УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа.

Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл. Үүний үнэн, худлыг нотлуулах гэж ажлаа өгч байгаа гэж ойлгосон.

Монголбанкны харьяа Санхүүгийн мэдээллийн алба гэж бий. Энэ алба 20 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээг хянадаг. 110 сая ам.доллар гэдэг бол бэлнээр зах зээл дээр гарвал томоохон донсолгоо үзүүлэх хэмжээний мөнгө. Энэ мөнгө бүртгэлгүй, мэдээлэлгүй явах ямар ч боломжгүй.

110 сая ам.доллар банкнаас гарсан гэдэг мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч авахад гурван секунд л хангалттай. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч ийм зүйл байхгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, хуулийн байгууллагуудад мэдэгдсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцээс танд болон танай банканд хандаж, энэ мөнгө гарсан эсэхийг тодруулсан уу? Та худал хэлж болохгүй шүү дээ. Хэрэв тийм мэдээллийг өгсөн бол Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан болох гээд байна. Харин та тэр мэдээллийг дарж нууцалсан бол Монгол Улсыг Ерөнхийлөгчгүй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан болж таарна.

Тэгэхээр Санхүүгийн мэдээллийн албанаасаа 110 сая ам.доллартай холбоотой мэдээлэл авсан уу? Энэ мөнгө банкнаас гарсан гэдэг нь үнэн юм уу, худал юм уу?.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Санхүүгийн мэдээллийн алба манай дэргэдэх байгууллага боловч удирдлага нь хууль хяналтын байгууллагуудын зөвшилцлөөр томилогддог. Аль нэг байгууллагын шууд удирдлагад харьяалагдаж, тайлагнадаг, үүрэг даалгавар авдаг байгууллага биш. Мөнгө угаахтай тэмцэх олон улсын стандартын дагуу хамтын ажиллагааны зөвлөлд гишүүнээр орж, асуудлаа хэлэлцүүлж ажилладаг. Харьцангуй бие даасан үйл ажиллагаатай байгууллага.

Таны хэлж байгаа үнэн. 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хэрхэн шалгах, тайлагнах асуудлыг журмаар зохицуулдаг. Энэ хамтын ажиллагааны зөвлөлийг Хууль зүйн сайд өөрөө ахалдаг.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн институц болон өөр нэг байгууллагаас энэ талаар над руу, Монголбанк руу тодруулга хүссэн хүсэлт ирээгүй.

Санхүүгийн мэдээллийн алба нь бие даасан хуультай, хуулийнхаа хүрээнд хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Олон улсын стандартын дагуу ажиллах, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэх чиглэлээр Монголбанкнаас дэмжлэг үзүүлж байгаа.

Хуулиараа ямар нэгэн сэжигтэй мөнгө угаах, гэмт хэрэг, авлигын шинжтэй 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ илэрвэл Монголбанкны ерөнхийлөгч рүү биш, шууд хуулийн байгууллага руу шилжүүлдэг. Түүнийгээ ч надад тайлагнах ёсгүй. Хуулийн байгууллагад хэд хэдэн асуудлыг шилжүүлээд, энэ дүрмээрээ ажиллаж байгаа юм билээ.

Одоогоор 110 сая ам.доллартай холбоотой сэжигтэй гүйлгээний жагсаалтад орсон, хяналт шалгалт хийгдсэн гэсэн мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанаас надад өгөөгүй. Энэ асуудлыг та нарийвчлан нууцын шугамаар өөрийн эрх мэдлийн хүрээнд албан бичгээр тодруулж, албажуулан авах боломжтой. Хууль хяналтын байгууллагаас үүнийг тодруулах нь чухал" гэх хариултыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн Лодойсамбуу нэмж "Төрийн болон албаны нууцын тухай хуулиар энэ бол ямар нэгэн нууц мэдээлэл биш. Би танаас хяналт хэрэгжүүлдэг харьяа байгууллагынхаа үйл ажиллагаанд нөлөөлөх талаар асуугаагүй. Та Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд зах зээл рүү 110 сая ам.долларын шилжүүлэг хийгдсэн эсэхийг хамгийн түрүүнд сонирхох ёстой хүн байх.

Тухайн үед өөр ерөнхийлөгч байсан байх. Гэхдээ Монгол Улсад Лхагвасүрэнгийн Монголбанк, Наранцогтын Монголбанк гэж байхгүй шүү дээ. Одоо мэдэхэд танд гурван секунд л хангалттай. Та хажуудах хүмүүстээ хэлээд энэ 110 сая ам.доллар гарсан юм уу, үгүй юм уу гэдгийг тодруулахад хууль зөрчихгүй. Та бараг хэлэх үүрэгтэй байх.

Хэрэв та үүнийг мэдчихээд хэлэхгүй байгаа бол Монгол Улсыг Ерөнхийлөгчгүй болгох үйл ажиллагаанд гол оролцогч болоод байна шүү. Ерөнхийлөгч чинь энэ мөнгө хаачсан бэ? гэдэг асуудлаар ажлаа өгөх гэж байна" гэв.

Ийнхүү Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт 110 сая ам.долларын гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэл аваагүй гэдгээ хэлсэн бөгөөд уг мөнгө банкнаас гарсан эсэхийг шууд баталсан, эсвэл үгүйсгэсэн хариултыг өгсөнгүй ээ.