Todko samson: Миний бичсэн бүхэн үнэн байг. Би үүнийг л хүснэ
2018/05/10
“Чамд хэн итгэх юм бэ” буюу “Вангийн нулимс” номыг сөхөж үзэхээсээ өмнө хэн нэгэн манж эрхмийн талаар өгүүлэх болов уу гэж болсон минь эндүүрэл байж билээ.
Харин ч өнөөгийн нийгмийн жинхэнэ өнгө төрх, өнгө мөнгөний төлөө ард түмний эрүүл мэндийг золигт гаргаж буй эрхтэн дархтнууд гээд ерөөс бидний мэддэг хэрнээ итгэхийг хүсдэггүй үнэнийг баримтат тулгуурлан бичсэн роман. Тиймдээ ч эрх бүхий байгууллагаас номыг худалдаанаас татуулах гэж багагүй хүч хаясан ч үнэний өмнө хүчин мөхөстсөн. Уг номын зохиогч Тогтох буюу Todko samson нь энэ сарын 13-нд “Гурван жилийн тоос” номын өдөрлөгөө хийх гэж буйтай золгуулж ярилцснаа толилуулъя.
-Таны бичсэн “Явуулан байж мэдрүүл” шүлэг залуусын дунд нэг хэсэг трэнд болсон. Гэхдээ ярилцлагаа таны уран бүтээл бүтээлээс биш, Todko samson гэж залуу эх орондоо байхдаа шүлэ, зохиол бичээгүй хэрнээ яагаад харийн нутгаас бичгийн гараагаа тавьсан түүхээс эхлүүлбэл ямар вэ?
-Бололгүй яах вэ. Залуу хүн бүр өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр харь улсыг зроьдог шиг би ч гэсэн тийм сонголт хийсэн. “Том группд удирдах албан тушаал хашдаг байж гадагшаа явах шаардлага байна уу” гэж тухайн үед олон хүн асуусан. Залуу хүн хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй байх ёстой гэж хүсч тэмүүлсэн. Дээр нь эрүүл мэндийн асуудал байсан учраас ийм шийдвэр гаргасан.
-Уучлаарай. Эрүүл мэндийн шалтгаан гэдгийг жаахан тодруулж болох уу?
-Би 2015 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Австри Улсад газардсан. Яг энэ үеэс бие өвдөж хоёр удаагийн хүнд мэс засалд орсон. Хүний нутагт олон сар эмнэлэгт хэвтэж эмчүүлэ:хээр сэтгэл зүйд асар их нөлөөлдөг юм билээ. Эхлээд “Бие сайжраасай” гэж бодно. Дараа нь “Мэс засал амжилтгүй болбол яана даа” гэж үнэн голоосоо айж, эмээнэ, шанална. Яг ийм үед бичиж эхэлдэг юм билээ. Би лав тэгсэн. Эхний ээлжинд хэнд муу үг хэлж гомдоов гэдгээс эхлээд өнгөрсөн амьдрал руугаа харсан. Ингээд бичсэн. Захиа маягийн гэх юм уу даа. Дараа нь шүлэглэх гэж оролдсон. Бие илаарших тусам бичлэгийн төрөл өөрчлөгдөж дагаад бичих чадвар сайжирсан. Түүнээс хойш нэг ч өдөр алгасалгүй уншиж, бичсэн дээ.
-“Гэрээслэл” шүлгээ фэйсбүүкт анх тавьсан санагдаж байна?
-Шүлэг гэж нэрлэчихээр “эд”-ийн маань анхных нь. Өмнө нь шүлэг бичих гэж их оролддог байв. Хүүхэд байхдаа “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмуудад олон удаа оролцсон. Түүнээс хойш анхны номоо хэвлүүлэх үед 500 гаруй шүлэг бичсэн байсан. Удахгүй “Гурван жилийн тоос” гээд шүлгийн номоо хэвлүүлэх гэж байна.
-“Чамд хэн итгэх юм бэ” буюу “Вангийн нулимс” романы түүхээр ярилцлагаа үргэлжлүүлье. Ном хэвлэлтээс гарсан даруйд эрх бүхий байгууллагаас “Худалдаанаас татах арга хэмжээ ав” гэсэн шаардлага хүргүүлж байсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Романд үнэхээр бодит амьдрал дээр болдог хууль бус процессийг баримт, нотолгоотой бичсэн юм уу?
