Монголын Цахилгаан Мэдээ(МОНЦАМЭ) агентлагийн ажилтнууд удирдлагатайгаа холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан талаар цахим орчинд мэдээлэл гараад байна. 

Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас тодруулахад "Зургаадугаар сарын 9-ний Даваа гарагт ирүүлсэн" гэх хариу өглөө.

Тус агентлагт ажиллаж байсан зарим хүн "Дарамт шахалт үзүүлсэн, хэл амаар доромжилсон", "Төрийн албанд ажилласан хугацааны нэг удаагийн буцалтгүй тусламжийг өгөхдөө цалинг буруу тооцож, маш их хохирол учруулсан", "Өрөөндөө дуудаж уулзахдаа утас хурааж авдаг" гэх зэргээр МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосын талаар цахим хаягтаа бичсэн байна. 

Энэ асуудлаар МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосоос тодруулахад "ЕТГ-ын намайг томилсон учраас даргатайгаа ажилтнуудынхаа өргөн барьсан бичгийн асуудлаар эхлээд уулзах ёстой. Тодорхой шийдвэрт хүрснийхээ дараа албан ёсоор тайлбар хэлнэ.

МОНЦАМЭ агентлаг бол төрийн бодлогыг гадаадад түгээн дэлгэрүүлдэг учир маш хариуцлагатай ажиллах ёстой. Иймд байгууллагынхаа тогтвортой байдлыг ханган, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна" гэж хариуллаа.

Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан юм. Тус агентлагийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын шийдвэрээр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын харьяанд шилжүүлж байв.