4

Дэвид Реймер бол шинжлэх ухаан, сэтгэлсудлалын түүхэн дэх хамгийн хэрцгий, шударга бус туршилтын золиос болсон нэгэн. Жирийн л нэгэн хөвгүүн болж хорвоод мэндэлсэн түүнийг эмч нарын алдаа, эрдэмтний зөвхөн нээлт бодсон туршилт эмгэнэлт хувь заяа руу хөтөлсөн юм. Эцсийн эцэст Дэвид Реймер ихэр Брайаныхаа хамт 40 ч хүрээгүй насандаа хоёулаа нас барахад хүрсэн нэгэн эмгэнэлт түүхийг өгүүлье.

Дэвид Реймер буюу анх орчлонд мэндлэхэд нь хайрласан нэрээр бол Брюс Питер Реймер 1965 онд Канадын Виннипег мужийн Манитоба хотноо төржээ. Дэвид орчлонд ирэхдээ хоёулаа буюу ихэр Брайаныхаа хамт ирсэн юм. Тэд Жанет Грейс Реймер болон Рональд Питер Реймерийн ихэр хөвгүүд болон, эцэг эхдээ аз жаргал бэлэглэжээ.

Ихэр хөвгүүдийг таван сартай байхад эцэг эх нь эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор эмнэлгийн шинжилгээнд оруултал фимоз буюу бэлэг эрхтний шамралт муу, наалдингитай нь тогтоожээ. Ингээд хөвгүүдийг найман сартай байхад нь бэлэг эрхтний наалдингийг салгуулах хагалгаанд оруулсан байна. Ихэр хөвгүүдээс Брайаны бэлэг эрхтний хагалгаа амжилттай болсон бол харамсалтай нь Брюсийн бэлэг эрхтнийг хагалгааны үеэр эмч нар гэмтээчихжээ.

1

Энэ аймшигт явдлын дараагаар эцэг эх нь хүүдээ санаа зовниж, Балтиморыг зорьж, хамгийн сайн гэгдэх Жон Хопкинсийн эмнэлэгт хандсан байна. Тус эмнэлгийн эмч, эрдэмтэн Жон Мани нь нөхөн үржихүй болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн асуудлаар салбартаа анхдагч, томоохон эрдэмтэн гэгддэг байсан тул түүнд хандсан хэрэг. Гэтэл эрдэмтэн хэрэг явдлыг сонсоод тун хөнгөхөн байдлаар нэгэн санал тавьсан нь нэгэнт хүүгийн эрхтэн гэмтчихсэн юм бол Брюсийн хүйсийг сольж, эмэгтэй хүүхэд шиг өсгөх байв. Нэр хүнд бүхий эрдэмтний санаачлага, шахалтаар Брюсийн эцэг эх энэ саналыг хүлээн авч, хүүгийнхээ хүйсийг солихоор шийдсэн байна. Ингээд Брюсийг 22 сартайд хоёр төмсгийг нь хагалгаагаар авч, үүнээс хойш Брэнда хэмээх нэртэй охин болгож, өсгөхөөр болжээ.

Эрдэмтэн Мани ихэр хөвгүүдийг нялх, бага насанд эцэг эхэд нь зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна. Хөвгүүд ч бага насандаа элдвийн асуудалгүй жирийн өссөн ч Реймерийн гэр бүл үнэндээ эрүүл мэндийн салбарын нэгэн шинэ томоохон туршилтад яг тохирсон бай болж байгаагаа ойлгох ч үгүй л явж. Нэг нь хөвгүүн чигээрээ өсч буй хүүхэд, нөгөө нь охин шиг өсч буй хөвгүүн. Брюс дээр хийсэн туршилтын харьцуулалт нь түүний ихэр Брайан болж байсан хэрэг. Үүнийг ч эрдэмтэн Мани тун овжин харж, улмаар олон жилийн турш судалгааг хийсээр байжээ.