-Тэгж ойлгож болно. “Чамд хэн итгэх юм бэ” нэр бол миний гурамсан романы ерөнхий нэр. Эхнийх нь “Вангийн нулимс” дараагийн хоёр нь “Харь хэлээр яригсад”, “Сөрөг” нэртэй. “Харь хэлээр яригсад” роман ирэх долдугаар сард хэвлэгдэнэ. Миний бичлэгийн хэв маяг европ хэв маягт суурилсан, онцлогтой. Зохиолд дэлхийн хүмүүс Монголд ирээд бидний нутаг дэвсгэрт яаж амьдардаг юм бэ, ямар арга замаар, яаж мөнгө босгож, яаж хайрлаж дурладаг юм бэ. Нөгөөтэйгүүр монгол хүн гаднын улсад яаж амьдарч, уйлдаг вэ гэдгийг энэ романаараа харуулахыг зорьсон. Зохиолын хувьд анагаах ухааны судалгаа шинжилгээн дээр суурилсан бодит баримтад тулгуурласан зөгнөлт зохиол.
Номын эхний хуудаст түүхэн, бодит, зөгнөлт, баримтат гэж бий. Бүрэн хэмжээний гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй орсон гурван цагийн хэлхээсийг холбож бичсэн. Үйл явдлаас эхлээд зарим дүр нь хүртэл бодит. Ном яагаад асуудал дагуулсан юм бэ гэхээр хүний амьдралд эрүүл мэнд хамгийн чухал. Гэтэл монголчууд энэ чухал сэдвээ бараг тоодоггүй. Бидний үр хүүхдүүдэд тарьдаг вакцинд ямар орц найрлага ордог вэ гэдгийг монголчууд бараг бүгдээрээ мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцин ямар орц найрлагатай бэ гэдгийг мэдэхгүй байлаа гэхэд “Яагаад олон төрлийн вакцин тарьдаг юм бэ” гэдгийг асуудаг хүн байна уу. Цөөхөн гэдэгт итгэлтэй байна.Вакцин битгий тариул гэж байгаа юм биш.
Уг нь 2004 онд “Монгол Улс улаанбурхан өвчнийг устгаж чадлаа” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын индэр дээрээс цээжээ дэлдсэн улс шүү дээ. Гэтэл 2016 онд 100 гаруй нярай энэ өвчнөөр нас барж, 20 мянга гаруй хүүхэд өвдсөн. Би “Чамд хэн итгэх юм бэ” романдаа яг энэ асуудлыг яагаад ч юм 2015 онд зөгнөж бичсэн. Халдварт өвчин гарч л байдаг, өвчилж л байдаг учир вакцин тариулах ёстой гэсэн ойлголттой. Гэтэл үгүй юм аа. Бодит амьдрал үүнээс тэс өөр. Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө өвчнийг зориудаар тараадаг гэдгийг номоороо дамжуулж илэрхийлсэн. Дээр нь эмийн туршилтыг ядуу буурай оронд яаж хийдэг вэ.
Хүүхэд, амьтан, ургамлын амь насаар тоглолт хийж мөнгө олох арга хэрэгслээ болгосон зарим хүний талаар номондоо бичсэн. Энэ нь асуудал дагуулсан юм. Номын гол дүрийн хувьд Ван ноёны тухай биш Ван гэдэг хятад докторын нулимс гэсэн утгатай. Түүний судалсан үүдэл эсийн судалгааг ашиг сонирхол олох гэсэн дотоодынхон гаднынхантай нэгдэж, туршилт, судалгаа хийх замаар мөнгө олох хэрэгслээ болгож байгаа тухай өгүүлдэг юм.
-Нотлох баримттайгаар гэхээр та процессийг харж, дэргэд нь байсан гэсэн үг үү?
-Хувийн салбарт ажиллаж байхдаа зарим процессийг бодитоор мэдэрсэн. Зарим баримтыг азаар олж үзсэн. Шууд гаргаад ирэх боломжгүй учир номондоо уран сайхны аргаар дүрсэлж харуулсан нь энэ.
-Худалдаанаас тат гэсэн шаардлага юу болсон бэ?
-“Нийгмийг цочроолоо, албан байгууллагын, хувь хүний нэр хүндэд халдлаа. Худалдаанаас тат” гэж мэдэгдэл ирүүлэхээр нь “Үгүй” гэсэн. Яагаад гэвэл би зохиолдоо хүмүүсийн нэрийг өөрчилж бичсэн. Гэсэн ч хүмүүсийн мэддэг хэрнээ итгэхийг хүсдэггүй үнэн болохоор хэний талаар бичсэнийг ойлгосон байх. Тэр бүхнийг нүдээр харсан, олж судалсан хүний хувьд бичсэн. Тэр хүмүүс нь гомдол гаргасан. “Харамсалтай нь” ном маань олон улсын ISBN кодтой, оюуны өмч. Би фэйсбүүк хуудастаа “Битгий донгос. Чаддаг юм бол хураа” гэж бичсэн. Хураавал хүний өмчид халдсан учир мөнгөө төлөх болно. Тэр мөнгөөр нь дахиад хэдэн мянган ширхэгийг хэвлээд үнэгүй тараана. Үгүй гэвэл интернэтэд үнэгүй уншигдахаар байршуулсан ч болно. Монголдоо худалдахыг хориглолоо гээд намайг зогсоож чадахгүй. Герман, англи, франц, итали, орос хэл дээр орчуулагдаж байгаа. Удахгүй худалдаанд гарна.
