Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ
49 минутын өмнө

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын Үндэсний VI судалгаанд 6–11 насны сурагчдын хичээлдээ явахын өмнөх хооллолтын дадлыг тусгайлан судалжээ.
Тус судалгаа 2023 онд хийгдэж, 2024 онд тайлангаа танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг, 21 аймгийн 112 сумыг хамарсан үндэсний хэмжээний судалгаа юм.
Судалгааны тайланд 6–11 насны хүүхдүүдийн хичээлдээ явахын өмнөх хооллох дадлыг, гэрт нь хоол хүнс байхгүйгээс өлссөн эсэхийг тус тус авч үзжээ.
Судалгаагаар:
- 65 хувь нь өглөө хооллох цаг байдаггүй;
- 14 хувь нь хоол идэх сонирхолгүй;
- 4 хувь нь гэрт нь хоол хүнс байдаггүй гэсэн үзүүлэлт нь уг судалгааны тайланд тусгагджээ.
Өглөөний хооллолтын асуудал зөвхөн бага насныханд хамаарахгүй
НЭМҮТ-ийн өсвөр үеийн хоол тэжээлийн байдлыг судалсан өөр нэг судалгаанд 40 сургуулийн 4,514 сурагчийг хамруулжээ. Үр дүнгээр 34.6 хувь нь өглөөний цайгаа хааяа уудаг, 3.9 хувь нь огт уудаггүй гэж хариулсан байна. Энэ судалгааны үр дүн нь 10–19 насны өсвөр үеийнхнийг хамруулжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан 2024 оны аравдугаар сарын 21-нд гаргасан мэдээлэлдээ Монголын сургуулиуд 1–5 дугаар ангийн хүүхдүүдийг халуун хоолоор хангаж байгаа ч энэ нь хоногийн хэрэгцээт илчлэгийн 50 хувьд ч хүрэхгүй байгааг онцолжээ.
Харин 6–12 дугаар ангийн сурагчид сургуулийн хоолны хөтөлбөрт хамрагдах боломжгүй хэвээр байгааг дурдсан байна.
Энэ асуудал юуг харуулж байна вэ?
Хүүхэд өглөөний цайгаа уухгүй сургуульдаа явж байгаа шалтгаан зөвхөн хоол идэх дургүй байдал биш. Өглөөний цагийн зохион байгуулалт, гэр бүлийн амьдралын нөхцөл, хүнсний хүртээмж зэрэг олон хүчин зүйл нөлөөлж болохыг судалгаанууд харуулж байна.
Сургуулийн хоолны хөтөлбөрийг зөвхөн үдийн хоолоор хязгаарлахгүйгээр хүүхдийн өдрийн нийт хоол тэжээлийн хэрэгцээ, өглөөний хооллолтын дадалтай уялдуулан авч үзэх шаардлагатай байна.






