ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв
14 минутын өмнө

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм.
Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн.
Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн. Үндсэндээ манай иргэн бол хэлний бэрхшээлээс үүдэн залилан луйврын шинжтэй гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан байна. Иргэнээ татан авахаар ОХУ-д хандсан байгаа. Ийм процесс нь өдөр хоногоор хэмжигддэг учраас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд шууд хандах алхмыг хийгээд байна.
Энэ ганц тохиолдол биш. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан, цаашдаа ч дахин гарах эрсдэлтэй. ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурж, оролцсон арав орчим Монгол Улсын иргэн байна. Гадаад харилцааны яамнаас хэлний бэрхшээлээс үүдэн гадны хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар ихэнх иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авсан. Иргэд өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажил амласан зар мэдээний дагуу бүртгүүлж, хил давах тохиолдол гарч байна. Үүнийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан. Ер нь “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэдэг нэрийн дор залилан луйврын шинжтэй, цэргийн тусгай ажиллагаанд татан оруулж байна гэдэг асуудал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодорхой мэдээллийг авч, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсэн.
Тодруулбал, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын нийгмийн сүлжээн дэх хуудас болон ГХЯ-ны Консулын газрын вэб сайтаар дамжуулан нийтэлсэн. Тухайн иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ-наас тогтмол холбоотой байна. Бид аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. ГХЯ-ны чухал чиг үүрэг бол хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах байдаг" гэх хариултыг өглөө.






