Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байж болзошгүй 10 этгээдийг цагдаагийн байгууллагаас  баривчилжээ.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээдүүд нь олон улсын "Melbet" цахим платформыг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулж, нийт 31 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дээрх гэмт хэргийн замаар олсон орлогыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор мөнгө угаасан үйлдлийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хууль бус орлогоор худалдан авалт хийсэн байж болзошгүй, 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлээд байгаа гэв.

Иргэд та бүхнийг цахим орчинд зохион байгуулагдаж буй төлбөрт таавар, бооцоот тоглоомд оролцохгүй байх, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаархлаар өөрийн эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.