“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хохирогч болон хувьцаа эзэмшигчид жагсаал хийж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын /ХББОС/ сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардлаа. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичиг хүргүүлэхээр болсон бөгөөд тус компанийн 15 мянга орчим хувьцаа эзэмшигч гарын үсгээ цуглуулсан талаар мэдэгдэв.

Хохирогчдын төлөөлөл хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар та ХББОС-ын сайдаа огцруулаач ээ. Ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан гэж бид үзэж байна. 30 орчим тэрбум төгрөг, цаашлаад 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх асуудал яригдаж байгаа. Энэ хүнд даруй хариуцлага тооцож, огцруулах хэрэгтэй” гэв.

Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандахаа илэрхийлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Тиймээс ийм ёс бус үйлдэлд анхаарал хандуулж, төрийн албанд ёс зүйгүй сайд нарыг огцруулахад анхаарч өгнө гэж найдаж байна. Бид энэ асуудлын ард гартал тууштай тэмцэнэ. Хэрэв шаардлага биелэхгүй бол өлсгөлөн зарлах зэрэг тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд ч бэлэн байна” хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн ТУЗ-ийн гишүүн иргэн н.Энхтуяа хэлэхдээ, “ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр манай компанийн захирлаар ажиллаж байсан. Мөн түүний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй, 100 хувийн хамаарал бүхий компани манай компанийн хөрөнгө оруулалт, борлуулалттай холбоотой асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Гэтэл нийт борлуулалтын гуравны нэг нь зардал нэрээр алга болсон” гэлээ.

Тэрбээр цааш нь “Түүний эхнэртэй холбоотой компанийн зүгээс бодит ажил хийгээгүй. Нэг ч хүрз шороо асгаагүй, хадаас ч хадаж үзээгүй. Харин 17 орчим жилийн турш энд хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдийн хөдөлмөрөөр энэ компани бий болсон. Олон жилийн турш хөрөнгө оруулалт хариуцсан нэр бүхий компаниар дамжуулан луйвар хийж ирсэн гэж бид үзэж байна” хэмээн ярив.

Иймээс компанийн ТУЗ хуралдаж, захирлаар ажиллаж байсан Э.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан бөгөөд үүнээс хойш компанийн хэвийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар хэллээ.