Э.БАТШУГАР: МОНГОЛ УЛС УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
16 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Улаанбурхан өвчний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай улсад 2026 оны наймдугаар сарын 24-нөөс хойш улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өнгөрсөн оноос эхэлсэн улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үзэх боломж бүрдлээ. Энэ бол Засгийн газар, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, боловсролын байгууллага болон олон нийтийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дэгдэлтийн хариу арга хэмжээнд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын тандалт, вакцинжуулалт, лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан.
Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн айл өрхөөр ажиллаж, вакцины товлолын хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, өсвөр насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүллээ. Эрүүл мэндийн сайдын хувьд энэ ажилд сэтгэл, зүтгэл гарган ажилласан нийт эмч, эмнэлгийн ажилтан, боловсролын салбарын багш, ажилтан, хамтран ажилласан байгууллага, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Гэхдээ бид тайвширч болохгүй. Улаанбурхан болон вакцинаар сэргийлж болох бусад халдварт өвчнөөс хүүхэд бүрийг хамгаалах нь бидний цаашдын зорилт хэвээр байна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ вакциныг товлолын дагуу хугацаанд нь хийлгэж, хоцорсон тохиолдолд өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан нөхөн дархлаажуулалтад хамруулаарай. Өнөөдрийн хүрсэн үр дүнг хадгалж, дахин дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал" хэмээн ярилаа.






