УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, гишүүдийн асуулт, хариултыг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа шинэчлэлийн үр дүнг төсвийн хэмнэлтээр бус ядуурал хэдэн хувиар буурснаар хэмжих ёстойг онцолж, халамж авдаг иргэдийн эрх хязгаарлагдах эсэх, хөдөлмөр эрхлэлтийн бодит үр дүнг хэрхэн тооцох талаар асуув.

Сайд Т.Аубакир одоогийн 2.7 их наяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөг болохыг тайлбарласан юм.

Яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагчид болохыг мэдээлж, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй, шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ хэмээв.

Хүнс тэжээлийн дэмжлэгийг 2025 оны байдлаар 17 мянга орчим өрхийн 103 мянган иргэн авч байна гэж сайд танилцуулав. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан халамжаас хөдөлмөрт шилжүүлэх хөтөлбөрөөр энэ онд 5000 өрх буюу 19 мянга орчим иргэнийг хамруулж, 3.5 тэрбум төгрөг зарцуулж буйг онцлов.

С.Эрдэнэбат: Асрах үйлчилгээ, гэрээр үзүүлэх халамжийг өргөжүүлж, урт хугацаанд даатгалын хэлбэрт оруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөрт шилжүүлэх ажлын бодит үр дүнг тооцох

М.Энхцэцэг: Хууль батлагдсанаар зардал нэмэгдэх эсэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой хэрхэн уялдах

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг албан ёсны үнэмлэхтэй болгох

Д.Энхтуяа: Өөрийн санаачилсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй уялдуулах

Ж.Баясгалан: Мэдээллийн сангийн алдаанаас болж жинхэнэ зорилтот бүлгийг орхигдуулахгүй байх баталгаа

Д.Ганмаа: Халамжийг орон сууц, ус, эрчим хүчний төлбөрийн дэмжлэгтэй уялдуулах талаар тус тус санал гаргасан байна.

Байнгын хорооны дарга П.Ганзориг нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр өргөн баригдсан олон хуулийг уялдуулан хэлэлцэх шаардлагатайг онцлон хэлэв. Санал хураалтаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.