Өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зохих үр дүнгүүд гарсан. Гэвч гэр хорооллын яндангийн тоо бодитоор буурч, нийт хүн амын дунд орон сууцтай өрхийн эзлэх хувь бодитоор нэмэгдээгүй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар хангах, зорилгоор “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөтөлбөр иргэдийг орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн хүндрэл, төлбөрийн дарамтыг бууруулахын зэрэгцээ орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийг иргэдийн хэрэгцээ, амьдралын чанарт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Мөн төрөөс иргэдийн сарын орлого, төлбөр төлөх чадвартай нь уялдуулсан орон сууцны борлуулалтын төрлүүдийг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийг тэргүүн ээлжинд орон сууцанд хамруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг төрийн оролцоогүй, хүнээс хамааралгүй байхаар, сүүлийн үеийн ухаалаг системээр ил тод нээлттэй зохион байгуулах юм.