Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
16 минутын өмнө

Өнөөдөр та бүхэнд танилцуулах гол үндсэн асуудал маань Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон.
Бидний хувьд өнөөдөр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөвхөн гэмт хэрэг илрүүлэх төдийгөөр хязгаарлахгүйгээр тогтолцоогоор нь харж, суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Сангийн яамтай санал солилцож, үзэл баримтлалын түвшинд боловсруулж байна.
Өнөөгийн тогтолцоогоор хувь хүний орлогын албан татварын жишээн дээр авч үзэхэд цалин, орлого олсон хүн татвараа тайлагнах эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал байхгүй учраас төдийлөн тайлагнадаггүй тохиолдол бий. Үүнээс үүдэн тухайн хүний олсон орлого, төлсөн татвар, хэрэглээ хоорондоо нийцэхгүй асуудал гардаг.
Тэр дундаа нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудын хэрэглээ нь орлоготойгоо нийцэхгүй байна. Энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм биш үү, авлигын гэмт хэрэгтэй холбоотойгоор эд хөрөнгө олж авсан юм биш үү гэсэн шүүмжлэл олон нийтээс гардаг.
Өнөөдрийн хөрөнгө, орлогын мэдүүлэг буюу ХОМ нь авлигаас сэргийлэх арга хэрэгсэл болж бүрэн дүүрэн чадахгүй байна. Тиймээс татварын тайлагналын олон улсын зарчмуудыг Монгол Улсын татварын тогтолцоонд нэвтрүүлэх шаардлагатай.
Олон улсад, тухайлбал Америк, Австрали, Япон зэрэг улсад хүн хууль ёсны орлого олсон бол татвараа төлж, тайлангаа хүргүүлдэг. Үнэн зөв тайлагнасныхаа дагуу төрөөс урамшуулал авч, татварын буцаан олголт авдаг тогтолцоо бий.
Магадгүй энэ жил 40-55 сая төгрөгийн цалин аваад, түүнээсээ татвараа төлсөн бол тодорхой 10-20 хувийг нь буцааж авдаг ч юм уу, ийм буцаан олголтын урамшууллын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
Таны орлого хууль ёсных бол татвараа төл, тайлагна, тэгээд урамшуулал, буцаан олголтоо ав гэдэг үндсэн суурь систем байгаа юм. Татвараас зайлсхийсэн бол тухайн хүн хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, татварын өр төлбөрөө төлдөг байх ёстой. Харин хууль бус орлого олсон бол тэр орлогыг нь илрүүлж, хураан авч, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг олон улсын практик, жишиг зарчим байдаг.
Бид энэ сайн туршлагыг улс орондоо нутагшуулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдөр үүнийг хэрэгжүүлэх боломж бүрэн байна. НӨАТ-ын систем, E-Mongolia, блокчэйн технологи ашиглаад авлига, хууль бус орлогыг илрүүлэх, хянах, татвар, санхүүгийн хяналтын системийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр иргэдийн орлого албан ёсоор бүртгэгдэнэ. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, хөрөнгөө барьцаалах үед тухайн хүний зээлийн болон орлогын түүхээр дамжин хянагдах боломж бүрдэнэ.
Татварын бүртгэлжүүлэлт сайжирч, татвараар дамжин төр иргэнтэйгээ холбогдох гүүр бий болно. Нөгөө талдаа авлигаас сэргийлэх, далд эдийн засгийг хумих боломж бүрдэнэ. Том зургаараа Монгол Улсын авлигын индекс дээшилж, татварын бааз суурь нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Бид татварын тайлагнал болон буцаан олголтын энэ суурь зарчмыг Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн. Харин татварын харилцаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар цаашид боловсруулж ажиллах шаардлагатай.
Г.Дамдинням: Дархан-Уул аймагт 800 сая ам.доллараар гангийн цогцолбор барих компанийг шалгаруулсан
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.11.25) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
"Монгол Улсад гангийн цогцолбор байгуулах олон улсын сонгон шалгаруулалтын эцсийн дүгнэлтийг зарлалаа. 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд дэлхий даяар ган үйлдвэрлэгч 60 компанид урилга хүргүүлж, материал ирсэн. Өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулалт дуусч, БНХАУ-ын компани шалгарсан билээ.
Уг гангийн цогцолбор Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт баригдана. 651 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан.
Хэлэлцээр хийсний дараа ирэх хавар гэхэд барилгын ажил эхэлнэ. Гангийн цогцолбор барьснаар баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр зэрэг дагалдах үйлдвэр байгуулна. Гангийн цогцолборт 800 сая ам.долларын хөрөнгө оруулж, 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх юм.
Гангийн цогцолборт хүдрийг шууд боловсруулснаар армотурын үнэ 20 хувь буурна гэж тооцоолсон. Дотоодын гангийн хэрэглээг бүрэн хангаж, сайн чанарын ган үйлдвэрлэвэл экспортлох зорилготой.
ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДАХИН ХЯМДРУУЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ
Улсын хэмжээнд 19 аж ахуйн нэгжийн шатахуун нөөцлөх 22 сав баригдаж байна. Дэлхий нийтийн нөхцөл байдал сайжирч байгаа учир шатахууны нөхцөл ч дагаад сайжирч байна. Энэ оныг дуустал нөөцөө нэмэгдүүлнэ. Дэлхийн зах зээлийн шатахууны үнийн хөдөлгөөнийг ажиглаж байна. Энэ сарын сүүлээр дараа сарын үнийн мэдээлэл ирнэ. Үүнийг харж байгаад шатахууны үнийг дахин хямдруулах талаар ярилцана" хэмээн Б.Дамдинням мэдээллээ.
"Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан"
Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир: Дорнод аймгийн Нөмрөгт гарсан гал түймэрт нийт 484 мянган га талбай түймэрт өртсөний 431 мянган га нь дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байна.
Байгаль орчны яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, түймрийн хохирлын үнэлгээг хийж дууслааҮнэлгээгээр түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан бол 81 мянган га талбай маш их буюу өндөр зэрэглэлээр шатсан.
Мөн нийт 14.7 мянган га ой түймэрт өртөж, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтсон гэж урьдчилсан үнэлсэн байна. Холбогдох хууль, аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр тооцсон.
Харин хуульд заасан хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг хэрэглэснээр ажлын хэсгийн тайланд нийт хохирлыг 3.3 их наяд төгрөгөөр тооцож тусгаад байна. Гэхдээ энэ нь хохирлын эцсийн дүн биш. Ажлын хэсгийн дүгнэлтэд мэргэжлийн шинжээчид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хохирлын тооцоо үндэслэлтэй эсэхийг тогтоосны дараа эцсийн дүн гаргана.
Түймэрт өртсөн өргөн уудам, экологийн хувьд эмзэг бүс нутагт урт хугацааны мониторинг, судалгаа хийх шаардлагатай. Түймрийн дараах мониторинг, судалгааны ажилд 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
Байгаль орчны яамнаас хохирол тооцох аргачлалыг хуульд заасны дагуу боловсруулсан. Цагдаагийн болон шүүх шинжилгээний байгууллагууд хохирлын эцсийн хэмжээг тогтооно. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй ажлын хэсгийн гаргасан тооцоонд үндэслэн нарийвчилсан үнэлгээ хийнэ.
Хэргийн эзэн, холбогдогчийг тогтоох ажиллагаа мөн хуульд заасан процессын дагуу үргэлжилж байгаа. Хохирлын эцсийн дүгнэлт хэзээ гарах талаар хуульд тодорхой хугацаа заагаагүй. Холбогдох аргачлал, журмын дагуу шинжилгээ хийж тогтооно. Байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.






