыг хангах тэнцэтгэлд төлөвлөгөө нэмэгдэхүүний үүрэгтэй оролцоно. Харин та бидний сайн мэдэхээр социалист нийгмийн тогтолцоо улс төр болон эдийн засгийн төвшинд үргэлж төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ гүйцэтгэхзарчмаар явагддаг байсан. 1924-1989 он хүртэл төлөвлөгөөний дагуу явж, ажил хэргээ гүйцэтгэх хамгийн зөв аргачлалыг ашигласан атлаа яагаад нийгмийн тэнцэтгэлд зөв хариуг олж чадсангүй вэ. Хариулт нь их энгийн. Тэнцэтгэлийг бодоход зориулагдсан хоёр дахь нэмэгдэхүүн болох “төлөвлөгөө” хүртэл эхний нэмэгдэхүүн “төвлөрөл” дээр нэмэгдчихсэн хэрэг. Үнэ болон нийлүүлэл-тийн хэмжээг төрийн зохицуулалтаар явуулс-наар социалист системд эдийн засгийн гажуудал, хумигдмал байдал үүсч, өрсөлдөөн, хөдөлгөөнгүй удсанаар аажмаар царцаж, хөгжпийн хурд удаашрахад хүргэсэн. Тэнцэтгэл хазайв.

Ардчилалд
Социализмд муу дүн өгч, дээр дооргүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг байх ёсгүй, эдийн засгийн бүх харилцаа эрх чөлөөтэй явагдах ёстой гэж хашгирсны эцэст нийгмийн шилжилтийн эхний шат амжилттай эхэлсэн билээ. Гэм нь, социализмыг халж, хэт төвлөрөлөөс салах оролдлого хийхдээ Монгол Улс маш чухал зүйлээс харшилтай болчихсон. Төвлөрөлтэй нийлмэл үгийн хувиар “аж төрж", эдийн засгийг зохицуулж асан төлөвлөгөөг нүүдэлчин ард түмэнд нүд үзүүрлэх нь ихсэв. Гэтэл төлөвлөгөө маань чөлөөт зах зээл дэх хамгийн өндөр ач холбогдолтой зарчим төдийгүй төр улсын ажил хэргийн гол хэрэгсэл болж таарав. Үүнийг нийтээрээ ойлготол дахиж хэдэн жил болохыг бид таашгүй. Ямартай ч өнөөх гайхал капиталистууд төлөвлөгөөнөөс салж үзээгүй байдгийг мэдээд түүнийг төвлөрсөн төртэйгөө хамт цөлж орхисон нүүдэлчид мэл гайхаж, цэл хөхөрсөн. Жишээ болгон дурдахад, Япон Улсын Засгийн газар, Ерөнхий сайд солигдох бол хэвийн үзэгдэл байдаг бол төрийн төлөвлөгөө буюу бодлого солигдоно гэдэг санаанд багтахын аргагүй хэмжээнд байдаг аж. Гэтэл бид төр төлөвлөгөө боловсруулах ёсгүй гээд зүтгэчихсэн, тэрхүү зүтгэлийнхээ ард гарчихсан шүү дээ.

Монголын төрд улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд зориулсан төлөвлөгөө байхгүй. Шинэ нийгмийн тогтолцооны үндэс суурийг тавихдаа анхнаасаа төлөвлөгөөг тусгаагүй учраас ёстой л “мордохын хазгай” гэгч нь болсон. Төлөвлөгөөгүй төрийн удирдлага, бодпогогүй Засгийн газар удаан наслах боломжгүй. Өөрөөр хэлбэл 1.5 жилийн настай Засгийн газраа гайхаад байх шаардлага байхгүй.

Дүгнэлт
Тусгаар тогтнолоо батжуулснаас хойших нэгэн зууны туршид Монгол Улс нийгмийнхээ тогтвортой хөгжлийн арга замыг одоо болтол эрэлхийлж, нийгмийн хоёр ч гол загварыг туршиж үзээд байна. Бид нийгмийн тэнцэтгэлийг бодох гэсэн өмнөх оролдлого, алдаанаасаа суралцах нь бүү хэл, үнэн зөв хариултаас улам бүр холдон зуггахын учир юу вэ. Үе үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн бодсоор ирсэн тэнцэтгэлд анхаарах ч сөхөөгүй эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдээд завгүй. Чухам энэхүү бодлогын зөв хариуг хэн олох вэ, хэн Монголд зөв шийдэл санал болгох вэ. Та бидэнд хүлээхээс өөр сонголт бий юү, эсвэл?

 

 

Т.ЖАРГАЛСАЙХАН

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/