Брюс хөвгүүн Брэнда болж хувирсан нь эрдэмтэн Манигийн хувьд эр эм хүйс байгалиас шууд хамааралгүй, харин хүмүүжлээр эр эмийн ялгаа гарч ирдэг гэдгийг нотлох гол зорилготой туршилт нь байж. Мани олон жилийн турш Брюс дээр ажиглагдаж, анзаарагдсан бүхнийг тэмдэглэн авч, өөрийнхөө агуу нээлтэд улам үнэмшин, хөвгүүнийг охин болчихсон гэж “баярлаж” явж. Гэтэл бодит байдал тэс өөр байжээ…

Мани эрдэмтнийг ийнхүү баярлаж явахад Брэнда охин шиг болж өссөнгүй. Түүний үйлдэл, үг хүртэл хөвгүүн гэдгийг нь илтгэж байв. Мөн эмэгтэй хүн болгоход нь нөлөөлөх элдвийн гармонийн эм уулгадаг тул хөвгүүн дотроо эр, эм хоёр мэдрэмжийн дунд шаналж, учраа олохгүй зовдог байж. Эцэг эх нь ч гэсэн хүүхдээсээ бүхнийг нууж явах гэж шаналдаг болжээ. Охин шиг өсгөсөн хөвгүүнээ харах тусмаа эцэг нь дотроо бухимдаж, архи дарс уух нь элбэгшиж, улмаар амиа хорлох тухай бодолхийлэх нь их болсон гэнэ. Харин эрдэмтэн Мани туршилтаа улам лавшруулахын тулд Реймерийн гэр бүлийнхэнд Брэндад эмэгтэй хүний эрхтэн суулгуулах санал тавьжээ. Брюст хөх ургуулах гармонийн эм олон сарын турш өгчихсөн байсан гэдэг.

2

Ингээд Брэндаг дахиад мэс заслын ширээн дээр гаргах тухай яригдаж эхлэх үед Реймерийн гэр бүлд жинхэнэ тамынх шиг үйл явдлууд өрнөж эхэлжээ. 13 насанд хүрсэн Брюс-Брэнда эрдэмтэн Манитай дахиж уулзахгүй гэж, хүслийнх нь гадуур дарамт шахалтаар ямар нэгэн зүйл хийлгэвэл амиа хорлоно гэж сүрдүүлсэн байна. 1980 онд 15 настай Брэндад эцэг эх нь бүх үнэнийг хэлэхээр шийджээ. Өөрийнхөө тухай үнэнийг дуулаад Брюс-Брэнда удаан хугацааны турш бодолхийлсэн гэдэг. Ингээд эцэстээ эр хүн чигээрээ үлдэхийг сонгосон ажээ. 15 нас гэдэг өсвөр насанд яваа хүүхдийн хувьд шилжилтийн амаргүй үе гэдгийг энэ насыг туулж өнгөрүүлсэн бүхэн мэдэх хойно. Брюс-Брэнда маш хүнд нөхцөлд хэдэн сарыг өнгөрүүлж, арай л амиа хорлочихолгүй өнгөрчээ.

1980 онд 15 настай Брэндад эцэг эх нь бүх үнэнийг хэлэхээр шийджээ. Өөрийнхөө тухай үнэнийг дуулаад Брюс-Брэнда удаан хугацааны турш бодолхийлсэн гэдэг. Ингээд эцэстээ эр хүн чигээрээ үлдэхийг сонгосон ажээ. 15 нас гэдэг өсвөр насанд яваа хүүхдийн хувьд шилжилтийн амаргүй үе гэдгийг энэ насыг туулж өнгөрүүлсэн бүхэн мэдэх хойно. Брюс-Брэнда маш хүнд нөхцөлд хэдэн сарыг өнгөрүүлж, арай л амиа хорлочихолгүй өнгөрчээ.

Брюс-Брэнда бүх үнэнийг мэдэж, эрэгтэй хүн шиг амьдрахыг сонгосон тул Дэвид хэмээх шинэ нэр өөртөө авч, шинээр амьдрахаар шийджээ. Ингээд хэдхэн сартайдаа эр хүний амьдралаа эмчийн гайгаар үгүй хийлгэсэн Дэвид Реймер хэмээх залуу амьдралд шинэ алхмаа хийсэн байна.

