УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах хуулийн төсөл боловсруулснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан сурталчлав.

  Эрх баригчид  мөчөөгөө өгөхгүй  ахмадуудад зориулсан Хамтын тэтгэврийн хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганаар  хэлэлцэхээр МАН-ынханаас түрүүлж зүтгүүлсэн  нь маргааны бай болж сөрөг хүчнийхэн ажлын тав хоног завсарлага авахад хүргэв. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ Намын нөхдийнх нь өргөн барьсан хуулийн төслийг  хав дардаг мөртлөө С.Эрдэнэ сайдынхыг дэгийн хуулиа зөрчин байж хэлэлцлээ. Намаар ялгаварлан гадуурхаж байна”  гэх гомдлын үгсийг телевизийн камерын өмнө унагав. АН-ынхан ахмад настнууд,  МАН-ынхан  малчдын нэрийг барьж улстөрийн шоу хийж байна хэмээн бухимдах хүн ч цөөнгүй  байна.  Юутай ч АН, МАН-ынхан  “байгаа оносон” асуудлаар популизм хийж байгааг үгүйсгэх хүн гарахгүй л болов уу.  Улстөрчдийн уран үгийг сонссон малчид баярлаж, ахмад настнууд энэ хуулийн талаар хэн юу гэж хэлэхийг чих тавин хүлээж суугаа нь лавтай. Харин улстөрчид маань Төрийн ордонд тоглоомоо булаацалдах  айлын эрх хүүхэд шиг  нэгнийхээ санаачилсан хуулийг төслийг өөлж баалсаар урагшаа явуулахгүй  бололтой. Зарим гишүүдийн санаачилсан марзан хуулийн төслийг бодвол дээрхи  хоёр хуулийн төсөл малчид, ахмадуудын хэн хэнд нь хэрэгтэй юмсан.  Мэдээж үүнийг АН, МАН-ынхны сонгууль угтсан бялдуучлал гэж дургүйцэх иргэд ч байгаа. Уг нь улстөрийн намын үзэл баримтлалын хувьд АН-ын  өнгө төрхөд таарахгүй хуулийн төсөл хэмээх нэгэн ч бий. Харин эрх баригчид нийгмийг халамжийг хавтгайд нь бус зорилтот бүлэгт нь олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа дахин дахин илэрхийлж байгаа. АН, МАН-ынхны шил шилээ даран боловсруулсан хуулийн төслийн агуулгыг та бүхэндээ хүргэе. 


          Хамтын тэтгэврийн тухай хууль гэр бүлээ батлуулаагүй хүнд үйлчлэхгүй 
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн  Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын  сайд С.Эрдэнэ, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нар санаачилж хамтран боловсруулсан. Хуулийн төслийн гол агуулга нь 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 10 жил  хамт амьдарсан гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулсан ахмадын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдсэнд нь тэтгэврийг нь өвлүүлэн олгох юм. Одоогоор тэтгэврийг  50, 70, 100 хувиар хувь тэнцүүлэн олгохоор заасан байгаа.  Энэ заалт өөрчлөгдөж магадгүйг хуулийн төслийг санаачлагчид хэлж байгаа юм. Насаараа хамт амьдарсан хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаад нь сэтгэл санаа болоод санхүүгийн маш их дарамт учирдаг учраас энэ хуулийн төслийг санаачилсан байна.  Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд уг хуулийг чухал ач холбогдолтой хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Нийгмийн сөрөг нөлөөг бодолцож үзээд УИХ-ын гишүүд 20 насны зөрүүтэй гэр бүлийн хүнд энэ хууль үйлчлэхгүй байхаар зааж өгчээ. Учир нь ахмадуудын тэтгэврийг авахын тулд толгойг нь эргүүлж гэрлэлтээ батлуулж өнгөрснийх нь дараа 20-30 жил тэтгэврийг нь завших  зальт этгээдүүд гарч магадгүй хэмээн сэрэмжилснийх энэ ажээ. Түүнчлэн гэрлэлтээ батлуулсан ч хамт амьдардаггүй хүмүүст, өндөр настнуудын үр хүүхдүүдэд энэ хууль үйлчлэхгүй юм.  Хууль батлагдлаа гэхэд нийгмийн даатгалын тэтгэврийн санд хүндрэл үүсэхгүй тодорхой судалгааг нь гаргасан гэж хуулийг санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан ч МАН-ын  гишүүд Засгийн газраас санал аваагүй нарийн тооцоо судалгааг нь гаргаагүй гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм. 


Малчдын ажилласан нэг жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэн тооцно 
МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүд  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай,  Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг санаачлагчдын мэдээлэлд дурдсанаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг  мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 хувийг малчид эзэлдэг байна. Гэвч малчдын нийгмийн хамгааллын асуудал одоог хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нийгмийн даатгалаас хийсэн судалгаагаар 25 мянган малчин буюу нийт малчдын зургаан хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг аж.  Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан мэдээллээр манай улс 145229 малчин өрхтэй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих үүднээс дээрхи хуулийн төсөлд дөрвөн багц асуудлыг тусгаж өгчээ. Эмэгтэй малчин 50 эрэгтэйг нь 55 настайд буюу тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах боломжийг олгох юм. Ингэхдээ жилийн дөрвөн улиралд байгаль цаг уурын шууд хамааралтай нөхцөлд өдөр шөнөгүй , хагас бүтэн сайнгүй хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэгийг нь  харгалзан үзэж малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэн тооцохоор хуульд тусгажээ. Үүнтэй уялдуулан Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг малчиддаа олгож байгаа юм. Малчдын үйлдвэрлэл улирлын шинж чанартай учраас нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр багцлан төлөхийг зөвшөөрч байгаа юм. Тэдний тэтгэврийн насыг наашлуулснаар тэтгэврийн даатгалд хамрагдах нь ихэсч шимтгэлийн орлого нэмэгдэх учраас тэтгэврийн даатгалын санд хүндрэл учрахгүй хэмээн МАН-ын бүлгийн гишүүд  тайлбарлаж байгаа юм.  Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ дэлхий нийтээрээ  тэтгэврийн насыг хойшлуулах чиг хандлагыг баримталж байхад таван насаар урагшлуулах нь зохимжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

            Ц.ОЮУНТУНГАЛАГ