-Та сэтгүүлч мэргэжилтэй учир гадарлах байх. Нийгэмд янз бүрийн дарамт шахалт их гардаг. Романы хоёр, гуравдугаар дэвтэрт суурь сэдэв нь өөр боловч хөшигний цаана юу өрнөдөгийг үргэлжлүүлнэ гэсэн. Өмнө нь мэдэгдэл гаргаад өнгөрсөн. Тэгвэл ном хэвлэгдсэний дараа бодит дарамт шахалт ирэх вий гэдгээс та эмээхгүй байна гэж үү?
-“Тарьсан тэр хэрэг нь илэрч мэдэгдэхээс нааш
Та биднийг жигдхэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж байна” гэж Р.Чойном “Уур минь хүрч байна” шүлэгтээ шүлэглэсэн байдаг.
Тэднээс айлаа гээд, намайг дарамталлаа гээд би яах ёстой гэж. Тэгээд ч би хууль, эрхзүйн хүрээнд бичсэн, бичих ч болно. Бусдын нэр хүндэд шууд халдахгүй. Сэтгүүлч хүнийхээ хувьд сэжиглэн таамаглах, хардах эрхийнхээ хүрээнд бичнэ. Гэхдээ нийтэд мэдэх ёстой эрхийг нь мэдүүлэхийн төлөө бичнэ. Бидний тархи оюунд эрүүл мэндийн боловсролыг цогц хэлбэрээр өгөхөөс албаар татгалзаж байна.
Хамгийн их ашиг олдог бизнесийн салбар нь эм, эмэн бүтээгдэхүүн. Ард түмэн эрүүл мэндийн боловсролгүй байх нь хэнд ашигтай байх вэ. Мэдээж бизнесийн салбарынханд. Үүнийг би биш юм гэхэд өөр хэн нэгэн хэлж л таарна. Тэр бүгдийн замыг хааж чадна гэвэл санасны гарз. Эрүүл мэндийн боловсролгүй учир агаарын бохирдолтойгоо эвлэрч амьдарч байна. Өнөөдөр бүгдээрээ өнөө утаагаа мартчихсан. Өвөл болохоор гэнэт ухаан орсон юм шиг хашгирч эхэлнэ л дээ.
-Нийгэмд танигдсан нэр бүхий зохиолчдыг хэдхэн сарын өмнө “Өнөө л тулга тойрсон сэдвээ бичлээ” гэж шүүмжилсэн. Өөрийн тань зохиол ийм шүүмжлэлийг дааж чадах бүтээл болсон юм болов уу гэж бодогдсон?
-Ч.Лодойдамба гуайн зохиолын дүр, хэлдэг үгийг бид одоо ч сэтгэлдээ тээж явдаг. Магадгүй алдаж, эндсэн хүмүүсийн сэтгэлд илүү тод гэрэлтдэг байх. Асар том боловсрол юм л даа. Бидэнд хүчээр олгоогүй боловсрол. Яг үнэндээ Монголын утга зохиолыг амьтай авч яваа эрхмүүд нь бидний дээд үеийн ах, эгч нар юм шүү дээ. Энэ хэдэн буурал маань өнхрөөд уначихвал тэдэн шиг “алаад өгөх” зохиолч гарч ирэх болов уу гэдэгт сэтгүүлч хүнийхээ хувьд сэтгэл зовнидог.
-“Алаад өгнө” гэхээр юу гэсэн үг вэ?
-Жаахан бүдүүлэг үг хэрэглэчихлээ, уучлаарай. Ард түмний тархийг ядаж хагас зуун жил тэжээчих хэмжээний зохиол бичих чадалтай зохиолч төрөх болов уу л гэж хэлсэн ухаан нь энэ.
-Таны зохиолууд тийм хэмжээнд байж чадах болов уу?
-Хичээнэ дээ. Гэхдээ буурлуудынхаа хэмжээнд хүртлээ урт хугацаа авах байх. Бичсэн, бичиж байгаа бүтээлээ европ хэв маягаар бичсэн гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нүдний шилээ арчаад зүүхэд илүү тод харагддаг шиг мэдрэмж төрүүлээсэй гэж бодож зохиолоо бичдэг.
