Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) 11:00 цагаас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж байна. 

Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, цаашдаа ч хэвийн үргэлжилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр болсон. Ерөнхий сайдын хувьд ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжиж байна. 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу ажлаас чөлөөлж байна. Ерөнхий командлагч ажлаа өгсөн энэ үед Батлан хамгаалах салбар эзгүйдэж байгаа учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хараахан шийдвэрлээгүй байна. 

Гашуусухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтэйк гэрээтэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийлье. Дээрх гэрээнд нэр нь холбогдсон, баялгийн хулгайд хутгалдсан бүх хүмүүс шалгуулах ёстой. Тэр тусмаа тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, шийдвэр гаргалцсан төрийн өндөр албан тушаалтнуудыг бүгд шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүний халдашгүй байдал дор нуугдаж, уг асуудлаас бултах эрх хэнд ч байхгүй. Тиймээс үнэнийг хэлэх цаг ирлээ. Гашуунсухайтын төмөр зам, Оффтэйкын гэрээний маргаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан  Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлэлтэй. 

Тэрбээр 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтэйкээр уг ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэрийг гаргасан.  280 сая ам.доллараар шороо овоолж байсан. Уг асуудлаас болж гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч байлаа. 

Мөн Төгрөг нуурын ордыг хувьдаа завшсан гэх 500 гаруй хуудастай материалыг шүүхийн байгууллагад өгтөл замхарч байсан. Надад санхүүгийн сайн баг бий. Тухайн 500 хуудастай материалыг бэлдэхийн тулд олон улсын санхүүчдийн тусламжийг авч байлаа. 

Нэгдүгээрт, Гашуунсухайт боомтын бүх асуудлыг олон улсын аудитын байгууллагад мэдээлнэ. 

Н.Учралын засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй гэсэн зарчим баримталж байна. Уул уурхайн биржийн хуулийн дагуу түүхий эдийг экспортлоод явж буй. Г.Занданшатарын засгийн газрын үед бүх оффтэйк гэрээ ил болсон. 

Түүнээс өмнө байгуулсан гэрээнүүдийг шалгаж, танай манай гэхгүйгээр бүгдийг нь шалгах ёстой" гэлээ.

Мөн 12-р сарын 20-оос өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг тогтооно.  

Өнөө шөнийн 00 цагаас эхлэн энгийн АИ-92 шатахуун 150 төгрөгөөр, евро АИ-92 шатахуун 1000 төгрөгөөр хямдарна.