МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. 

Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна.

Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн. Төр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд өөрөө оролцож, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс нөлөөлдөг тогтолцоо байж болохгүй.

Аливаа асуудал ухамсар, ёс зүйн хүрээнд шийдэгдэх ёстой. Хувь хүмүүсийн хоорондын харилцаа, албан тушаалтнуудын харилцааг хувийн өс хонзонгийн шинжтэй болгож болохгүй. Ялангуяа төрийн албан тушаалтнууд бие биедээ өс санах, өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажил, гаргасан алдаа дутагдлыг нь үндэслэн нэгнээ загнаж, зандрах ёсгүй. Ямар ч тохиолдолд хуульд нийцсэн байх шаардлагатай.

Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхий сайд энэ долоо хоногт мэдэгдсэн байр сууриуд болон ирэх долоо хоногт Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн ажил үргэлжилнэ. Тухайлбал, Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг Г.Тэмүүлэн сайд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Засгийн газраас өргөн барьж буй аливаа хууль, хуулийн төсөл ямар ч нөхцөлд Үндсэн хуульд нийцсэн байх ёстой.

Миний хувьд өмнө нь ЗГХЭГ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Засгийн газар ямар түвшинд, хэрхэн ажилладгийг мэддэг хүний хувьд ажилтайгаа танилцах гэж хугацаа алдах шаардлагагүй. Тиймээс шууд ажилдаа орно гэсэн бодолтой байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 77 дугаар сургууль

1999 онд Улаанбаатар их сургууль, түүх судлаач, солонгос хэлний орчуулагч

2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академи, агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэжилтэн

2010 онд Улаанбаатар их сургууль, түүхийн ухааны магистр

2013 онд МУИС, Шинжлэх ухааны сургууль, улс төр судлалын докторант

2022 онд Отгонтэнгэр их сургууль, эрх зүйн бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2010-2011 онд “JCI Монгол”-ын ерөнхий нарийн бичгийн дарга

2010-2012 онд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн дарга

2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга

2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх

2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн

2020 оноос "ББ САН"-ийн үүсгэн байгуулагч

2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн