Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!
9 минутын өмнө

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ.
Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахын тулд нийслэлийн удирдлага хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана.
Иргэдэд мэдээлэл өгөхөд, одоо худалдаалагдаж буй түлшнээс ямар нэгэн хортой бодис илрээгүй. Бид өдөр бүр мэргэжлийн байгууллагаар лабораторийн шинжилгээ хийлгэж, хүхэр, тоосонцор болон бусад химийн бодисын хэмжээг тодорхойлдог.
“Тавантолгой түлш” компани гуравдугаар сарыг дуустал хэрэглэх барьцалдуулагчийн нөөцөө бүрдүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй тул иргэд одоо худалдаалагдаж буй түлшийг санаа зоволтгүй хэрэглэх боломжтой. Харин хил дээр ирсэн барьцалдуулагчтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр олон нийтэд мэдээлнэ.
Жил бүр барьцалдуулагчийн хэрэгцээний тооцоог гаргаж, худалдан авалт хийдэг. Цаашид шохойн суурьтай бус, эрдэнэ шишийн гаралтай, байгалийн суурьтай барьцалдуулагч хэрэглэх байр суурьтай байгаа. Барьцалдуулагчийг өмнөд хөршөөс худалдан авдаг. Энэ удаа худалдан авалттай холбоотой маш ноцтой асуудал үүслээ" хэмээн мэдэгдэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нь 2026 оны наймдугаар сарын 13-нд уг албан тушаалд томилогдсон нэгэн. Тэрээр үүнээс өмнө Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байв.
Өнгөрсөн долоо хоногт химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд гэмт үйлдлээ өөрөө хүлээжээ.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татаж , таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан тэрбээр сүүлд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ирсэн. Тэрбээр эхнэрийнхээ танил БНХАУ-ын иргэнтэй тохиролцсон 2026.10.23-нд ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд Хайнань мужийн компаниас 1000 тонн барьцалдуулагчийг нэг тонныг 6500 юаниар авахаар тохирсон гэнэ.
Гэвч оруулж ирэх гэж байсан барьцалдуулагч нь полиакриламид, бентонит агуулсан, хорт хавдар болон угаар үүсгэдэг химийн бодис агуулсан байсныг илрүүлжээ.






