Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жил, Хотын захиргаа байгуулагдсаны 102 жил, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 102 жилийн ой энэ онд тохиож байна.

Нийслэл Хүрээг 1924 онд Түр захиргаа удирдаж байсан бол тухайн жилийн дөрөвдүгээр сард анх удаа хотын захиргаа албан ёсоор байгуулагдсан түүхтэй. 1924 оны 11-р сарын 8-наас 28-ны хооронд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар хоттой холбоотой хоёр асуудал шийдсэний,

  • Нэг нь, Түр захиргааг бие даан хотын асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах чадамж бүхий жинхэнэ захиргаа болгосон.
  • Хоёр дахь нь, Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх тухай байв.

1924 онд Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэх хоёр чухал асуудлыг энд дурдаж буй агаад эхнийх нь Хотын захиргааг байгуулах тухай юм. Хотын ажил хэргийг өмнө нь Дотоод яам, Сангийн яам, Гадаад яам хянаж, асуудлыг шийддэг байсан нь бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамж бүхий хотын захиргаа байгуулах шаардлагыг улам нэмэгдүүлж байв.Ингээд Хотын захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг /ИТХ/ байгуулав. Хурлын анхны даргаар Данзан, Хотын захиргааны анхны даргаар Моононгийн Баярыг томилжээ. 102 жилийн тэртээх анхны ИТХ-ыг 45 төлөөлөгчтэй байхаар тогтсон нь өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Тухайн үед нийслэл хот 23 хороотой байсан ба хороо тус бүрээс хоёр төлөөлөгч сонгож,  санал хураалт явуулахад сондгой байхыг бодож, нэг хорооноос нь нэг төлөөлөгч сонгосноор 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ИТХ Түр хурлаа хийжээ. Түр хурлаар хотын ИТХ болон хотын захиргааг байгуулж дарга нарыг томилсон байна. Тэр цагаас хойших нэгэн зууны түүхэнд ИТХ-ын үйл ажиллагааны олон дүрэм, журам гарч шинэчлэгдэн боловсронгуй болсон ч 45 төлөөлөгчийн бүтцийг өөрчлөөгүй 102 жилтэйгээ золгож байна.

Улмаар хотын нэрийг өөрчлөх тухай яригдаж эхлэв. Нийслэл хүрээний нэрийг өөрчилье гэсэн саналыг өмнө нь олон хүн гаргаж байжээ. Тухайлбал, А.Амар, Н.Жадамбаа, Маршал Х.Чойбалсан нарын нэр нөлөө бүхий улстөрчид ярилцаж, хэд хэдэн нэрний хувилбар гаргасан. Үүнд Өргөө, Жавхлант, Чандмань, Хасбат, Хатанбаатар, Баатар гэх мэт нэрний хувилбарууд гаргасан нь тухайн үед сонинд хэвлэгдэж  байжээ. Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх сонирхол Монголын нэр нөлөө бүхий улстөрчдөд байсан нь энэ баримтаар тодорхой харагдана.

Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч П.Гэндэн “Нийслэл хот гэж нэрлэе” гэж саналаа хэлсний дараа Элбэгдорж Ринчино, “Нийслэл нь нийслэл, хот нь хот. Яг ямар нэртэй болох юм бэ?” гэж лавлаж асуусан байна.

Төлөөлөгчдөөс Баатар хот гэсэн нэр дэмжигдсэн бөгөөд хурлын протоколд, “Төлөөлөгчид Баатар хот гэсэн санал гаргалаа. Баатар гэж нэр өгөхөөр тогтов” гэж тэмдэглэжээ. Олонхийн саналаар Баатар хот дээр тогтоод байтал Зөвлөлтийн коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар гэж нэрлэе” гэсэн санал хэлэв. Түүний оруулсан уг саналаар санал хураалт явуулахад 77 төлөөлөгч улсынхаа нийслэлийг “Улаанбаатар” гэж нэрлэхийг 100 хувь дэмжсэн байна.

Ингээд Нийслэл хүрээг 1924 оны 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлахаас 2-3-хан цагийн өмнө Улаанбаатар гэж нэрлэх шийдвэр гарсан түүхтэй. Мөн өдөр анхны Үндсэн хуулиа баталж, Улаанбаатар гэх нэрийг Үндсэн хуульдаа оруулан орон даяар тунхаглан зарласан байна.