-Та европ хэв маяг гэж олон удаа хэллээ. Орчуулгын ном унших нэг өөр. Эх хэл дээр нь уншихад бас нэг өөр мэдрэмж төрдөг. Та үнэхээр европ хэв маяг гэж ярих хэмжээнд тултал нь судалж, суралцсан хүн мөн үү?
-Орчуулгын уран зохиолыг бид хангалттай уншиж байна. Энд ч, европт ч байхдаа олон ном уншсан. Гэхдээ тухайн зохиолоос илүүтэй уншигчдыг нь судалсан. Монголчууд аливаад ямар ч цензургүйгээр хандаж байна. Худалч хүнд бэстселлер, эсвэл гоё хавтастай бол уншиж байна. Би ч өмнө нь тийм байснаа нуухгүй. Үнэндээ цөөхөн хүн л шүүлтүүртэй хандаж уншиж байгаа харагддаг. Энэ үнэн шүү.
Гаднынхан өөрийн унших номондоо маш шүүлтүүртэй ханддаг. Уншиж шүүмжлэхээс илүүтэй тэмдэглэлтэй ханддаг. Амьдралдаа нөлөөлүүлж чаддаг гэсэн үг. Нөгөө талаасаа чанар муу бүтээлийг хэвлэдэггүй юм байна. Үнэхээр мундаг зохиолчдын бүтээлийг олон сая хувиар хэвлэдэг. Түүнийг нь унших уншигчид бэлэн байдаг. Яагаад энэ зохиолыг уншиж байна гэдгийг судалж танилцсан. Зохиолчидтой уулзлаа.
Би гаднынханыг магтсан юм биш шүү. Сурах ёстой юмаа суралцах ёстой гэдэг утгаар нь хэллээ. Нөгөөтэйгүүр тэдний бичлэгийн хэв маяг миний зан ааштай таардаг. Би шулуухан, баримттай, энгийн үг хэллэгээр, нуршиж хүчлэхгүйгээр бичихийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, давхраатай алаг нүд, урт халиун үс, ийм өндөртэй гээд хүчилж дүрсэлдэгүй. Гэтэл миний хэлсэн хэв маяг нь хөнгөн хэлбэрийн өгөгдөл өгөөд зохиолын төгсгөлд уншигч өөрийнхөөрөө дүрслэх боломжийг олгодог. Төсөөлөн бодох, тархиндаа зажлах боломжийг олгодог гэсэн үг.
Нөгөө талаасаа бидний мэдэх зохиолын олонх нь бөөн алаан хядаан болж болж эцэстээ жаргалтай төгсдөг. Жаргалтай төгсөхгүй бол уншигчид ч, үзэгчид сэтгэл дундуур байдаг. Гэтэл амьдрал тийм биш шүү дээ. Номны мялаалганы үеэр багш маань “Монголчууд дандаа ялан дийлж, ялж буйгаар цээжээ дэлдэж бичдэг” гэж хэлсэн.
-Бавуугийн Лхагвасүрэн гуай тэгж хэлсэн үү?
-Яг тийм.
-Яг юу гэж бичсэн болоод ингэж хэлсэн юм бол?
-“Дархан бөхийн мэхэнд
Дүүгүүрийн чулуу шиг шидүүлээд
Дараагийн наадмыг хүлээж тахимыг нь хүртэж босохсон” гэж шүлэглэсэн юм. Дандаа давах биш өвдөг шороодох үедээ шороодох ёстой биз дээ. Бодит амьдрал ийм л байдаг. Тэгж бодож бичсэн юм.
-Хоёулаа таны шүлгийн талаар ярилцъя. Эх орондоо эргэж ирэхдээ бичсэн “Хүү нь ирлээ” шүлэг олон хүнд хүрсэн. Өөрийн тань шүлгийг уншихад логик дэс дараалалтай, цэгцтэй харагддаг. Шүлэг бичих мэдрэмжээ дүрсэлж хэлээч?
-Миний бичсэн “эд”-ийг шүлэг гэж хэлэх ёстой үгүйг үнэндээ хэлж мэдэхгүй нь. Урлахуйн ухааны их мастерууд дүгнэх байх. Та сэтгүүлчийнхээ хувиар шүлэг гэж асуусан болохоор энэ нэр томъёоны хүрээнд хариулъя. Энэ бол миний тархины тариа, зүрхний ургац, үгийн урлан. Миний тархинд боловсорч ургасан ургац. Энэ бол миний зүрхний баяр жаргал, зовлон шаналлын өнгө төрх. Энэ хоёрыг хооронд нь хэлхэж, үгийн хэлхээ болгосон нь энэ. Миний шүлгэнд утга уянгын халил бараг байхгүй. Зүйрлэл бүр байхгүй гэхэд хилсдэхгүй. Хүмүүс мэднэ дээ. Ихэнхдээ “хуц, солиор” гэх нь холгүй дээ.
