ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг "цагаатгасан"
10 минутын өмнө

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүд Хүний Гавьяат эмч цол хүртээхээр болжээ. Тэрээр тус төвийн захирлаар нийт 13 жил ажилласан бөгөөд "Ковид-19" цар тахлын үеийн хариу арга хэмжээг удирдан зохион байгуулж, өдөр бүр 11:00 цагт нөхцөл байдлын мэдээлэл өгдөг байснаараа олон нийтэд илүүтэй танигдсан нэгэн.
Харин түүнийг Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Улмаар анхан шатны шүүхээс Д.Нямхүүд холбогдох хэргийг цагаатгаж байсан бол Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин эдгээр шийдвэр, магадлалыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан байдаг. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ. Тэгвэл эл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.






