Уламжлалт бүтээл ба шинэ зохиомжийн огтлолцол  

“МОНГОЛ” тоглолт “Алтайн магтаал”-аар эхэлж, түүний дараа “Жангар” туулийн хэсэг үргэлжилсэн нь баруун монголын магтаал, тууль хайлах уламжлалыг тоглолтын эхлэлд онцолсон сонголт байв. “Жангар”-ын хэсгийг Торгууд, Шинжаан, Халимаг аялгууны шинжийг хослуулсан хувилбараар товшуур, морин хуурын хамсраатай хайлсан нь туульсын уламжлалыг өргөн хүрээнд төлөөлүүлэхийг зорьжээ. Үүний дараа Баяд ардын “Баян цагаан нутаг” дуу, дөрвөд, баяд биелгээ зэрэг үзүүлбэрээр үргэлжилсэн нь баруун монголын уламжлалт дуу, хөгжим, бүжгийн төрөл зүйлсийг нэгэн тайзнаа холбосон байна.

Тоглолтын дараагийн хэсгүүдэд Б.Норовын шүлэг, А.Лхагваагийн аялгуу, “Тэс голын магтаал”-ыг товшуурын хамсраатай Л.Лхамрагчаагийн найруулгаар, Монгол ардын дуу “Гоож нанаа”, “Хонхон цэцэг” болон Ж.Шагдарын шүлэг, Х.Сэргэлэнгийн аялгуу “Тэмээн дээрээс наран ойрхон” бүтээлийг ятгын гурвалтай хөөмийлсөн. Гарал үүслийн хувьд ялгаатай бүтээлүүдийг нэг тоглолтод багтаасан нь уламжлалт болон зохиогчтой бүтээлийн хөөмийн илэрхийллийн харилцааг харьцуулан ажиглах боломж олгож байна.

Харин “Хөх усан”, “Увс нутгийн магтаал”, “Элсэн говийн чимээ”, “Сайхан цэнхэр нутаг”, “Хийморь”, “Зүрхний дуун”, “Монгол” зэрэг хөөмийч Д.Басангийн өөрийнх нь зохиосон бүтээлүүдэд  шахаа, хархираа, исгэрээ хөөмийн арга техник, үглэлт, дуулалтыг хослуулсан нь хөөмийн илэрхийллийг орчин үеийн нийтийн хөгжмийн хэв маягтай холбох оролдлого байсан нь ажиглагдав. Зарим бүтээлд тува хөөмийн өнгө аястай үгтэй шахаа, хархирааг түгээмэл хэрэглэсэн нь ч бий. Эдгээр бүтээлийн хэмнэл, хэв маяг нь үзэгч, сонсогчдыг дагаж дуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн байж болох юм. Гэхдээ энэ зорилгыг уран бүтээлчийн тайлбар, сонсогчдын хүлээн авалтын баримтаар баталгаажуулаагүй нөхцөлд тоглолтоос төрсөн судлаачийн ажиглалт, боломжит тайлбарын түвшинд авч үзэх нь зүйтэй биз ээ.

Д.Басан таван наснаасаа хөөмийлж, өвөө Лхамсүрэнгийн Мангалжаваасаа суралцсан тухайгаа ярьдаг нь түүний уран бүтээлийн замнал, уламжлалт мэдлэгийг гэр бүл, ахмад үеэс өвлөн эзэмшсэн туршлагатай холбоотойг илтгэнэ. Тэсийн голын хөндийд өсөж торнисон тухай намтарчилсан өгүүлэмж нь ч нутаг ус, өв уламжлалын сэдэв түүний бүтээлд ямар байр суурь эзэлдгийг ойлгох нэгэн үндэс байж болох... Өвлөн уламжлагчийн үнэ цэн нь өвтэй хэрхэн холбогдсоноос гадна түүнийг уран бүтээлдээ хэрхэн шингээж, ямар шинэ илэрхийлэл бий болгож, цаашид хэрхэн дамжуулж байгаагаар тодрох юм. Энэ утгаараа үзэгч, сонсогч, судлаач, уран бүтээлчид Д.Басангийн тухай намтар түүхийн өгүүлэмжээс илүүтэй бүтээлүүдийнх нь уран сайхны шийдэл, монгол хөөмийн урын санд оруулж буй хувь нэмэр, цаашдын боломжийг хэрхэн тэлж байгааг тоглолтоос эрж хайх нь чухал байлаа.

Д.Басан мэргэжлийн хөөмийн анги төгсөж, олон арван бүтээл туурвисан уран бүтээлчийн хувьд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд хөөмийн илэрхийллийн ямар боломж байгааг нээж буй нь бас нэгэн чухал ололт юм. Олон нийтээр дагаж дуулахад хялбар, үгтэй шахаа хөөмийн техникт тулгуурласан түүний жижиг хэлбэрийн бүтээлүүд нь тодорхой уран сайхны зорилго, сонсогчтой харилцах арга барилтай байж болно. Үүний зэрэгцээ хөөмийн арга барилын нарийн ялгаа, дуу авианы өнгөний хувирал, аялгууны өрнөл, хөгжмийн зохиомжийн хөгжлийг дэлгэрүүлэн харуулах том хэлбэрийн бүтээлүүд нь мэргэжлийн чадамж, уран сайхны сэтгэлгээний цар хүрээг нээн харуулах өөр нэгэн боломж байж ч болох юм.

Иймээс “МОНГОЛ” тоглолтын тухайд Д.Басангийн бүтээл туурвих идэвх, хөөмийг нийтийн хөгжмийн илэрхийлэлтэй холбох эрэл хайгуулыг үнэлэхийн зэрэгцээ бүтээлүүдийн хэлбэр, зохиомж, илэрхийллийн гүнзгийрэлд анхаарах шаардлага зүй ёсоор тавигдана. Мэргэжлийн хөөмийч тул тоглолтод том хэлбэрийн бүтээл заавал хөөмийлөх ёстой гэсэн шаардлага тавих нь зохимжгүй. Харин олон бүтээл туурвисан уран бүтээлчийн хувьд түүний хөөмийлөх арга барил, хоолойн цараа, зохиомжийн сэтгэлгээг илүү өргөн бүтцэд хэрхэн хөгжүүлэх бол гэсэн хүлээлт төрж байсныг нуух юун. Энэ нь одоогийн бүтээлүүдийн үнэ цэнийг үгүйсгэсэн дүгнэлт бус, харин түүний уран бүтээлийн дараагийн шатанд анхааран үзэх шаардлагатай асуудал ч байж болох юм.

Тиймээс ч хөөмий судлалд Д.Басангийн туурвисан бүтээлийн хэлбэр, зохиомж, хөөмийн илэрхийллийг тухайлан судлах шаардлага ч та бидний өмнө бий. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хөөмийчийн хувьд түүний хөөмийлөх ур чадвар, хоолойн царааг том хэлбэрийн бүтээлээр дүгнэж цэгнэх албагүй ч гэлээ олон бүтээл туурвисан уран бүтээлчийнх нь хувьд түүний бүтээл, туурвилын илэрхийллийн өрнөл, хөгжил цаашид хэрхэн үргэлжлэх бол гэсэн хүлээлт байгааг ч анхааран үзэхэд илүүдэхгүй биз ээ.  

Тайзны дүрслэл: Хувцаслалт ба үндэсний хэв шинж

“МОНГОЛ” тоглолтын эхлэлд тайзны зохион байгуулалтад уран бүтээлч гол байрлалд гарч, тайзнаа байрлуулсан LED дэлгэцээр уран бүтээлд холбогдох дүрс үзүүлэн, гэрэлтүүлгээр орон зайг тодотгосон шийдэл давамгайлж байв. Энэ нь үзэгчдийн анхаарлыг төв уран бүтээлч болон тухайн бүтээлд төвлөрүүлэхэд дөхөм боловч дүрс, гэрэл, тайзны орчны харилцаа бүтээл бүрийн агуулгыг хэрхэн баяжуулж байгааг илүү нарийн бодох боломж байлаа. Зарим бүтээлийн дүрсжүүлэлт, гэрэлтүүлэг нь дуу хөгжмийн үзүүлбэрийг дагалдсан хэмжээнд үлдэж, тухайн бүтээлийн нутаг ус, байгалийн дүрслэл, уламжлалт ахуй, туульсын орон зайг тайзны бие даасан илэрхийлэл болгон хөгжүүлэх шийдэл харьцангуй бага ажиглагдсан.

Тайзны чимэглэл заавал бодит ахуйг хуулбарлах, эсвэл олон эд зүйлээр дүүрэх шаардлагагүй. Харин тууль хайлах, нутаг усны магтаал, орчин үеийн зохиомжит бүтээл зэрэг агуулгын хувьд ялгаатай хэсгүүдийн уур амьсгал, орон зайн мэдрэмжийг гэрэл, дүрс, хөдөлгөөн, зэмсгийн байрлалтай уялдуулан ялгаруулах боломж бий. Тухайлбал, “Жангар”-ын хэсэгт туульсын ертөнцийг санагдуулах дүрслэл, нутаг усны сэдэвтэй бүтээлүүдэд байгаль, газрын тогтоц, орон зайн мэдрэмжийг илэрхийлэх минимал шийдэл ашигласан бол тайзны дүрслэл нь хөгжмийн агуулгыг давтан харуулахаас илүүтэй түүнийг уран сайхны хувьд гүнзгийрүүлэх боломжтой байв. Иймд цаашдын тоглолтуудад тайзны дүрслэл, гэрэлтүүлгийг бүтээл тус бүрийн онцлог, хөгжмийн өрнөлтэй илүү нягт уялдуулж зохион байгуулах нь тоглолтын нийтлэг уран сайхны нөлөөг нэмэгдүүлэх нэг чиглэл мөн.

Хувцаслалтын хувьд монгол дээл, хүннү энгэртэй загвар, ээтэн гутал, малгай, толгойн суран уяа зэрэг үндэсний хэв шинжийг тодотгосон сонголтууд давамгайлж, тоглолтын нэр, агуулгатай нийцсэн монгол төрхийг бүрдүүлжээ. Энэ нь үндэсний өв, түүхэн дүр төрхийг тайзнаа илэрхийлэхэд ач холбогдолтойн дээр “МОНГОЛ” гэсэн ерөнхий санааг үзэгчдэд харагдахуйц болгосон нэгэн хүчин зүйл байв. Гэхдээ хувцаслалтын үндэсний шинжийг дангаар нь үнэлэхээс илүүтэй тухайн хувцасны загвар, хэрэглэгдэхүүн, дүр төрх нь хөөмийчийн тайзны хөдөлгөөн, бүтээлийн агуулга, уламжлалт болон орчин үеийн илэрхийллийн харилцаатай хэрхэн нийцэж байгааг авч үзэх, мөн түүнчлэн бүтээл бүрийн онцлогтой илүү нарийн уялдуулах нь цаашдын уран сайхны шийдлийг баяжуулахад тус дөхөмтэй байж мэднэ.

Урын сан дахь залгамж холбоо ба шинэ найруулгын асуудал

Д.Басангийн “Нутаг” (2017) бүтээл Загиржавын шүлгээр бүтэж байсан тухай өгүүлсэн уран бүтээлчийн өөрийнх нь аман сурвалжийн мэдээ бий. Харин “МОНГОЛ” тоглолтын хөтөлбөрт орсон “Нутаг” бүтээл бол Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр зохиомжлон найруулсан бүтээл болохыг тоглолтын явцад өөрөө дурдсан. Эл бүтээл нь түүний уран бүтээлийг хөөмийн урын сангийн өргөн хүрээнд авч үзэх сонирхолтой жишээ болно.

Ерөөс монгол хөөмийн урын санд нутаг усны сэдэвтэй олон бүтээл бий. Тухайлбал, “Боржгон нутаг” (1996, “Алтай хангай” хамтлаг), “Эх нутаг” (2004, Н.Ашид), “Хоёр Алтай нутаг” (2008, Д.Цэрэндаваа, Ц.Цогтгэрэл), “Нутаг минь нулимс минь” (2012, "Hosoo&Transmongolia" хамтлаг), “Унаган багын нутаг” (2013, “Алтай хангай” хамтлаг), “Дээд монголын нутаг” (2020, Л.Лхамрагчаа), “Хөдөө нутаг” (2023, Д.Басан), “Миний сайхан нутаг” (2024, М.Алтанцоож, М.Мөнгөнцоож), “Нутагтаан” (2025, Л.Лхамрагчаа), “Торгууд нутаг” (2025, Д.Золзаяа), “Өвгөдийн нутаг” (2026, “Уухай” хамтлаг), “Сайхан цэнхэр нутаг” (2026, Д.Басан) зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Эдгээр жишээнүүд нь нутаг усны сэдэв хөөмийн урын санд өөр цаг үе, өөр өөр уран бүтээлчийн шийдлээр дамжин илэрч ирснийг харуулна. Энэ хүрээнд Б.Мэнд-Амарын “Нутаг минь” (2016, Т.Лхацамба, Ц.Нямдорж, Г.Дэндэв, Б.Баярбаатар) бүтээлийг мөн авч үзэх боломжтой. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт хөгжим бичиж, хөөмийд зориулсан жижиг хэлбэрийн бүтээл туурвисан түүний бүтээл болон Д.Басангийн “Нутаг” бүтээл нь өөр өөр уран бүтээлч эл сэдвийг хэрхэн илэрхийлж буйг харьцуулах боломж олгож байна. Гэвч энд сэдэв давхцаж буйг дангаар нь уран бүтээлийн давталт гэж үзэх үндэсгүй. Харин шүлгийн агуулга, аялгууны зохиомж, хөөмийлөх арга барил, найруулгын сонголт, бүтээлийн дотоод өрнөлөөрөө ямар ялгаа гаргаж буйг харьцуулан шинжлэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл нэг  сэдэв хэрхэн шинэ бүтээл төрүүлэх эхлэл болж, өөр өөр уран сайхны шийдлээр үргэлжлэх боломжтойг харуулж байна.

“Монгол”: Бие даасан бүтээлийн эрэл хайгуул

Тоглолтын нэр болсон “Монгол” бүтээл нь Д.Басангийн өөрийн уран бүтээлийн замналыг авч үзэхэд онцгой байр суурьтай. Уран бүтээлчийн тодруулан мэдээлснээр, 2012 онд Б.Одсүрэн багштай хамтран бүтээсэн хувилбарыг хөөмийлөхөө больж, харин 2018 онд үг, аяыг шинээр зохиосон магтаалын шинжтэй бүтээлээ туурвижээ. Иймээс тоглолтод толилуулсан “Монгол” бүтээлийг өмнөх хамтын бүтээлийн шинэчилсэн найруулга гэж бус, Д.Басангийн өөрийн үг, аялгуунд тулгуурласан тусдаа шинэ бүтээл гэж авч үзэх нь зүйтэй. “Монгол” гэсэн өргөн утгатай сэдвийг магтаалын хэлбэрээр илэрхийлсэн нь тоглолтын бусад бүтээлтэй ч утгын холбоо үүсгэж байв. Тус бүтээлийг бүжгийн хамсраатай толилуулж, дараа нь Монгол Улсын төрийн дууллыг хөөмийлсөн нь тоглолтын төгсгөлд үндэсний агуулгыг онцлон нэгтгэх шийдэл болжээ. Гэхдээ үндэсний сэдвийн ач холбогдол нь дан ганц үг, нэр, тайзны дүр төрхөөр хязгаарлагдахгүй. Харин магтаалын аялгууны өрнөл, хөөмийлөх арга барил, дуу авианы илэрхийлэл, бүжиг болон бусад тайзны бүрэлдэхүүнтэй үүсгэж буй харилцаагаар дамжин уран сайхны бүрэн илэрхийлэлд хүрэх учиртай. Энэ утгаараа “Монгол” бүтээлийг Д.Басангийн үндэсний сэдэвтэй ажиллаж буй арга барил, магтаалын уламжлалыг өөрийн уран бүтээлээр үргэлжлүүлж буй онцлогтой нь холбон авч үзэх боломжтой. Мөн уг бүтээлийн цоо шинэ үг, аялгуу, найруулгын шийдлийг 2012 оны бүтээлтэй хөгжлийн явцаар нь харьцуулж, аялгууны найруулга, илэрхийллийн талаас гарсан өөрчлөлтийг илүү нарийвчлан үнэлэх ч боломжтой хэмээн санана.

