Явган зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой шар дарцаг аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ тухай ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Шар дарцаг буюу Анхааралтай байвал Аюулгүй арга хэмжээг ерөнхий боловсролын сургууль орчимд хэрэгжүүлж байна. Энэ нь явган зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой.

School police хийж байгаа эцэг эх, асран хамгаалагч нар шар дарцгийг ашиглаж, гарцтай хэсгээр хүүхдүүдийг зам хөндлөн гаргадаг.

Аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд шар дарцгийг хийж, байгууллагынхаа ойр орчмын гарц дээр байрлуулахыг уриалж байна" хэмээв.

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нарыг явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байхыг санууллаа.

Энэ оны эхний дөрвөн сард явган хүний гарц дээр 103 осол гарч, 12 хүний амь нас хохирчээ.

Харин 2025-2026 онд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарц дээр хурд сааруулагч тавихад нийслэлийн төсвөөс ₮240 саяыг зарцуулахаар баталжээ.