Нэгэнт Дэвид Реймер болсон болохоор эргээд эрэгтэй хүний шинж тэмдгүүдийг олж авах курс эмчилгээ хийлгэж эхэлжээ. Хэд хэдэн удаа хагалгаа хийлгэхэд Дэвид өөрийнхөө хүсэл тэмүүллийн төлөө даваад гарчээ. Ингээд 1990 оны есдүгээр сард Жейн Фонтэйн хэмээх эмэгтэйдээ гэрлэж, түүний гурван хүүхдийг өөрийн юм шиг санаж, өсгөлцөх болсон байна.

Дэвид Реймер гэр бүлтэй болсноос хойш хэдэн жил амар жимэр амьдарсан гэдэг. Харин 1997 онд тэрбээр сексологч академич Милтон Даймондад өөрийнхөө бүх түүхийг үнэнээр нь өгүүлжээ. Дэвид Реймерийн үнэнээ дэлгэсэн гол зорилго бол цаашид ийм алдааг эмч, эрдэмтэд гаргахгүй байх ёстойг сануулах гэснийх л байж. Гэтэл энэ түүх хэвлэлээр цацагдсаны дараагаар Брюс-Брэнда-Дэвидийн түүх шар хэвлэлийн салшгүй сэдэв болж, Дэвидэд огт шаардлагагүй баахан хий дуулиан л дэгдсэн байна.

3

Rolling Stone сэтгүүлийн ажилтан Жон Колапинто түүний түүхээр “Түүнийг байгаль ингэж заяасан. Охин шиг өсгөсөн хөвгүүн” хэмээх ном бичсэн нь маш олон хувиар борлуулагджээ. Энэ ном 1997 онд гарсан юм. Эрдэмтэн Манигийн хэрцгий гэмээр туршилтын тухай шинэ мэдээллүүд хэвлэлээр дэлгэгдсээр байсан ч тэрбээр таг дуугүй, юу ч болоогүй юм шиг байсаар байжээ.

Реймерийн гэр бүл урьдын л адил бухимдал, стрессийн байдалтай байлаа. Дэвид өөр дээр нь элдвээр туршилт хийхийг зөвшөөрсөн эцэг эхтэйгээ уулзахыг ч хүсдэггүй хэвээрээ байлаа. 2002 онд Дэвидийн ихэр Брайан нас баржээ. Олон жилийн турш ихэр Брюсийнхээ зовлон шаналлыг хүйн холбоогоороо мэдэрсэн нь Брайаныг үхэлд хүргэсэн гэж үзэх нь бий. Харин 2004 онд Дэвидийн эхнэр салахаар шийдсэн байна. Энэ мэдээ тэртэй тэргүй ихийг тэвчиж ядан яваа Дэвидийн тэвчээрийн хязгаарт хүргэжээ. Эхнэрийгээ ийм шийдвэр гаргаснаас хойш тун удалгүй Дэвид хоол хүнснийхээ зүйлийг цуглуулна гэж гараад тархиндаа сум зоон, амиа хорлочихжээ. Дэвид тэгэхэд 38 настай байсан юм.

Реймерийн үхэл хүүхдийн хүйсийг хүссэнээрээ сольдог эмч, эрдэмтэд том сургаж болж түүхэнд үлдсэн. Хоёр ихэр хүүгээ орь залуугаар нь алдсан эцэг эх нь бүх явдлын бурууг эрдэмтэн Жон Манид тохдог. Шударга бус, аймшигтай туршилтын золиос болсон Дэвид Реймерийн энэ түүх дэлхий нийтийн чихэнд хүрч чадсан юм. Эцэст нь Дэвид Реймерийн өөрийнх хэлсэн хэдэн өгүүлбрийг хүргэе.

“Намайг эмэгтэй хүүхдийн хувцас өмсөж, эмэгтэй хүүхдийн тоглоомоор тоглохыг шаарддаг байлаа. Эрэгтэй хүний бэлэг эрхтэнгүй болохоор л намайг эр хүн гэж тооцохгүй гэж тэд тэгдэг байсан байх. Өвчин юмуу ослын улмаас хөхгүй болчихлоо гээд эмэгтэй хүн эмэгтэй байхаа больчихдоггүй биз дээ…” … Дэвид Реймер.