УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг цагдан хорьж, гар утсыг нь хураан авсан гэх асуудал яригдлаа. Т.Шинэбаярыг өнгөрсөн аравдугаар сарын 11-нд цагдан хорьж, 16-нд сулласан юм. 


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэглээг хуульд заасан үндэслэл шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж УИХ-ын тогтоолд тусгасан. Энэ хэрхэн хэрэгжиж байгаа вэ. 

Би нэг жишээ хэлье, Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга (Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч) олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг авч очоод хорьчхож байна. Тэр хүний утсыг өгөхгүй 20 гаруй хоносон гэсэн. Та нар ийм зүйл мэддэг үү. Хүнийг шоронд хийчхээд утсыг нь өгдөггүй. Сэтгүүлч хүн яаж ажил хийх вэ. 

Сэтгэл санааны хохирол гаргуулах шүүх хурал болсон гэж байна. Тэгсэн чинь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж байна. Бид УИХ болон байнгын хороо дээр баахан шинжээч томилж, есөн зүйлтэй тогтоол гаргадаг. Энэ тогтоолын есөн зүйлийн нэг нь ч хэрэгжээгүй. Ирүүлсэн хариуг нь үзэхээр судалж байгаа, ярьж байгаа гэнэ. Засгийн газар ингэж ажил хийдэг юм уу. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: УИХ-ын 15 дугаар тогтоол тавдугаар сарын 1-нд гарсан. Манай хууль эрх зүйн орчны хүрээнд илэрч буй зөрчлийн асуудлыг шийдвэрлэх чиглэл орж ирсэн. Манай байгууллагын зүгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ерөнхий төлөвлөгөө гаргаж, 4-5 хуулийн төсөл боловсруулсан.

Таны дурдсан цагдан хорих, баривчлахтай холбоотой асуудалд хүний эрх, эрх чөлөөг хангах хүрээнд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн барина. 

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж: Цагдаагийн байгууллагад ирж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. 

Саяхан нэр дурдсан иргэний хувьд гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрөлтэйгөөр бие, гэр, тээврийн хэрэгсэл, гар утсанд үзлэг нэгжлэг хийсэн. Тухайн иргэний гар утаснаас гэмт хэргийн ул мөр илэрсэн болохоор нотлох баримтад тооцож хураан авсан. Гар утсыг нь буцаан олгох боломжгүй.