-“Намайг албал ал...” гээд үү?
-Яг тийм.
“Ядарсан ардынхаа бухимдлыг шүүрдэж бичээд
Ялын тогтоол цохондоо тулгуулж сууя даа” гэж бичдэг хүн шүү дээ, би. Ойлгох нэг нь ойлгох байх. Миний дотор ийм л мэдрэмж төрдөг. Хувь хүний зан ааш ч ийм. Шүлэг бичих тэр үеийн мэдрэмж гэвэл заримдаа асгартал уйлдаг. Уйланхай гэж бодвол бод. Надад хамаа алга. Заримдаа ганцаараа инээнэ, бачуурч уурлана. Гоё үг олчихоод үргэлжлүүлж хөврүүлж бичдэг хүн биш. Үг орж ирэхээр нь гар утас, тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг. Цаг нь ирэхээр бүтээл болох нэг нь болох байх. Тэр үед нь бусадтай хуваалцана.
“Шүлэг бүхнээ бусадтай хуваалцсан би өглөгч хүн
Шүлэгнээс өөр юугаа ч хуваалцаагүй би харамч хүн” гэж. Бичсэн зүйлээ олон нийттэй харамгүй хуваалцдаг нь намайг илэрхийлэх нэг илэрхийлэл. Таны хэлсэн “Хүү нь ирлээ” гэдэг шүлгээ ээждээ, эх орондоо зориулж
“Хүү нь ижийнхээ энгэрт ирлээ
Хүн болох гэж их олон жил тэнэлээ” гэж бичсэн юм.
Үнэхээр ч хүн болох гэж олон жил гаднын улсаар тэнэж, жаргал зовлон амслаа. Хүн болно гэхээр хэдэн жил нас насалж, хэр хэмжээний хөрөнгө хураасанд оршихгүй. “Хүн гэж хэн юм бэ. Би хүн мөн үү” гэдэг асуултыг хамгийн түрүүнд өөрөөсөө асуух хэрэгтэй юм билээ. Хүний нутагт харж хандах хүнгүй, хоёр удаагийн хүнд мэс засалд орсны дараа өөрөөсөө ингэж асуусан.
Гэмт хэргийг ухамсартайгаар, төлөвлөж үйлдсэн бол тэр хүн хүн биш. Харин зөвхөн амь тээж яваа нэгэн. Шашин номын хүмүүс “Бурхны бүтээлийг ингэж хэллээ” гэж шүүмжилдэг. Үйлдэл, үг хоёроо ялгаж чаддаг болсон цагтаа л хүн болдог юм байна гэж би боддог. Тиймдээ ч “Хүү нь ирлээ” шүлэгтээ залуу насныхаа алдаа, оноог дэнсэлж чадахгүй, олон хүнийг гомдоосны эцэст явж явж ирлээ. Үүнийгээ зах зухаас нь бага боловч ойлголоо гэдгээ
“Хүн болох гэж их тэнэлээ ээж ээ
Хүсэлд гүйцэгдэх хорвоо биш юм байна аа, ээж ээ” гэж илэрхийлсэн
-Гоё шүлэг. Нээрээ л тийм шүү гэсэн бодол эрхгүй төрсөн. Задарч, ядарч явахад “Энэ чиний байх ёстой газар. Цаг чинь болоогүй шүү” гэж ташуур өгдөг гоё хүн байдаг даа. Таньтай тийм хүн таарч байв уу?
-Байлгүй яах вэ. Ажил мэргэжлийн салбарт толгойг минь илж өөгшүүлсэн хүн ч бий. Таны хэлснээр ташуур өгч байх ёстой газрыг минь зааж өгсөн хүн ч бий. Зөвхөн ажил мэргэжил гэлтгүй гэр бүл, хайр сэтгэлийн талбарт асуудал үүсч үр хүүхэд өнчрөх үед гээд л. Залуу насны бодлогогүй үйлдлээсээ болж би олон удаа алдсан. Өнгө мөнгө хөөсөн цаг үед бусдын үгийг авдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Дарга цэрэг явахдаа өнгө мөнгөнд хууртаж, дарвиж цэнгэж явсан үе олон бий. Тэрний үр дүн, үр ашиг амьдралын мөн чанар байсан уу, үгүй юү гэдэг нь орой руу орох үе ирдэг юм билээ. Хүний эцсийн зүйл бол өөрөө өөртэйгээ үнэнээрээ ярих.
-Үнэнээр ярьж чаддаг гэж үү. Хүн өөрийгөө ямар нэг тохиолдлоор хуурч амьдардаг гэдэг биз дээ?
