Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэв
10 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбоотой асуудлаар Япон Улсын талтай ээлжит цахим уулзалт хийжээ.
Энэхүү уулзалтад Япон Улсын Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсгийн төлөөлөл оролцжээ.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд одоогоор цагдаа, шүүхийн байгууллагын хяналт, шалгалтын шатанд байгаа талаар мэдээлэв. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломж хязгаарлагдмал байна хэмээн онцолсон юм.
Шинжээчдийн баг түймрийн нөлөөлөл, хохирлыг ойн сан, газар ашиглалт, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, усан орчин, агаарын чанар зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр ангилан тооцож, шаардлагатай дээж, сорьц авч лабораторийн шинжилгээ болон нарийвчилсан судалгаа хийсэн талаар танилцуулав.
Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулж, албажуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг талууд дурдлаа.