Дүгнэлт

Д.Басангийн “МОНГОЛ” тоглолт нь хөөмийн уламжлалыг өвлөн эзэмших, өөрийн бүтээлээр урын санг баяжуулах, улмаар олон нийтэд хүргэх үйл ажиллагаа харилцан уялдаж байдгийг харуулсан уран бүтээлийн нэгэн жишээ юм. Түүний туурвилын идэвх, хөөмийн урлагийг орон нутагт хүргэж, олон нийтэд түгээн сурталчлахын төлөө гаргаж буй хөдөлмөрийг онцлон үнэлэх нь зүйтэй. Эдгээр үйл ажиллагаа нь хөөмийг зөвхөн уламжлагдан ирсэн ур чадварын хүрээнд хадгалахаас гадна шинэ бүтээлээр дамжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Нөгөө талаас, уран бүтээлчийн өвлөн уламжлагчийн байр суурь, бүтээлч хувь нэмрийг илүү тодорхой болгоход өөрийн бүтээлүүддээ уламжлалт хөөмийлөх арга барилын онцлогийг хэрхэн шингээж, ямар шинэ уран сайхны боломж нээж байгааг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Тухайлбал, Д.Басангийн өөрийнх нь өгүүлдэг Тэсийн голын хөндийтэй холбоотой өвлөн уламжлал, хөөмийлөх туршлага нь тухайн нутагт өвлөгдөж ирсэн онцлог арга барилтай хэрхэн холбогддог, тэдгээрийг бусад бүс нутгийн хөөмийлөх уламжлалаас ялган тодорхойлох үндэс бий эсэх нь цаашид судлан нягтлах сонирхолтой асуудал юм. Ийм судалгаанд дөхөм болохуйц уламжлалт арга барил, дуу авианы онцлог, хөөмийлөх арга техникийн ялгааг өөрийн бүтээлүүддээ баримтжуулан, уран сайхны шийдэлтэйгээ уялдуулан харуулах нь эл салбарын уран бүтээл, урын сангийн хөгжилд шинэ боломж нээж болох юм. Ингэснээр “Тэсийн голын ай савын хөөмий” хэмээх онцлогийг зөвхөн нутаг ус, намтарчилсан холбоогоор бус, хөөмийлөх арга барил, уламжлагдсан мэдлэг, дуу авианы шинжээр нь судлан тодорхойлох үндэс бүрдэнэ хэмээн санана.

Д.Басангийн “МОНГОЛ” тоглолт нийслэлд 2026 оны аравдугаар сарын 23-нд тоглогдсон ч үүнээс хойш сар гаруй хугацаанд аймаг, орон нутгуудад үргэлжлэн тоглогдох тул хөөмийн урлагийг сонирхогчид, судлаачид, залуу уран бүтээлчид төдийгүй үндэсний хөгжмийн өвтэй танилцахыг хүссэн үзэгчдэд үзэж сонирхохыг санал болгож байна. Тоглолт нь хөөмийн уламжлал хэрхэн шинэ бүтээлээр үргэлжилж, уран бүтээлчийн эрэл хайгуултай холбогдож байгааг тайзнаас мэдрэх боломж юм. Хөөмийн урлагийн үнэ цэн нь өвөрмөц дуугаралт, уламжлалт мэдлэг, хөөмийлөх арга барил, бүтээлч сэтгэлгээний харилцан холбоонд оршдогийг энэхүү тоглолт үзэгчдэд эргэцүүлэн ойлгох боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.

Урлаг судлаач, доктор (Ph.D) М.Амаржаргал