-Арчаагүй, адгийн байдалд орохоороо ярилцдаг юм билээ. Залуу насны ааг омогт эрдэж явахдаа “Би энэ асуудлыг шийдэж чадна”, “Гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцож нөлөөлчихлөө... Аа, яадаг юм. Би хайртай, дуртай”, “Би амжилттай яваа залуу. Ингэж амьдарч чадна”, “Үр хүүхдийнхээ хажууд байхгүй ч сайн боловсрол олгож чадна” гэх зэргээр хүн өөрийгөө өмгөөлж, хуурдаг юм билээ. Хуурамч ертөнцөд амьдарч байна гэдгээ сэхээрэх нас ч биш юм байна, ухаан ч байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Харин түрүүн хэлснээр арчаагүй, адгийн байдалд орохоороо ухаардаг.
Би “Явуулан байж мэдрүүл...” гээд шүлгээ “Монгол эрчүүдээ хөөж явуулаад бай” гэдэг утгаар нь бичээгүй юм шүү дээ, уг нь.
-Тэмээнээс том тэмдэгтэй зүйл дээр
Тээнэгэлзэн зогсож
Тэвчихийн аргагүй
Тэнэг эр хүнийг явуулан байж мэдүүл” гээд шүлэг нэг хэсэг трэнд болсон.
-Уг нь өөртөө зориулж бичсэн шүлэг. Нэгдүгээрт, эх орон, хайртай хүмүүсээсээ хол байлаа. Бүр өөрөөсөө хүртэл холдсон үе. Бурхан байтугай чөтгөр хүртэл голсон юм шиг санагдах үед мөн чанартайгаа нүүр тулгардаг. Ийм үедээ өөртэйгээ ярилцаж бичсэн шүлэг маань энэ. Өөрийгөө ямар арчаагүй, хувиа хичээсэн нэгэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр амьдралыг өөрөөр хардаг юм билээ. Эхлээд өөртөө зориулж бичдэг байсан бол бие эрүүлжиж, ухаан бодол цэгцрэхийн хэрээр аав, ээж, эх орноо санагалзах сэтгэлээ буулгаж эхэлсэн. Бие дээрдэхийн хэрээр улс төр энэ тэр гээд элийрсээн элийрсэн.
-Та маш хүнд хоёр удаагийн хүнд мэс заслыг даван туулаад зогсохгүй дээшээ мацсан хүн. Гэтэл ийм замыг сонгодог хүн бөөхөн байдаг. Туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлээ эргээд харахад бурхнаас өгсөн бэлэг юм билээ гэж олон хүн хэлсэн байдаг. Танд бас ингэж бодогдож байв уу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд хүмүүсийн сэтгэл зүйг судалж байна. Шүлэг, зохиол, жүжгийн дүрээ амилуулахын тулд шүү дээ. Сонин дүгнэлтэд хүрсэн. Хүн болгонд дохио ирдэг. Зогсох газартаа зогс, явах ёстой газраасаа явах ёстой гэсэн дохио.
-Тэрийг нь мэдрэх ёстой гэж үү?
-Тэгэлгүй яахав. Зарим хүн үүнийг мэдрэхгүйгээс болж алддаг. Миний хувьд эрүүл мэндийн асуудал, ганцаардал, арчаагүй байдал маань надад ирсэн дохио байсан гэдэгт итгэдэг. Өөрөө өөртэйгээ нүүр тулах мөч ирсэн гэсэн үг. Тэр үед би энэ бүхэнтэй нүүр тулж чадахгүй архи уусан бол харийн нутаг дахь монгол архичин, казиночны тоог нэгээр нэмэх байсан. Энэ үнэн шүү. Брэнд дэлгүүрээс хулгайлсан бараагаа Монгол руу цөөн хэдэн төгрөгөөр өгч олсон хэдэн мөнгөөрөө архи ууж, казино тоглодог бусдын л нэг болох байсан. Ийм замыг сонголгүйгээр мөн чанартайгаа тулж чадсандаа их баярладаг.
Надад нэг давуу тал байсан нь сэтгүүлч хүнийхээ хувьд үзэг, цаас нийлүүлэхэд дөхөм байсан явдал. Үхчихвэл ядаж нэг боловч хүн олж уншиг гэж уйлан байж хэдэн мөрт бичиж байлаа. Эндээс л хүн болгонд дохио ирдэг юм байна гэдэгт итгэсэн. Алдар цуутай, эд хөрөнгөтэй хэн ч бай хэзээ нэг өдөр сөхрөх үе ирдэг. Ийм үед сэхэх үү, сөхрөх үү гэдгээ шийдэх ёстой болсон. Би сэхэх замыг сонгосон.
-Таны багш Бавуугийн Лхагвасүрэн гуай анхны номыг тань мялаасан. Хэр шүүмжилдэг вэ. Эсвэл?
-Шүүмжлэх... ““Гурван жилийн тоос” номны өмнөтгөлийг биччихлээ. Маргааш ирж аваарай” гэж түрүүхэн над руу залгасан. Багш маань “Ингэж бич. Шүлэг мөн, биш” гэж огт хэлдэггүй. “Болж байна, болохгүй байна” ч гээгүй. Харин “Унш, бич” гэдэг. Бавуугийн Лхагвасүрэн гэдэг эрхэм хүнийг 2006 оноос хойш дэргэдээс нь мэднэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд бичсэн бүх бүтээлээ уншуулсан.
-Яагаад зөвлөгөө өгдөггүйг бодож үзсэн үү?
-Үзэлгүй яахав. “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг дээ. Надад зарцуулах ухаан нь нирэгдэж байгаа болов уу. “Бавуугийн Лхагвасүрэнгийн шавь” гэж дуудуулж, номоо мялаалгана гэдэг бол... Мэдэхгүй ээ. Юутай ч зүйрлэж, яаж ч хэлж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Маш том зангараг юм даа. “Чи миний шавь” гэж хэлсэн. Надад муу бичих эрх байхгүй.
-Магадгүй таныг ихэд тоосон юм болов уу?
-Эсрэгээрээ эрхлүүлж байж ч мэдэх.
-Гэхдээ зад загнаад ч болов алдаа, оноог минь дэнслэж өгөөсэй гэж бодно биз?
-Ямар их горьддог гээч. Анхны номоо хэвлүүлэх үед хэд хэдэн шүлгийг хассан. Тэгэхэд нь багагүй дүгнэлт хийсэн л дээ. “Унш, зогсолтгүй бич” гэж хэлсэн нь том сургааль, шүүмж юм байна гэж ойлгодог. Нутагтаа ирэнгүүтээ багштайгаа уулзсан. Бие нь чилээрхүү байна лээ. Уулзаад “Сайхан нэртэй ном байна. Бичиж л байгаа юм байна” гэсэн. Би номын бизнесээр амьдралаа залгуулах гэж яваа хүн биш шүү дээ. Байнга ном хэвлүүлэх сонирхолтой ч хүн биш.
Тэгэхэд л “Би зогсож болохгүй юм байна” гэдгийг багшийнхаа хэлсэн үгнээс ойлгосон. Багш маань бас “Сайн зажилж унш” гэдэг. Үүнийг юу гэж ойлгосон бэ, хүн ерөөс ямар ч зүйлийг багшийн хэлсэн шиг “зажилж” уншдаггүй юм байна л даа. Юмыг ухаж, ойлгож унших тусам нүд нээгдэж, ухаан цэлмэдэг. Түүн шиг бичихэд ташуур өгөхийг цаг үе гэж би нэрлэнэ. Миний ээж, миний зүрх сэтгэл, миний хайрлаж дурлах, баярлаж гуниглах шалтаг шалтгаан бүхэн надад өгөх ташуур, үзэгний минь чимээ.
-Та түрүүн үг, үйлдэл зөрөхгүй болсон цагтаа хүн болдог гэж хэлсэн. Тэгвэл таны үг, үйлдэл хэр нийцдэг вэ?
-Өмнө нь олон алдаа хийсэн гэдгээ хэлсэн. Тэрийгээ ухаарч сэхээрсэн. Өнөөдөр би дусал ч алкохол хэрэглэдэггүй, бас тамхи татдаггүй. Нийгэмд эрүүл үлгэр дууриалал болох юмсан гэж хичээж явна. Зохиолч гэхээрээ яагаад архи ууж, тамхи татах ёстой гэж. Энэ хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэй. Миний бичсэн бичээс зүрхэнд хүрэхдээ үнэн байг. Өнгөрсөнд хийсэн алдаагаа би өөрчилж чадахгүй. Гэхдээ урагшаа харж, зөв амьдармаар байна.
-Нээрээ л миний мэдэх Todko Samson арай өөр залуу байсан шүү.
-Хорт зуршилтай байсаан байсан. “Муу нуухаар сайн илчил” гэдэг байх аа. Миний хувьд үнэн, хайр, цаг хугацаа гурав нэг зүйл. Хайртай бол цаг хугацааны уртад нотлогдоно. Тэр нь үнэн байна. Хайргүй байсан бол цаг хугацаа байхгүй. Цаг хугацаа байхгүй юм чинь тэр нь худал байсан гэсэн үг. Би үнэн байхын тулд хорт зуршлаасаа салах ёстой. Нийгэмдээ зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой. Энэ нь урт удаан үргэлжилбэл үнэн гэдэг нь нотлогдож, бусдад зөв үлгэр дууриалал болно.
-Хүний нутгаас жаргал эрж нутгаасаа явдаг монгол хүн хаа ч байхгүй. Гадаадад олон жил амьдарлаа. Ирсэн сэтгэгдэл ямар байна. Улс орон хөгжөөд гоё болж уу?
-Барилга байшин нэмэгдээд сайхан болжээ. Цахим орчноос байнга мэдээлэл авдаг болохоор гайхах зүйл бараг байсангүй. Яг үнэндээ эх орноо гэх санасан сэтгэл минь онгоцноос буугаад л булингартаж эхэлсэн. Гэхдээ сэтгэлээ сэвтээхгүй гэж их хичээсэн.
-Ямар учиртай юм бэ?
-Шуудхан хэлсэнд уучлаарай. Хуушуур зардаг гэрт золбин нохой орж ирээд хөөгдөж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Эх орондоо харлаж яваа ч юм шиг. Онгоцноос буугаад гаалиар орж ирэнгүүт гар тээшийг бусдын өмнө задалж байна. Бүх хүмүүсийнхийг шүү дээ. Уг нь бүх тээшийг рентгенээр харсан шүү дээ. Гэтэл хэдэн шил архи авч явна гэдгийг харах гэж нэгжиж байна. Эр, эм ялгаагүй бүх хүний тээшийг тэрүүгээр нэг задалчихаад гаалийн ажилчид дээгүүр нь алхах юм. Магадгүй аав, ээжийнх нь гуутай зураг тээшинд байвал яана вэ. Задлах шаардлагатай бол тусгай өрөөнд оруулах ёстой. Арай ч дээ, ингэж болох уу. Хэлэхээр элдвээр хэлж, хараагаад л. Яг л хуушуурын гэрээс хөөгдсөн золбин нохой шиг санагдаад гомдсон. Бусдаар бол сэтгэл сайхан байна.
-Энэ сарын 13-ны өдөр “Тархиа бүлээн байгаа дээр” сэдэвтэй богино хэмжээний ярилцлага, лекц хийх гэж байна. Энэ үеэр “Гурван жилийн тоос” номын нээлт болно гэсэн. Ямар учиртай нэр бэ?
-Todko Samson нэрээр сошиалд шүлгээ байршуулснаас хойших гурван жилийн хугацаанд 1,000 орчим шүлэгтэй болж. “Гурван жилийн тоос” ном нь дан шүлгийн ном. Би хүний нутгийн гурван жилийн тоосыг нулимсаараа арчлаа. Хүний нутагт өвдөг сөхрөхдөө тоосыг нь өвдгөөрөө арчаад өндийлөө. Дараа нь хүний нутагт сөхөрсөн элэг нэгтнээ өөд татах үг хайрлаж, сэтгэлийнх нь тоосыг үргээлээ. Ер нь тоос гэдэг нь муу муухай зүйл байх албагүй.
Зарим хүндтэй зүйлийн тоосыг хөнддөггүй биз дээ. Нэг талаасаа дархлагдаж, онгологдсон зүйл боловч тэрийг олж харна гэдэг нь хүрэх гэж байгаа зүйлийн нэг илэрхийлэл. Хүн хараагүй юмаа хэр зузаан тоостойг мэддэггүй биз дээ. Энэ утгаар нь нэрлэсэн юм. Өдөрлөгийн үеэр номын нээлтээ хийнэ. Бас “Үүлэн тайзтай бийрэн жүжиг”, “Хүн чулууны бичээс”, “Чамд хэн итгэх юм бэ” гурамсан романы тэргүүн дэвтэр “Вангийн нулимс” номын танилцуулга уншлага болно. Гаднын улсад байхдаа олон удаа өдөрлөг зохион байгуулж байсан. Гэхдээ энэ удаа сэтгэл дэндүү их хөдөлж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд нэрийн тань утгыг асууя. Дуучид төдийгүй зарим нэг зохиолч олонд танигдах гэж нэрээ өөрчлөх болсон. Та энэ утгаараа нэрээ Todko samson гэж өөрчилсөн үү?
-Бага байхын гэр бүлийнхэн маань Todko бас найзууд маань Samson гэж дууддаг байсан юм. Todko гэдэг нь миний монгол нэрний товчлол. Харин Samson гэдэг нь миний зан ааштай нийцдэг эртний баатар. Нэрээ өөрчилсөн нэг шалтгаан нь олонд танигдах гэж. Нуугаад яах вэ. Нөгөө талаасаа миний бүтээл монгол хэл дээр төдийгүй дэлхийн олон орны хэл дээр хэвлэгдэнэ. Ингэхээр овог, нэр маань бүтнээрээ байвал гаднынханд хүндрэлтэй. Тиймээс амархан дуудагдах дуудлагыг нь бодож өөрчилсөн.